УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-д элслээ
МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-д элсжээ.
Түүнд АН-ын гишүүний батлах гардуулж өгсөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ”Өнөөдөр АН бүл нэмж байна. Нам гэдэг бол иргэдийн хүсэл санааны байгууллага бөгөөд олуулаа л болж байвал улам хүчтэй болдог. Энэ удаад УИХ-ын С.Ганбаатар улс төрийн сонголтоо хийж, АН-ын гишүүнээр элсэн батлахаа гардаж авлаа.
С.Ганбаатар гишүүн үргэлж ард иргэдийнхээ, хөдөлмөрчдийн талд байж ирсэн. Түүнчлэн уул уурхайн баялгийн өгөөжийг ард иргэдэд хүргэхээр ажиллаж ирсэн нь ард түмнийхээ талд байдаг манай намын үзэл санаатай ижил юм” хэмээн хэлэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар ”Та биднийг нэгтгэдэг нэг том дайсан байна. Мөн та биднийг нэгтгэдэг нэг эрх ашиг Монголд бий. Уул уурхайн баялаг Монголын ард түмний, төрийн өмч. Оюутолгой, Таван толгой, Эрдэнэт гэсэн уул уурхайн баялаг дээр сандайлж суучихаад ханаж цадахгүйгээр ард түмний ажлын байртай болох, сайхан амьдрах боломжийг хулгайлж байгаа бүлэглэл өнөөдөр эрх барьж байгаа. Энэ уул уурхайн дээрэмчдийг зогсоохгүй бол Монгол орон хүнд байдалд орох нь байна.
МАН-аас бусад бүх улс төрийн хүчнүүд нийлж хамтарч ажиллах шаардлагатай. Үүний тулд би энэхүү сонголтыг хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихсан юм шиг сэрүүн зүүдлээд явж байгаа МАН-ын удирдлагууд аа ард түмний сонголтоор ялалт авчирдаг болохоос биш луйвар, хулгай, дээрмээр ялалтыг авдаггүй юм. Бид хамтдаа ялна” хэмээв.
URL: