С.Эрдэнэ Ардчилсан Намыг төлөөлөх эрхгүй
Энэ сарын 27-ны өдөр хуралдсан Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарын тус тус бүртгүүлэх хүсэлтүүдийг хэлэлцээд намын дүрмээр зохицуулах дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэн хэн хэнийг нь бүртгэхээс татгалзсан.
Үүнтэй зэрэгцэн өмнөх дарга С.Эрдэнэ өөрийгөө даргаар сэргээн бүртгүүлэх хүсэлт гаргасныг нь ч зөвшөөрөөгүй юм байна. Ингэснээр “дараагийн дарга гарч иртэл би Ардчилсан намын дарга хэвээр” хэмээн хэлж явуулж буй түүний аливаа үйл ажиллагаа хууль бус болох нь тодорхой болжээ. Одоогоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сан дахь Ардчилсан намын дарга гэсэн цонх хоосон хэвээр байна.
Мөн С.Эрдэнэ, М.Тулгат нарын талаас Ардчилсан намын Үндсэн дүрмийн болон Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн бүртгүүлэх гэж оролдсоныг дээд шүүхийн шүүгчид хүлээж аваагүй юм. Тиймээс тус намын өмнөх их хурлаар байгуулагдсан Б.Мягмардаш даргатай Үндсэн дүрмийн хороо, И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрх хэвээр бөгөөд тэд л намынхаа удирдлагатай холбоотой үл ойлголцолд тэд цэг тавина гэсэн үг.
Дашрамд дурдахад дээр дурдсан И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хороо нь уламжлалт аргаар намын даргын сонгууль зохион байгуулж 70 мянга гаруй гишүүн саналаа өгснөөс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан. Харин С.Эрдэнэ нарын зохион байгуулсан цахим сонгуульд тэдний мэдээлж буйгаар 30 мянга орчим гишүүн хамрагдаж М.Тулгат олонхын санал авсан гэж буй.
URL: