Индонезийн шумбагч хөлгийг оллоо
Бали арлын орчимд пуужингийн сургуулилт хийж яваад сураггүй алга болсон Индонезийн тэнгисийн цэргийн “KRI Nanggala” хөлөг онгоцыг олжээ. Онгоц хамгийн сүүлд холбоо барьсан газрынхаа ойролцоо гурав хуваагдан живсэн байдалтай байгаа талаар албан ёсны эх сурвалж мэдээллээ. Хөлгийн багийн 53 гишүүн бүгд амь насаа алджээ.
Далайн ёроолд 800 гаруй метрийн гүнд живсэн шумбагч онгоцны дохиог эрэн хайх багийнхан ням гаригийн өглөө авсан гэнэ. Улмаар ослын газарт очсон бөгөөд Сингапурын илгээсэн шумбагч хөлөг живсэн онгоцны хэлтэрхийнүүдийн байршлын талаар визуал зураглалыг гаргажээ. Тэрхүү зургийг та бүхэн харж байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Индонезийн Тэнгисийн цэргийн хүчний командлагч Юдо Моргано өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ ослын газраас зангуу, аврах хантааз зэрэг эд зүйлс олдсон ч багийн 53 гишүүн бүгд амь үрэгдсэн болох нь нотлогдсон гээд гүн эмгэнэл илэрхийлжээ.
Хөлөг онгоц живсэн тохиолдолд дөнгөж гурав хоног хүрэлцэх хүчилтөрөгчийн нөөцтэй гэдгийг өмнө нь хэвлэлүүдэд бичиж байсан билээ.
Ерөнхийлөгч Жако Видодо эмгэнэлт явдалтай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ “KRI Nanggala” хөлгийн багийн гишүүд бүгд мятаршгүй эх орончид байсан гээд, улс даяараа тэдний төлөө гашуудаж байна хэмээн цохон тэмдэглэж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн байна.
“KRI Nanggala” хөлгийг сураггүй алга болсны дараа олон улс Индонезид тусламжийн гараа сунгасан бөгөөд АНУ, Австрали, Энэтхэг, Сингапур, Малайз зэрэг улсууд эрэн хайх ажиллагаанд оролцсон юм.
“KRI Nanggala” онгоц нь 40 жилийн өмнө Германд үйлдвэрлэгдсэн бөгөөд 2012 онд их засварт орж байжээ.
URL: