10 их наядын хөтөлбөр ЗОРИЛГООСОО ХАЗАЙГААД явчихлаа-II

176439546_471032900622075_2140445234037607917_n

Сар гаруйн өмнө таарсан танил бизнесмэн “Tөр засаг нүдтэй юм байна, бизнес эрхлэгчдээ дэмжин олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдана” хэмээн баяртай нь аргагүй яриад өнгөрч билээ. Тэр нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг болох “Ажлын байрыг дэмжих хоёр наядын зээл”-ийн хөтөлбөр байж. Тэрбээр саяхан утсаар залгаад “Танай хэвлэлийнхэн дандаа худлаа мэдээлэл түгээнэ. Тэр олон тэрбумаар олгогдоод байгаа ажлын байрыг дэмжих зээл яг эзэндээ очиж байгаа юм алга. Гэтэл та нар мянга мянган бизнес эрхлэгч улсаас дэмжлэг аваад өндийчихсөн гэх мэтээр мэдээлэх юм. Манай эргэн тойрныхон гурван хувийн зээл авахаар бичиг баримт бүрдүүлсэн ч банкны шалгуур давсан тохиолдох гарсангүй” гээд таслав.

Төрөөс хэрэгжүүлж буй цар тахлын үеийн дэмжлэг жинхэнэ эзэндээ очиж байгаа эсэх өөрөө асар их эргэлзээ дагуулах болсон.

Судалж үзэхэд эдгээрээс хамгийн их нэхэл гомдол дагаж байгаа нь “Ажлын байрыг дэмжих хоёр наядын зээл” гэнэ. Ажлын байрыг дэмжих зээл яг шаардлагатай эзэндээ хүрч байгаа эсэхэд, албаныхан “Арилжааны банкуудад даатгачихсан, ЖДҮ сангийн явдал энэ удаад давтагдахгүй” хэмээн хариулт өгч байгаа. Гэтэл төрөөс шийдвэр гаргахад нөлөөлдөг, нэлээд өндөр түвшинд ажлын байр дэмжих зээлийг “Хэдхэн сарын өмнөөс аж ахуйн нэгжүүдээ зээлээр дэмж” гэж хашгирч эхэлсэн улстөрчдийн лобби байх магадлалтай талаар асуудал дэвшүүлцгээж байна. Утасны үзүүр хөвөрсөөр томоохон компанийн эзэн болон арилжааны банкуудын төлөөлөл УИХ-ын гишүүдэд хүрээд өндөрлөх жишээний. Тиймээс өнгөрсөн Засгийн газрын үед хэрэгжүүлэлгүй судалж байсан хэрэг л дээ. “Ажлын байрыг дэмжих хоёр наядын зээл” жинхэнэ эзэндээ очихгүй байгаа шалтгааныг улс төрийн хүрээний эх сурвалжууд ингэж тайлбарлаж байгаа. Үнэхээр цар тахлын үеийн “Ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээл” олон талаараа муу нэртэй Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлтэй төстэй. Жилийн гурван хувийн хүүтэй буюу манай нөхцөлд нэн хөнгөлөлттэй зээлд тооцогдож байгаа. Мөн гурван жилийн хугацаатай гэх мэт.  Ялгаатай тал нь төрийн сангаас шууд санхүүжүүлэх бус арилжааны банкаар дамжуулан зээл олгож буй. Ингэснээр Банкны тухай хуульд баригдан зээлдэгчдийн нэрийг ил цагаан зарлаж болохгүй байгаа юм. Бизнесийн салбарынхан хаана хамгийн их лобби хийж, мөнгө цацдаг билээ гэдгийг бодох л асуудал.

Ажлын байрыг дэмжих хөнгөлттэй зээл жинхэнэ эзэндээ хүрэхгүй байгаа дараагийн шалтгаан бол арилжааны банкуудын босго. Нэгэнт арилгааны банкууд өөрийн эх үүсвэрээр зээл олгож байгаа учраас хүсэлт гаргасан бүрд зээл олгох боломж хязгаарлагдмал. Яг эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулан банкнаас тавьсан шаардлагыг хангах зээлдэгч ч Монголд ховор. Зээл олголт энэ хоёрын огтлолцол дээр гацчихаад байгаа гэдгийг банкныхан өөрсдөө ч хэлж анхааруулаад буцааж байна. Тухайлбал, төрөөс дарга удирдлагыг нь томилдог Төрийн банк зээлдэгчдэд сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл  чөлөөлөгдсөн байх, барьцаа хөрөнгө зэргийг шаардаж байгаа. Дээр нь бизнесийн онцлогоос хамаарсан шалгуурууд нэмэгдэнэ. Уг нь Төрийн банк сонгуультай уралдан нэг л өдрийн дотор 20 тэрбумыг гаргачихдаг туршлагатай банк шүү дээ. Тэгэхээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” өөрөө цар тахлын үед хэрэгжүүлж буй зорилгоосоо хазайчихаж байгаа юм. Энэ хөтөлбөр зорилгодоо хүрч чадахгүй бол ажилгүйчүүдийн эгнээ тэлнэ гэсэн үг. Тиймээс Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын хөрөнгөөс Зээлийн батлан даалтын санг зузаатгаж энэ хөтөлбөрт ашигласан. Гэтэл арилжааны банкууд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа шалгуур хангаагүй зээдэгчдийн материалыг Зээлийн батлан даалтын санд хүргэлгүй наанаас нь шууд буцааж байгааг төр өөрөө засаж сайруулах шаардлага тулгарч байна. Ингэж байж хамгийн наад талдаа ирэх есдүгээр сарыг хүртэл үргэлжлэх нь тодорхой болсон цар тахлын үед ажлын байраа хадгалах гарц харагдаж байгаа.

Засгийн газрын гишүүдийн мэдэж байгаагаар Монгол Улс цар тахалтай тэмцэх хугацаандаа 60 мянган ажлын байраа зольсон гэдэг. Сангийн сайд Засгийн газар ажлын байраа хамгаалахад хоёр их наядын дэмжлэг үзүүлэхээр болсон шалтгааныг ингэж тайлбарласан байна.  Мөн арилжааны банкуудаар дамжуулан ажлын байрыг хамгаалах хөнгөлөлттэй зээлийн шугам  нээсэн цагаас хойш  563.5 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр 8,092 иргэн, аж ахуйн нэгжид олгосон талаар албан мэдээлэл гарчээ. Үүний нөлөөгөөр 32,082  хүнийг ажилгүйчүүдийн эгнээнд элсэхээс аварсан. Бүр тодруулбал, 1228 аж ахуйн нэгжид 310  тэрбум төгрөг, 6870 иргэнд  253.5 тэрбум төгрөгийн зээл олгосон зэрэг нэлээд нарийн мэдээлэл байна. Үүнээс гадна гурван хувийн хүүтэй зээлэнд хамрагдах 37,430 зээлийн хүсэлт нэмж иржээ. Ийм тооны бизнес дампуурлын ирмэгээс аврагдах хүсэлтэй байна гэж ойлгож болох нь. Өөрөөр хэлбэл, Монголд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдийн тэн хагас нь  ажлаа байраа хамгаалах зээлд хамрагдахаар хүсэлт гаргачихаж. Нийт зээлийн хүсэлтийн үнийн дүн дөрвөн их наяд давчихсан гэх мэт айхтар тоонууд сонсогдож байна. Ерөнхийдөө нөхцөл байдал үүнээс ч муугаар эргэх боломжтой. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хийсэн сүүлийн судалгаагаар бизнес эрхлэгчид 152900 ажлын байраа цомхотгосон. Энэ тоо хагас саяд хүрэх магадлалтайг анхааруулж байсан юм. Засгийн газрын Ажлын байрыг дэмжих зээл нийгмийн захиалга бөгөөд бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлэх шийдвэр байжээ гэдэг нь үүнээс харагдана. Гэхдээ төрөөс олгож буй хөнгөлөлттэй зээл улстөрчдийн халаас бус улс орноо чирч яваа жинхэнэ баялаг бүтээгчиддээ хүрсэн цагт үр дүнгээ өгнө.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL: