“Тоёота” шинэ устөрөгч хөдөлгүүр бүтээж байна
Японы “Toyota Motor” корпорац хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах үзэл баримтлалынхаа хүрээнд устөрөгч хөдөлгүүр бүтээж байна.
Шинэ турбо хөдөлгүүр нь 1.6 л багтаамжтай гурван цилиндртэй байх бөгөөд устөрөгч шатаах замаар ажиллах гэнэ. Ийм хөдөлгүүрийн ажиллах зарчим нь бензин хөдөлгүүрийнхтэй төстэй хэдий ч масло бага зарцуулдаг тул ямар ч хорт хий ялгаруулахгүй. Үүнээс гадна, устөрөгчийг шатаах явц хурдацтай явдаг тул автомашины динамикт эерэгээр нөлөөлдөг байна.
“Тоёота” энэхүү шинэ бүтээлээ ирэх тавдугаар сард Шизүока мужид болох орон нутгийн уралдааны үеэр турших гэнэ.
“Тоёота” компани урд өмнө устөрөгч хөдөлгүүр бүтээж байсан туршлагатай. 2014 онд энэ төрлийн хөдөлгүүр бүхий “Mirai” цувралыг танилцуулж байсан. Гэхдээ зарчмын хувьд энэ загвар цахилгаан мотортой бөгөөд эрчим хүчээ устөрөгч, хүчилтөрөгчийн химийн урвалын дүнд гаргаж авдаг байна. Саяхан Японд хоёр дахь үеийн “Mirai” худалдаанд гарсан ч өндөр өртөг болон устөрөгч түгээх газруудын сүлжээ хөгжөөгүй тул эрэлт бага байгаа аж.
Японы Засгийн газар 2030 он гэхэд бензин, дизель хөдөлгүүртэй автомашинаас бүрэн татгалзах төлөвлөгөөг өнгөрсөн оны сүүлээр баталсан. Энэхүү баримт бичиг орон сууцны барилга, устөрөгчийн эрчим хүч зэрэг 14 салбарыг хамаарч байна. Эл төлөвлөгөө Японы эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж, 2030 он гэхэд 900 тэрбум ам.доллар, дараагийн 20 жилд 1.8 их наяд ам.долларын эдийн засгийн үр ашиг авчирна гэж тооцоолж байна.
URL: