Сураггүй болсон хөлгийн хүчилтөрөгч дуусахад 72 цаг үлдэв
Индонезийн тэнгисийн флотын 53 хүнтэй шумбагч хөлөг Лхагвах гариг (2021.04.21)-т Бали арлын эргээс 100 км зайд сураггүй алга болсон талаар мэдээлсэн юм. “KRI Nanggala-402” нэртэй хөлгийн эрэлд зургаан байлдааны хөлөг, нэг нисдэг тэрэгтэй 400 орчим хүн дайчлагдан ажиллаж байна.
Тус хөлгийн хүчилтөрөгч дуусахад 72 цагийн хугацаа үлдээд байгааг албаны хүмүүс мэдээлжээ. Энэ хугацаанд амжиж хөлгийг олохгүй бол энэхүү хөлөгт байгаа 53 хүний амийг аврах боломжгүй болох аж.
“KRI Nanggala-402” хөлөг төвөөсөө далайн усны гүн рүү шумбах зөвшөөрөл авсныхаа дараа холбоо тасарчээ. Энэхүү хөлөг Индонезийн тэнгисийн флотын таван шумбагчийн нэг юм.
Хөлгийг эрэн хайх ажиллагаанд хөрш Сингапур, Малайз улсууд нэгдэж, өөрсдийн хөлгүүдээ илгээгээд байгаа бол АНУ, Австрали, Франц, Герман зэрэг улсууд мөн туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Үүнтэй төстэй хэрэг хамгийн сүүлд 2017 онд Аргентинд болж байв. Тус улсын 44 хүнтэй шумбагч хөлөг Атлантын далайн өмнөд хэсэгт сураггүй алга болж, жилийн дараа далайн ёроолоос олдсон. Тэрхүү хөлөг дэлбэрэлтийн улмаас живсэн нь хожим тогтоогдож байв.
Эх сурвалж: BBC
URL: