Хувийн эмнэлэгт вакцин хийж эхэлсэн үү ?
Нийслэлд вакцинжуулалт эхэлсэнтэй холбогдуулан хувийн хэвшлийн эмнэлгүүдэд Covid-19-ийн эсрэг вакциныг дунджаар 110 мянган төгрөгөөр хийж байна гэх мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан “Интермед” эмнэлэгтэй холбогдоход “Вакцинжуулалт хийж эхлээгүй. Вакцин хийж эхэлбэл албан ёсоор мэдээлнэ” гэх мэдээлэл өгч байлаа.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Одоогоор хувийн хэвшил дэх тунгийн вакцинжуулалт эхлээгүй” гэсэн тайлбар өгсөн билээ. Фэйсбүүк дэх “Вакцинд хамрагдсан хүмүүсийн групп”-т иргэд “Спутник-V” вакцины хоёрдугаар тунг 110-200.000 мянган төгрөгөөр тариулсан гэх сэтгэгдлүүд хөвөрч байгаа юм.
Одоогоор вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаагүй 500 гаруй мянган иргэн байгаа аж. Шалтгаан нь, “Спутник-V” вакцин хүлээж байгаа хүн цөөнгүй байгааг албаны хүмүүс хэлж байв. “Спутник V” нэг сая тун вакцин авахаар Монголын “Эм импекс” компанитай хийсэн гэрээний дагуу эхний ээлжинд 10000 тунг хүлээн авч байсан бол хоёр дахь ээлж нь энэ долоо хоногт багтаж ирэх юм байна.
URL: