Super Mario 3D World тоглоомоос үнэгүй татсанаас болж цахим халдлаганд өртжээ

Super Mario 3D World тоглоомоос  үнэгүй татсанаас болж цахим халдлаганд өртжээ

Дижитал шилжилтийн эрин буюу өнөө үед интернэтийн хэрэгцээ шаардлагын эрэлт хэрэгцээ ихсэж байна.
Энэ нь хүн төрөлхтний оюун санааны хөгжил дэвшилд сайн хэдий ч нөгөө талд интернэтээр үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтад нөлөөлж буй сөрөг талтай.

Тиймээс ч цахим гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх үүд­нээс сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэж байна.
Цахим ертөнцийн гэмт хэрэг нь ёс бус үйлдэл, сүрдүүлэг, нэр хүндийг гутаан доромжлох зэргээр зогсохгүй цахим шуудангийн луйвар, интернэт залилан, цахим тоглоом татах гэх мэтээр цэцэглэж байгаа юм.
Энэ төрлийн гэмт хэр­гийн хохирогч болж буй хүмүүсийн ихэнх нь сониуч зан, анхаарал болгоомжгүй байдлаасаа болох тохиолдол цөөнгүй гэдгийг мэргэжлийнхэн хэлж, анхааруулдаг.

Тодруулбал, үл мэдэгдэх харилцагч талаас интернет тоглоомыг үнэгүй татахыг санал болгох, хөнгөлөлт урамшуулал, төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шил­жүүлэхийг хүссэн цахим шуу­дан илгээх, азтан болсон гэх нэрийн дор хувийн мэдээллээ оруулах гэх мэт луйврыг аргуудыг хүмүүст илгээж цахим гэмт хэрэг үйлдэх үндэслэлээ тавьдаг байна.

Тухайлбал өчигдөр “$50-ын үнэтэй байдаг Super Mario 3D World тоглоомыг үнэгүй татаарай гэх мэдээлэл гарч ирэхээр нь татаж авсан юм. Гэтэл гэнэт данснаас маань 213 доллар татагдчихсан. Ингээд гайхаад цагдаад, банканд хандсан. Гэтэл банк миний мөнгө Фэйсбүүк компани руу татагдсаныг хэлсэн. Миний фэйсбүүк хаяг сурталчилгаа явуулах эрхтэй. Уг хаягаа шалгатал 1,000 ам.доллароор гурван удаа бүүст хийх тохиргоо хийсэн байсан. Тиймээс бусад хүмүүст гэж хэлэхэд янз бүрийн мэдэхгүй аппликэйшн, тоглоом хамаагүй битгий татаарай, таны цахим аюулгүй байдалд шууд халддаг юм байна” хэмээн цахим гэмт хэргийн хохирогч болсон иргэн ярьж, бусдад сэрэмжлүүлсэн юм.
Иймд интернет орчинд үйлдэгдэж буй цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэг
227 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах

227.1.Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

228 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах

228.1.Компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэсэн буюу борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс


URL: