Коронавирусний тархалтын бурууг зохион байгуулалттайгаар ХӨСҮТ рүү чихэж байна гэв
ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч буй. Тэгвэл Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос уг асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. /2021.04.20/
Мэдээлэлдээ ”Эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд сэвтэх ёсгүй гэж мэдэгдлээ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Өдрөөс өдөрт өвчлөлийн тоо нэмэгдэж, маш хүнд хүн олноор нэмэгдэж, нас баралтын тоо нэмэгдэж байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй хүчин зүтгэж, ажиллаж байна. Энэ үед янз янзын мэдээллүүд сошиалаар их гарч байгаа. Эмч, ажилтнуудын нэр хүнд сэвтээд зогсохгүй, эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд сэвтэж байна. Тийм учраас Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын албанаас ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран хэвлэлийн хурал хийж байна гэв.
Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Ариунаа хэлэхдээ “Хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад, энэ хүнд үед мөрөөрөө ажлаа хийж яваа ажилчдын маань нэр хүндийг сэвтээх үйлдэл хийгдэж байгаа учраас Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо мянга мянган ажилтныхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалж байдаг байгууллагын хувьд өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Бид салбарынхаа ажилчдыг 100 хувь сайн ажиллаж байна. Алдаг мадаг гаргаагүй гэж өмөөрөхгүй ээ. Алдаа гаргасан бол тэр хүнтэй нь хариуцлагыг тооцдог байх хэрэгтэй. Цар тахлын үед нойр хоолгүй бараг 2 жил шахам ажиллаж байгаа салбарын нийт 56 мянган гишүүний сэтгэлзүйг битгий унагаач ээ. Битгий нэр хүндийг нь харлуулаач ээ гэдэг үүднээс мэдээллийг өгч байна.
ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга О.Баатарчулуун хэлэхдээ “ХӨСҮТ дээр Тагнуулын Ерөнхий Газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт нь орсон нь үнэн, ажиллаж байгаа. Хачирхалтай нь шалгалт орсноос хойш удалгүй Livetv гэдэг хуудас дээр ХӨСҮТ-ийн ажилчдыг буруутгасан нэвтрүүлэг гарлаа. Уг нэвтрүүлэг цацагдсанаас хойш хоёр хоногийн хугацаанд ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд маш хүнд нөхцөлд байна. Өчигдөр миний бие энд нэр дурдагдсан эмч, ажилчидтайгаа уулзсан. Үнэхээр энэ хоёр хоногийн хугацаанд бид ажил дээрээ ажлаа хийх ямар ч хүчгүй, тэнхэлгүй болчихлоо, төвлөрч чадахгүй байна. Бид буруу хийх хүмүүс биш гэдгээ уйлаад хэлж байгаа… Шинжилгээний хариуг өөрчлөх ямар ч боломж байхгүй. Цар тахлын тархалтын дэгдэлтийн бурууг улс төрийн зорилготойгоор, зохион байгуулалттайгаар ХӨСҮТ рүү чихэж байна” гэв.
URL: