МАН: Ерөнхийлөгч шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдлөө

МАН: Ерөнхийлөгч шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдлөө

Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан захирамжтай холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан уншиж танилцууллаа.

МЭДЭГДЭЛ /бүрэн эхээрээ/

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирам нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улстөрийн намын тухай болон Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хуулийг зөрчиж байна.

Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөнд халдан, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, ардчиллын үнэт зүйлийг алдагдуулсан үйлдэл юм. Үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй ерөнхийлөгч, Үндсэн хуулийн хүрээнээс хальж, шүүхийг захирамжлан удирдах, улстөрийн намыг тараах бүрэн эрхтэй мэт аяглалаа.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд Төрийн тэргүүний үүргээ биелүүлж, үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хүний эрх эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж ажиллахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байна. Аливаа улстөрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн гэмт үйлдлийн эсрэг нэгдэхийг улстөрийн бусад намуудад уриалж байна.

Монголчууд бид цар тахалтай бүх нийтээрээ тэмцэж байгаа энэ эгзэгтэй үед өдөөн хатгасан, ийм хууль бус, зохион байгуулалттай явуулгад автахгүй байхыг ард иргэддээ уриалж байна. Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.


URL: