В.ПУТИНЫ ШИНЭ ДАЙН

Чечений нэгдүгээр дайн Орос орны тамирыг барж, Ерөнхийлөгч Б.Ельцины нэр хүндийг дотооддоо төдийгүй дэлхий даяар унагасан. Армийн командлагч нь тулалдахаас татгалзаж, улс төрийн хамтрагчид нь түүнийг шүүмжилж,  нэг сар үргэжилнэ гэж тооцоолсон байлдааны ажиллагаа 2 жил сунжирч, босогчдын харгис шийдэмгий хариу тулаанд олон мянган оросын цэргүүд амиа алджээ. 1997 онд Б.Ельцин Чеченид энх тайван тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурж буулт хийлээ. Чеченид нөхөн олговор олгохын зэрэгцээ, дайнд оролцсон босогдчыг өршөөх хууль гаргав. ЗХУ задарснаас хойш хөл толгойгоо алдаад байсан ОХУ-ыг энэ дайн улам гүнзгий хямраасан юм. Ялангуяа цэрэг армид хулгай, авилга дийлдэхээ байж, сахилга бат ихээхэн алдагдаж дотоодод гэмт хэрэг, террорист халдлага гаарч эхэлжээ. Энэ зуур дайнд туйлдсан Оросын гадаад нөлөө улам хумигдаж байлаа. Югаслав задарч хар тэнгис болон балтын тэнгист НАТО хяналтаа тогтоов.


Чечений нэгдүгээр дайн

1999 оны сүүлчээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч В.Путин Чечений хоёрдугаар дайныг эхлүүллээ. Чечений террористууд хөрш дагестаны автонамит мужид халдлага үйлдсэнд буруутгаж өргөн хүрээтэй шийдэмгий дайралт хийв. Энэ удаагийн дайралт урдынхаас эрс өөр байлаа. Оросын арми галаар шуурга дэгдээж Грозныг үнсэн товорго болгов. Фронтоор дайрч, хүүхэд хөгшид гэлтгүй хядав. Өмнөх алдаагаа давталгүй маш харгис, шийдэмгий тулалдсаны хүчинд Оросын арми 2 сарын дотор Чечений дийлэнх хэсэгт хяналтаа тогтоов. 2000 онд Ахмат Кадыров Чечений автонамитын удирдагч болж ОХУ-ын салшгүй хэсэг байх ам өчгөө өгснөөр албан ёсны дайн дуусав. Афганистаны дайнд бүтэлгүйтэж, ЗХУ задарч, зүүн европыг алдаж, чеченүүддээ элэглүүлж бүтэн 20 жил гутамшигт ялагдлыг амссаны эцэст Оросын арми бараг анх удаа ялалт байгууллаа. Энэ ялалтыг авчирсан В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд төвөггүй ялав. Түүний нэр хүнд Орос орон даяар цуурайтаж шинэ цагийн цары хэмээн өргөмжлөгдөв.

2002 онд Чечений террористууд Москва хотын төв театрыг эзэлж олон зуун хүний барьцаалав. Чухам энэ үед  В.Путин “Бид террористуудтай ярилцахгүй, тэднийг хаа байгаа газар нь устгана, жорлондоо байгаа бол жорлонд нь устгаад усыг нь татаж урсгана, гүйцээ” гэсэн алдарт үгээ хэлсэн байдаг. Гурав хоног төлөвлөсний эцэст Оросын тусгай хүчин Ерөнхийлөгчийн тушаалаар театр руу нэвтрэв. Тэд унтуулагч хий агааржуулагчаар шахаж алан хядагч, барьцааны хүмүүсийг хамтад нь мансууруулаад дайралт хийв. Дайралтын улмаас 130 хүн амиа алдсаны дийлэнх нь буудуулж биш хийнд хордон нас барсан юм. Үүнийг олон улсын зүгээс үүнийг маш бүдүүлэг, тэнэг ажиллагаа гэж шүүмжилж байлаа.


Орос гүржийн дайн 2008 он 

Харин В.Путины нэр хүнд улам өссөн юм. Оросууд зөвхөн ялалтанд дуртай. Олон дайн үзэж хатуужсан ард түмний хувьд хэдэн зуун хүн золиод ч хамаагүй ялах нь чухал байдаг бололтой. Удалгүй 2004 онд Ахмат кадыровыг үндсэрхэг босогчид нь дэлбэлж хороов. 2007 онд түүний хүү Разман Кадыров Чечений автонамитын Ерөнхийлөгч болжээ. Дайн дууссан хэдий ч Чечений террорист халдлагууд Орос орны өргөн уудам нутагт 2009 он хүртэл давтамжтайгаар гарсаар байсан. Харин Разман Кадыров энэ бүхнийг харьцангуй цэгцэлж В.Путины итгэлт хүн болоод авсан юм. Гэтэл нөгөө талдаа энэ бүхний хариуд Чечень хаана ч байхгүй дархан эрх эдэлж, автонамит гэгдэх боловч бараг тусгаарлагдсан улс болоод амжив. Оросын мөрдөгчид гэмт хэрэгтнүүд хөөж яваад чечений бүсрүү орж буудуулж алуулсан хэрэг гарахад В.Путин юу ч хэлсэнгүй. Өдгөө чечений газар нутагт Оросууд явж чаддаггүй, Оросоор ярьдаггүй гэдэг. Р.Кадыров наанаа Чеченийг Оросын нэг хэсэг гэх ч цаад талдаа үндсэрхэг бие даасан байдлаа улам бэхжүүлсэн зальтай тоглоомыг амжилттай тоглосоор байна. Сүүлийн жилүүдэд Чечень Оросын аль ч автонамитаас илүү хурдацтай хөгжиж байна. Мөнгөтэй, бяртай болсон Р.Кадыров үе үе том толгойлон Царыг давж ярих боллоо. Хамгийн сүүлд л гэхэд Мянмарын цэргийн эргэлтийг дэмжсэн В.Путины шийдвэрийг эсэргүүцэж “хэрвээ надад эрх нь байсан бол би тэдний дээр цөмийн бөмбөг хаях байсан” гэж хэлсэн байдаг. Товчхондоо Чечений дайн дууссан ч цусан хонзон нь арилаагүй хэвээрээ. В.Путины дараах Орос орныг Чечений асуудал хүлээж байгаа гэдэгт олон судлаачид санал нэгддэг. Р.Кадыров ч В.Путины дараах удирдагчтай хэрхэн харьцахыг тааварлах аргагүй юм.

Олон Улсын судлаачид 2004 оноос хойш ОХУ-ын гадаад нөлөөгөө тэлэх бодлого эрчимжсэн гэж дүгнэдэг. В.Путин ч “ЗХУ задарсан нь 20-р зууны геополитикын хамгийн том сүйрэл болсон” гэсэн үгээрээ гадаад бодлогоо бүрэн илэрхийлсэн билээ. ЗХУ-ын нөлөөний бүсийг сэргээн тогтоох нь түүний тэргүүлэх стратеги бөгөөд Орос орныг урт удаан зангидах гол хөшүүрэг болсоор байна. Оросууд тайван байж, эрүүлээр сэтгэх шаардлаггүй. Тэд зөвхөн ялагч байх, дайснаа дарах, нөлөөгөө тэлэх гэсэн хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй В.Путины суртлаар хөдлөх ёстой. “Хувьсгалын дайсан дуусч болохгүй, хэрвээ дуусвал хувьсгалчид өөрсдөө ард түмний дайсан болж эхэлнэ” гэсэн Берагийн алдарт үг бий. Дайсан төрүүлэх, айдсаар нийгмийг удирдах нь  улс төрчдийн эрх мэдлээ удаан хадгалах шилдэг арга байсаар ирсэн.  Яг ийм аргаар В.Путины он удаан жилийн ноёрхол оршин тогтносоор ирсэн бөгөөд түүний явуулсан цэргийн ажиллагааны дараа рейтинг нь үргэлж өсдөг нь хэдийн зүй тогтол болжээ. Тэрээр Чечений хоёрдугаар дайнд ялалт байгуулж анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Д.Медведивийн дараа дахин 2012 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход Гүржийн эсрэг 5 өдрийн дайн чухал үүрэг гүйцэтгэсэн. 2013 онд өрнөсөн “Путин Ухади” хөдөлгөөний үеэр түүний нэр хүнд түүхэн хамгийн доод цэгтээ хүрээд байсан бол нэг жилийн дараа Крымийн хойгийг эзлээд л 86 хувийн рейтингтэй болсон байв. Өдгөө С.Навальныний хэрэг, цар тахал, Европын хориг зэрэг олон асуудлаас үүдэж түүний нэр хүнд унаад байгаа. Түүний нэр хүндийг өсгөж, Оросын ялгуулсан алдрыг бататгах ажиллагааны бай Украйн болох магадлал тун өндөр байна. Гэхдээ В.Путин зөвхөн нэр хүнд, сонгуулийн амжилтын төлөө дайн өдөөдөг гэвэл хэт өрөөсгөл ойлголт болно. Энд хэд хэдэн зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй юм.


Хар тэнгис, Ойрхи дорнод дахь ОХУ-ын нөлөөний бүсийн тэлэлт

Нэгдүгээрт. В.Путины явуулсан дайн 2000, 2008, 2014 гэсэн дарааллаар буюу 6-8 жилийн давтамжтай байна. Крымийн булаан эзлэлтээс хойш 7 жил өнгөрчээ. 2024 онд түүний дахин сонгогдох хөшүүрэг Луганск, Донецкь болох магадлал улам өссөөр. Дайн болгоны дараа хийсэн социологийн судалгаагаар түүний рейтинг 60-80 хувьтай байдаг гэсэн албан бус статистик бий.

Хоёрдугаарт. 2008 оны Гүржийн дайнд Оросууд маш богино хугацаанд үр дүнтэй дайрсан нь эртнээс бэлтгэгдсэн ажиллагаа байсан гэж ажиглагчид тайлбарладаг. Гүржийн Ерөнхийлөгч М.Саакашвили АНУ, НАТО-гийн хамгаалтанд хэт найдаж өмнөд Осетруу цэргээ оруулж нь маш том алдаа гаргасан гэдэг. Гэвч үнэндээ Оросууд тохиромжтой цагийг л хүлээсэн төдий болох нь өдгөө нотлогдож байгаа юм.

Гуравдугаарт. Украйнаас крымийн хойгийг өөртөө нэтгэснээр Оросууд Турк, НАТО-г шинэ стратеги бодоход хүргэсэн. Украйны хямрал эрт оройгүй болох нь тодорхой байсныг нэрт судлаач Ф.Фукуяама “Улс төрийн тогтолцооны сурвалж” бүтээлдээ маш тодорхой бичсэн байдаг. Харин энэ хямралд урдаас маш сайн бэлтгэлтэй байсан нь ОХУ. Тэд Крымийг багахан хүч зарж эзлээд Донабасын салан тусгаарлагчдыг дэмжих болсон. Ийм алхам хийнэ гэдгийг НАТО тооцолж чадалгүй алдсан. Хар тэнгист Оросын нөлөө тогтвол НАТО-гын стратегид том цохилт болно. Тийм учраас Украйнд НАТО, АНУ онцгой анхаарч байгаа. Гэсэн хэдий ч Оростой шууд тулгарах замыг тэд сонгох эсэх нь эргэлзээтэй. Тэнгисийн өмнө талд Туркууд Оростой муудалцахыг хүсэхгүй. Хаяанд нь дайнд дэгдвэл тэд төвийг сахих нь бараг боломжгүй зүйл. Р.Эрдагон АНУ-ын хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд улам л муудсаар байгаа. Энэ мэтээр АНУ, НАТО-д бодох асуудлууд бий. Харин Оросын хувьд богино хугацаанд Луганск, Донецкийг крым шиг  эзэлж, хориглон хамгаалах төлөвлөгөө нь бэлэн. Тийм учраас л Украйнчууд НАТО-гийн дэмжлэгт найдаж өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа эхэлбэл дараагийн Гүрж болох магадлал өндөр байгаа юм.

Дөрөвдүгээрт. Гүрж, Крым, Донабас, Луганск зэрэг ажиллагаа нь хуучны асуудал Чечень, Дагестаний хаяанд өрнөөд байгаа нь тохиолдол биш. В.Путин дотоодын эмзэг байрлалд цэргийн хүчээ зузаатгаж, хяналтаа бэхжүүлэхийн зэрэгцээ, Европ, ойрхи дорнодыг чиглэсэн түрэлтээ амжилттай урагшлуулсаар байна.

Тавдугаарт. В.Путин жирийн нэг дайны хэнээтэн биш. Түүний дайн эдийн засаг, улс төрийн хувьд ашигтай байсаар иржээ. Ялангуяа аливаа дайны үеэр газрын тосны нийлүүлэлт хомсдож үнэ өсдөг нь түүхий эд дээр тулгуурласан ОХУ-ын эдийн засагт эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. Өдгөө ОХУ нь Европын холбооны хоригт орж амаргүй сорилтыг туулж явна. Түүний эдийн засаг, улс төрийн бодлого ч амаргүй сорилтод ороод байгаа энэ үед шинэ дайн ач тусаа өгөх магадлалтай. Донецкь, Луганск бол ээлжээ хүлээж буй улс төрийн тоглоом. Нэг дор хоёуланг нь уу? давтамжийн дагуу дарааллаар нь уу? гэдэг л сонин байна.

Г.Мөнхсүх

UBN.mn


URL: