Харуулын даргаа буудаж хөнөөсөн цэргүүд зугтжээ
Өчигдөр орой Говь-Алтай аймагт хүний амь хөнөөсөн хэрэг гарсан байна. Тодруулбал Говь-Алтай аймгийн Алтай сум хилийн цэргийн 0214-р ангийн 4-р заставын харуулын үүрэг гүйцэтгэгчийг хоёр цэрэг буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан аж.
Хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын байлдагч, Ховд аймгийн Чандмань суманд суух О.Х, Орхон аймаг Баян-Өндөр 15-р багт суух Т.М нар Чандмань богд хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа харуулын дарга, Ховд аймаг Буянт сум 5-р багт суух З.Гэрэлт-Одыг АКМмаркийн галт зэвсгээр цээжин тус газарт 3 удаа буудаж амь насыг нь хохироожээ.
Хэргийг үйлдсэн цэргүүд 19 настай бөгөөд тэд хэргийг үйлдээд Хурд нэртэй улсын дугааргүй мотоциклтой зугтаасан аж.
Хэргийн газраас эд мөрийн баримтаар АКМ галт зэвсэг 2ш, сум 47ш авсан байна. Одоогоор уг хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
Дашрамд мэдээлэхэд, тус ангийн алба хаагч энэ оны хоёрдугаар сард өөрийгөө боомилон амиа хорлож байсан юм. Ингэхдээ талийгаач буудлагын талбайд өөрийгөө боосон.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
URL: