МҮОНРТ-д хууль бус томилгоо, халаа сэлгээ эхэлжээ

МҮОНРТ-д хууль бус томилгоо, халаа сэлгээ эхэлжээ

МҮОНРТ-ийн хэсэг уран бүтээлчид, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гэх хүмүүс өнгөрсөн намраас байгууллагынхаа удирдлагуудын эсрэг бослого тэмцэл өрнүүлээд хэсэг хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тус байгууллагын Үндэсний зөвлөл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг 2020 оны 12 дугаар сарын 22-нд сонгон шалгаруулж, томилсон.

Гэтэл удалгүй нөгөөх л хэсэг бүлэг хүмүүст таалагдаагүйн улмаас Үндэсний зөвлөл нь сар хүрэхгүй хугацаанд ажилласан Н.Дэмбэрэлийг ажлаас чөлөөлсөн юм. Нэгэнт л Н.Дэмбэрэлийг Ерөнхий захирлын ажлаас чөлөөлсөн тул дахин сонгон шалгаруулалт зарлаж А.Бүрэнбаатарыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилоод байгаа билээ.

Харин Н.Дэмбэрэл ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн шүүхэд хандаж, анхан шатны шүүхээс түүний гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзсэн дүгнэлтийг 2021 оны 04 дөрөвдүгээр сарын 02-нд гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тэр өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь яаралтай хуралдаж тус байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгарыг шинэчлэн баталсан байна.

Энэхүү шинээр яаран сандран баталсан бүтцийнхээ дагуу дөрөвдүгээр сарын 06-ны өдөр МҮОНРТ-ийн Тамгын газрын даргаар “гаалийн” хэмээх тодотголтой Б.Даваажавыг томилон, дараа дараагийнхаа халаа сэлгээний ажилд шуударчээ. Үүнтэй зэрэгцэн 2021 оны гуравдугаар сарын 05-ны өдөр болсон МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулалт хууль бус болсон талаар нэр дэвшигчдээс АТГ-т гомдол ирсний дагуу шалгалт орсон гэнэ.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан, АТГ-аас тус байгууллагын Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын талаарх гомдлыг шалгаж байх хугацаанд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь яаран сандран шинэ бүтэц баталж, халаа сэлгээ хийж эхэлсэн нь юуны учир вэ. Зүй нь дээрх гомдол, маргаан эцэслэн шийдэх хүртэл тус байгууллагын Ерөнхий захирлын тушаал шийдвэр гаргах эрх үүргийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, алдаа дутагдал гаргах, ажилтнуудын эрх ашиг цаашлаад сонсогч, үзэгчдийн эрх ашиг хохирохоос сэргийлэх хэрэгтэй бус уу. Түүнчлэн байгууллагынхаа удирдлагын эсрэг “матрын нулимс” унагааж, дарга нартайгаа тэмцээд байсан хамт олны зөвлөл, Үйлдвэрчний эвлэл гэх тодотголтой хүмүүс нь яг энэ нөхцөлд хаана байна вэ??


URL: