Гуантанамогийн хамгийн нууцын зэрэглэлтэй объектыг хаажээ
ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Зэвсэгт хүчний Өмнөд командлал Гуантанамогийн шоронгийн хамгийн нууцын зэрэглэлтэй объектуудын нэгд тооцогддог “7-р лагерь”-ийн бүх хоригдлыг өөр хэсэг рүү шилжүүлснээ мэдээлжээ.
“Платинум кэмп” гэж бас нэрлэдэг “7-р лагерь”-ийг 2006 онд байгуулснаас нь хойш 2 жилийн турш маш нууц байлгаж байжээ. Нууц шорон байдаг нь ил болох үед сэтгүүлчид тэнд орох хориотой байв. “7-р лагерь”-т Америкийн эрх баригчдын үзэж байгаагаар хамгийн аюултай хоригдлуудыг онцгой хатуу дэглэмийн нөхцөлд хорьж байсан байна.
Өмнөд командлалын мэдэгдэлд дурдсанаар, “7-р лагерь”-ийн хоригдлуудыг зэргэлдээ орших “5-р лагерь” руу шилжүүлсэн бөгөөд одоо бүх 40 хоригдлыг бүгдийг нь гурван объектоос хоёр объектод шилжүүлжээ”.
Эдгээр өөрчлөлт нь “шоронгийн ажилтнуудын аюулгүй байдлыг алдагдуулахгүй бөгөөд хоригдлуудыг хорих одоогийн нөхцөлийг зөрчөөгүй” гэж мэдэгдэлд дурджээ. “7-р хорих лагерь”-т хэдэн хүн хоригдож байсныг командлал мэдээлээгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Гуантанамо дахь тусгай шоронг хаахаар төлөвлөж байгааг Цагаан ордон урьд нь нотолсон юм. Терроризмын гэмт хэрэгт буруутгагдсан хүмүүст зориулсан уг шоронг 2002 онд Кубын Гуантанамогийн буланд байрлах АНУ-ын цэргийн бааз дээр байгуулсан билээ. 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлага энэ шоронг байгуулахад нөлөөлсөн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: