Д.Жигжиднямаагийн оронд Г.Сэрээнэндоржийг “УБТЗ”-ын даргаар томилох саналыг Оросын талд тавилаа

712-16169723513-29-6Д.ЖИГЖИДНЯМАА: ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЛОО

2021.2.8. “УБТЗ”-ын дарга Д.Жигжиднямаа Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” ХНН, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт бичгээр өргөдөл гаргажээ. Тэрээр өргөдөлдөө “Дамдинсүрэнгийн Жигжиднямаа би тус нийгэмлэгийн зөвлөлийн шийдвэрээр 2016 оны аравдугаар сарын 1-нээс УБТЗ-ын даргын үүргийг биелүүлж ирсэн. Миний бие 2020 оны арваннэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас ХБНГУ-д эмчилгээнд хамрагдаж, эмчилгээ цаашид үргэлжлэх шаардлагатай болсон. Үүний улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй боллоо. Иймд миний хүсэлтийг хүлээн авч УБТЗ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү”  гэжээ.
Ж.БАТ-ЭРДЭНЭ: “УБТЗ”-ЫН ДАРГААР Г.СЭРЭЭНЭНДОРЖИЙГ ТОМИЛОХЫГ ОЙРЫН ҮЕД ХЭЛЭЛЦЭХИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
2021.2.22. ЗТХ-ийн дэд сайд, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Ж.Бат-Эрдэнэ “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Ороссын төмөр зам” НХН-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Сергей Алексеевич Павловт албан бичиг илгээжээ. Тэрээр “Хүндэт Сергей Алексеевич, хувь нийлүүлсэн  “УБТЗ”-ын даргаар Монголын талаас томилогдсон Д.Жигжиднямаагийн өргөдлийг хүлээж авлаа.  Тэрээр эрүүл мэндийн хувьд гэнэтийн хүнд өвчин илэрч, удаан хугацааны эмчилгээний журмыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна. Тиймээс цаашид ажил хариуцах боломжгүй болсноо мэдэгдлээ.
Нийгэмлэгийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны Монголын талаас “УБТЗ”-ын даргаар Г.Сэрээнэндоржийг санал болгож байна. Нэр дэвшигч нь төмөр замын тээврийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх мэргэжлийн ур чадвар, Монголын талаас өмнө нь томилогдон удирдаж байсан ажлын томоохон туршлагатайг тэмдэглэхийг хүсч байна.
Ойрын үед хамтарсан уулзалт зохион байгуулж, энэ талаар хэлэлцэхийг санал болгож байна.
Гурван хуудас бүхий УБТЗ-ын даргын өргөдөл, зорилт, нэр дэвшигчийн мэдээллийг хавсаргасан болно” гэх агуулга бүхий бичиг илгээжээ.
З.ДАШДАВАА: Г.СЭРЭЭНЭНДОРЖИЙГ ТОМИЛОХОД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСЭХ БАЙДАЛ ОДООГООР ТОГТООГДООГҮЙ
2021.2.26. АТГ-ын дарга З.Дашдаваа Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичгийг ЗТХЯ-ны дэд сайд, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Ж.Бат-Эрдэнэд илгээжээ. Үүнд “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргаар томилогдохоор нэр дэвшсэн Гомбосүрэнгийн Сэрээнэндоржийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй байна. Нэр дэвшигч нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байх, мөн хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахыг анхаарна уу” гэжээ.
“УБТЗ”-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Г.СЭРЭЭНЭНДОРЖИЙН ТОВЧ НАМТАР
Гомбосүрэнгийн Сэрээнэндорж нь 1963 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төржээ. 1971-1981 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн дунд сургуулийг төгсч, 1987 онд ЗХУ-ын (тэр үеийн нэрээр) Ленинград хотын Төмөр замын дээд сургуулийг автоматик, телемеханик, холбооны инженер, 1994онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг бизнес удирдлага, мэргэжлээр тус тус дүүргэжээ.
1987-1992 онд Сайншанд дахь Дохиолол холбооны гуравдугаар ангид монтероор эхэлж, механик, ахлах инженер, орлогч даргаар, 1992-1995 он Улаанбаатар дахь Дохиолол холбооны хоёрдугаар ангид хэсгийн ахлах инженер, орлогч даргаар, 1995-2005 онд Дохиолол холбооны албаны ахлах инженер, Дохиолол холбоо, эрчим хүчний албаны ерөнхий инженер, даргаар, 2005-2012 оноос “УБТЗ”-ын Ерөнхий инженер, 2012-2014 онд “УБТЗ”-ын ерөнхий инженер-дарга, 2014-2016 онд “УБТЗ”-ын Ерөнхий инженер, 2017 оноос хойш “УБТЗ”-ын Судалгаа шинжилгээ, технологийн төвийн инженерээр ажиллаж байна. Орос, англи хэлтэй.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: