COVID-19 ба бүх нийтийн өмнө тулгарсан шинэ сорилтууд

6a8a6a6edc22a900great

Дэлхий нийтийг хамар­сан COVID-19 цар тахал хүн төрөлхтний өмнө шинэ сорилт болж байна. Цар тахлын нөлөөгөөр улс орны нийгэм эдийн засагт огцом савалгаа үүсч, амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөж байгааг өнгөрсөн нэг жилийн хугацаа харууллаа.

Улс орнуудын цар тахлыг хумих үндсэн бодлого болох хатуу хөл хорио гэр бүлдээ цаг зав зарцуулах, өөрийгөө хөгжүүлэх давуу талыг бий болгож байгаа ч нөгөө талаас улс орон болон аж ахуйн нэгж, өрхийн эдийн засаг хямарч, тэр хэрээр пандемик депресс бий болсныг эрүүл мэндийн байгууллагууд онцолж бай­на. Мөн цар тахалтай тэм­цэх нэрийдлээр  хү­ний эрхийг боомилох, бо­ловс­ролын салбарт “цонх” үе бий бол­гож байгааг ч судал­­гаа харуул­лаа. Түүнч­лэн хөл хорионы урш­­гаар иргэд дасгал хөдөл­­гөөний дутагдалд орсноос илүүдэл жин хэт тар­галс­наас зүрх судас, даралт ихэсч тархины цус харвалт, хавдрын өвчлөл эрс нэмэг­дэж байгаад ний­тээ­рээ са­наа зовниж эхэл­лээ. COVID-19 олон нийтийг мэдэх эрхээр хангаж, тас­ралт­гүй мэдээ мэдээлэл хүр­гэ­дэг дөрөв дэх засаглал эх сурвалжийн хомсдолд орсноос хуурамч мэдээлэл тархаж буйг экспертүүд онцолж байна.
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ “ЧӨДӨРЛӨСӨН” ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ 
COVID-19 цар тахлын хямралын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 1990-ээд оны шилжилтийн үеэс хойшх хамгийн хүнд уналттай тулгарч байгааг Дэлхийн банк тоймлолоо. МҮХАҮТ 3500 гаруй аж ахуйн нэгжээс хатуу хөл хорио бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа авахад салбар бүрт 90 хүртэлх хувиар нөлөөлснөөс улсын эдийн засаг өдрийн 60 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Манай улсад 140-өөд мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар 34 мянга болон “унаж” тал нь дампуурсан. Нийт 140 мянган компаниас 92 мянга нь Х тайлан ирүүлсэн. Дампуурсан 30-аад мянган компанийн цаана хамгийн багадаа 250-400-гаад мянган хүн ажилгүй, орлогогүй болсон гэсэн судалгаа гарчээ. Дэлхийн банк Монголын эдийн засаг 2021-2022 онд дунджаар тав орчим хувиар өсөх боломжтой. Энэ нь уул уурхайн  хөрөнгө оруулалтаас хамаарахыг тэмдэглэлээ. Засгийн газраас эдийн засгийг дэмжих тусламжийн багцуудыг удаа дараа гаргасан бол хамгийн сүүлд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлав.
ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ЭДИЙН ЗАСГАА МӨНГӨӨР  ДЭМЖИХ ЦАГ БОЛСОН
-Цар тахлын үед улс орон бүр өөрийн гэсэн эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.  Засгийн газар эдийн засаг, эрүүл мэндийн салбарыг сэргээх 10 их наядын хөтөлбөрийг танилцууллаа.  Зарчмын хувьд дэмжиж үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Эдийн засгаа зөв сувгаар, мөнгөөр сэлбэх цаг болсон.  Ялангуяа, ЖДҮ-ийн зээл, бизнес эрхлэгчдийг, ажлын байрны дэмжлэг өрхийн санхүүгийн асуудлыг, томоохон төсөл  хөтөлбөр улс орны санхүүг дэмжинэ. Тиймээс эдийн засагчийн хувьд дэмжиж, хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах асуудалд анхаарч байна. Гадаад орчин ч бидний эсрэг биш байх бололтой. Бидний бодлого, шийдвэр зөв байж цар тахлын эсрэг, эдийн засгийг дэмжих тал дээр зөв ажиллаж чадвал 4.5-5 хувийн эдийн засгийн өсөлт гарах боломж хангалттай бий. Үүн дээр төсвийн, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ, АМЬД ЯВАХ ЭРХИЙГ Ч ХЯЗГААРЛАВ 
Хатуу чанга хөл хориогоор далимдуулж хүний эрхийг уландаа гишгэх, ялгаварлан гадуурхах үйлдэл гарч байгааг олон улсад анхааруулсаар байна. Манай улсад ч гэсэн хатуу хөл хориогоор далимдуулж хүний эрх зөрчсөн үйлдэл цөөнгүй гарсан.
Тухайлбал, дотоодод  цар тахал анх илрэхэд төрийн байгууллага халдвар авсан иргэний нэр, зураг, регистрийн дугаар бүхий хувийн мэдээллийг нийтэд “цацсан”. Халдваргүй нь батлагдаад тусгаарлалтаас гарч ирсэн хүүхдүүдийг орцныхон нь гэрт нь оруулахгүй гадуурхаж өвлийн хүйтэнд хэдэн цаг гадаа зогсоосон.
Орон нутгаас ирсэн иргэд төрийн хоёр өөр шийдвэр, алба хаагчдын нэгдсэн ойлголт зохион байгуулалтгүйгээс 22-ын товчоон дээр нас барсан. Гэрийн ажиглалтын үеэр хаалган дээр нь тэмдэг наасан. Коронавирусын халдвар авсан гэх нэрийдлээр дөнгөж амаржсан нялх биетэй эмэгтэйг гадуур хувцасгүй, гэрийн углааштай тусгаарлах байр руу зөөвөрлөсөн дүр зураг монголчуудын бухимдлыг дээд цэгт нь хүргэж, эцэст нь Засгийн газар, УОК хариуцлага хүлээж огцорсон юм.
ХЭҮК-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБОЛД: ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨНӨӨ ОЙЛГОХГҮЙ УЛАМ ХОХИРОХ ХАНДЛАГА БАЙСААР БАЙНА
-Сар хүрэхгүй хугацаанд цар тахалтай холбоотой 69 гомдол ирж байсан. Үүнээс хатуу хөл хорионы үеэр хүний эрх хэрхэн зөрчигдсөнийг харж болно. Гадаадад гацсан болон хоол хүнсээр дутагдаж байгаа гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлсэн. Энэ жил дэлхий нийтээр шинэ сорилт, хатуухан шалгалтыг даван туулж байгаа тул олон улсын хүний эрхийн өдрийг “Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэлээ. Цар тахлын хатуу хөл хорионоос болж яагаад хүний амь нас хохирч, хувийн мэдээлэл ил цацагдах болов, хүмүүс ялгаварлагдахад хүрэв гэхчилэн олон зүйлд анхаарах шаардлага тулгарсан.
Хүний эрхийн боловсрол харьцангуй дээшилсэн ч хүний эрхийн зөрчил гэдгийг амь нас хохирох, зодох, эд хөрөнгийг нь хулгайлах зэрэг ноцтой хэлбэрээр төсөөлсөөр байна. Өөрөөр хэлбэл, эрх нь зөрчигдсөнөө ойлгохгүй байсаар улам хохирдог хандлага байна.
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ”ЦОНХ” ҮЕ БИЙ БОЛГОЛОО
Цар тахлаас болж дэлхий дахинд тэрбум гаруй хүүхэд сургуульд явж чадаагүй. Манай улсад  цэцэрлэг болон сургуулийн насны 903 мянган хүүхэд теле хичээлд хамрагдаж байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас судалж, хоёр шатны үнэлгээгээ танилцуулахад сурагчдын 46.8 хувь нь байнга, 30.52 хувь нь заримдаа үздэг буюу сурагчдын 53 хувь нь теле хичээлээ тогтмол үзээгүй. Ерөнхий дүнгээр нь харвал теле хичээл сурагчдын сонирхлыг татахуйц хэлбэрээр явагдаж чадаагүй. Малчин айлын болон эмзэг бүлгийн хүүхдүүд теле хичээл үзэх боломж хомс. Сурагчдын 57 хувь нь теле хичээлийн хурд болон ойлгомжтой байдлыг тааруухан буюу “чанаргүй” гэж хариулсан байна. Хотын дөрөв, хөдөөний гурван хүүхэд тутмын тус бүр нэг хүүхдийн багш болон сургууль өрхтэй нь огт холбоо бариагүй. Гурван өрх тутмын нэг нь интернэт холболтгүй. Эндээс харвал хүүхдүүд COVID-19 цар тахлаас үүдэн хөл хоригдож буй энэ хугацаа боловсролын салбарын чанар хүртээмжийг хумьж боловсрол тааруу “цонх” үе бий болгож буйг шинжээчид тэмдэглэж эхэллээ.
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН СЕКТОРЫН ЭРХЛЭГЧ А.ЭНХТОГТОХ:  XXI ЗУУНД ЗӨӨЛӨН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
-Өндөр хөгжсөн орнууд цахим платформоо ашиглаад хүүхдүүдэд мэдээлэл өгөх жишээтэй. Улсын хэмжээнд нэгдсэн цахим хичээлийг хөгжүүлэх платформ байхгүй,  янз бүрийн цахим технологиудыг ашиглаад хүргэе гэхээр түүнийг нь  ашиглах чадвартай багш, эцэг эх, суралцагч алга. Дэлхий нийтийн чиг хандлага бүх суралцагч цахим технологи ашиглаж сурах чиглэл рүү явж байна. Тиймээс одооноос багш нараа бэлтгээд, цахим технологийн хөгжүүлэлтээ хийх шаардлагатайг ойлгууллаа. XXI зуунд дэлхийн улс орнууд хүнд зайлшгүй хөгжүүлбэл зохих ёстой ур чадвар  болох харилцааны, багаар ажиллах, мэдээлэл харилцаа холбооны технологид суралцсан байх гэсэн  чадварыг хөгжүүлэхэд илүү их ач холбогдол өгч байна.  Бид цаашдаа XXI зуунд зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд онцолж анхаарах шаардлагатай.
ШИНЭ ТАХАЛ ПАНДЕМИК СТРЕСС
Цар тахлын нөлөөгөөр хүн төрөлхтний санааг зовоосон бас нэгэн томоохон бэрхшээл нь хөл хорионы үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал болов. Хатуу хөл хорионы улмаас дэлхий нийтэд пандемик стресс гэсэн нэршил бий боллоо. Цар тахлаас  болж дэлхийд 300 сая хүн сэтгэл гутралаар шаналж байна гэсэн статистик бий. Олон сар, жилээр хөл хорионд байгаа иргэд стрессээ тайлж чадаагүйгээс сэтгэл гутралд орох, амиа хорлох, цаашлаад гэмт хэрэг үйлдэх шалтгаан болж байгааг олон улсад тэмдэглэлээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улсын хэмжээнд интернэт хэрэглэдэг 2656300 хүнийг төлөөлж чадахуйц 3840 иргэнийг хамруулахад цар тахал ажил, амьдралд их нөлөөлсөн гэж 38.1 хувь нь хариулсан бол  32 хувь нь их, 27 хувь нь бага, хоёр хувь нь үгүй гэсэн байна. Хөл хорионы өдрүүдэд цахим орчин, дэлгэцэнд их цаг хугацааг зарцуулж байгаа дүр зураг харагдаж байна. Тодруулбал, 33 хувь нь өдөрт зургаагаас дээш цагийг дэлгэцэнд зарцуулж байна гэсэн бол 52 хувь нь 2-6 цаг, 15 хувь нь хоёроос бага цаг зарцуулжээ. Мөн сэтгэл гутрал 22.1 хувь буюу 957 хүн, амиа хорлох бодол 23.1 хувь буюу 1002, сэтгэл түгшилт 20.5 хувь 888, нойргүйдэл 23.3 хувь 1009 хүн байна.
СЭМҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН Б.НАЦАГСҮРЭН:  ЦАХИМ ОРЧНЫГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЕ
-Сэтгэл гутралын үед сэтгэл санаагаар унах, сөрөг бодолд автах, тамир тэнхээгүй болсон мэт санагдах, сэдэл тэмүүлэлгүй болох, нойргүйдэл, нийгмийн идэвх сонирхол буурах гэсэн шинж тэмдэг илэрдэг. Сэтгэл санаагаар унах, сэтгэл гутрал үүсэхэд удамшил, нас, хүйс, гэр бүлийн байдал, ажилгүйдэл, эдийн засгийн байдал гэсэн нийгмийн хүчин зүйл нөлөөлдөг.
Тиймээс иргэд коронавирусын  халдварын талаарх мэдээллийг баттай эх сурвалжаас авч, дүгнэлт хийх, цахим орчныг зүй зохистой хэрэглэж сэтгэл зүйгээ тайван байлгах хэрэгтэй. Стрессийг даван туулахдаа ашиглаж байсан өөрийн аргаа дахин хэрэглэх эсвэл шинэ аргуудыг хайж, хэрэглэж өөртөө дадал болгоорой. Бухимдлаа тайлж, зохицуулахгүй удаан хугацаанд байх нь стрессийн шалтгаант сэтгэцийн болон биеийн эмгэгээр өвдөх эрсдэлт хүчин зүйл болдог.
ЭРҮҮЛ МЭНД-ТАРГАЛАЛТ
Цар тахлын хатуу хөл хорионы үед таргалалт тэр тусмаа хүүхэд, залуусын дундах таргалалт хүн төрөлхтний санааг зовоосон асуудлын нэг болжээ. Манай улсад ч гэсэн таргалалт нэмэгдсээр байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас хийсэн судалгааны дүн харуулна.
ДЭМБ-ын судалгаагаар манай улсын 15-64 насны хүн амын 42.7 хувь нь илүүдэл жинтэй байсан бол жил ирэх тусам нэмэгдэж 54-60 хүртэл хувь болж огцом өссөн байна. Өнгөрсөн 40 жилд дэлхий дахинд 5-19 насны тарган хүүхэд, залуусын 10 дахин нэмэгдсэн. 2022 он гэхэд хэт таргалалттай хүүхэд, залуусын тоо дунд зэргийн болон хэт туранхай хүний тооноос давах болно гэсэн судалгааны дүн гарсан байна. Манай улсын хувьд ч гэсэн таргалалт сэтгэл түгшээх хурцадмал асуудлын нэг болоод буй юм. НҮБ-ын судалгаагаар таргалалт, хэт таргалалтын хувьд Монгол Улс Азидаа тэргүүлж байгааг онцолсон билээ.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ИХ ЭМЧ С.СОЛОНГО: ТАРГАЛАЛТААС БОЛЖ ЗҮРХ СУДАС, ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭЖ БАЙНА
-Таргалалт амьдралын хэвшил, хооллолт, хөдөлгөөн, сэтгэл санааны байдал, хорт зуршлаас шууд шалтгаалдаг. Жингийн илүүдэл хүн төрөлхтний нас баралтын үндсэн шалтгаан болдог халдварт бус өвчний гол шалтгаан юм. Хатуу хөл хорионоос шалтгаалсан хөдөлгөөн дутагдаж хэт таргалснаас болж зүрх судас, даралт ихсэх өвчлөл нэмэгдэж байна. Мөн жингийн илүүдлээс болж даралт ихэсч тархины цус харвалт, хавдар гэх мэт өвчнөөр өвдөх нь эрс нэмэгдсэн. Тэр дундаа чихрийн шижин өвчний үндсэн шалтгаан нь хөдөлгөөний дутагдал, таргалалт болж байна. Чихрийн шижин өвчний хүндрэлээс болж бөөрний дутагдал, хараагүй болох цус харвалт, зүрхний шигдээс, хөл, гар эрхтэн тайруулах харамсалтай явдал их гарч байна. Хөдөлгөөний хомсдол, хоол тэжээлийн буруу хэрэглээ, генетикийн хүчин зүйлс 70-80 хувь нь таргалалтад нөлөөлдөг бол хоол идэх дуршил, хүрээлэн буй орчин, зарим эмнэл зүйн нөлөө  болох бамбай булчирхайн өөрчлөлт, өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, зарим генетикийн өвчин, гипоталамус булчирхайн гэмтлээс таргалалт үүсгэдэг.
ЭХ СУРВАЛЖ ХОМСДОЖ ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХЭНД ХАЛДАВ
Цар тахлын дэглэм дэлхий нийтэд онцгой нөхцөл байдал үүсгэсний нэг нь хэвлэл мэдээллийн салбар буюу иргэдийн мэдэх эрх байв. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч редакциудаас гадна эх сурвалж хөл хорионд орсон нь мэдээллийг шуурхай бэлтгэж хүргэх, цаашлаад олон талыг хамруулсан тэнцвэртэй мэдээлэл алдагдахад хүрснийг шинжээчид онцолж байна. Нэг ёсондоо, эх сурвалжаа цахимжуулах, техник технологийн шийдлийг ашиглан олон арга хэлбэрээр эх сурвалжтайгаа зайнаас харилцах шинэ хандлага ур чадварыг шаардаж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан “Бүх нийтийн бэлэн байдын зэрэгт шилжсэн үеийн хэвлэлийн эрх чөлөө” судалгаанд дурдсанаар мэдээллийн эх сурвалжийн нийт 71 хувийг зөвхөн УОК, НОК, ЭМЯ гэсэн албаны эх сурвалж эзэлсэн бөгөөд албаныхаас бусад эх сурвалжийг мэдээлэлдээ багтаах боломжгүй нөхцөл байдал үүсчээ.
МОНГОЛЫН ЭРЭН СУРВАЛЖЛАХ СУРВАЛЖЛАГЧДЫН ТӨЛӨӨ ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ТАМИР: СЭТГҮҮЛЧИД БОЛОН ЭХ СУРВАЛЖУУД ХӨЛ ХОРИОНД ОРСОН НЬ ОНЦГОЙ НӨЛӨӨЛСӨН
-Өнгөрсөн оны эхэн үеэс цар тахлаас сэргийлэх хэд хэдэн хууль тогтоомжууд батлагдсан нь зарим тохиолдолд хэвлэлийн эрх чөлөөг хумих оролдлого болсон. Зарим тохиолдолд цензур тогтох буюу үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хязгаарлагдсан. Халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш хэвлэл мэдээллийн салбарт үзүүлсэн гол нөлөө нь эх сурвалжийн дутагдалд орсон гэж үзэж болно. Үүнд сэтгүүлчид болон эх сурвалжууд хөл хорионд орсон нь онцгой нөлөөлсөн. Мэдээлэл хаалттай болж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага эх сурвалжийн дутагдалд орох нь сэтгүүл зүйн үндсэн үүрэг болох тэнцвэртэй мэдээлэл бэлтгэхэд саад учруулах аюултай. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч мэдээлэл олж авах, нягтлан шалгахад их хүндрэлтэй болж энэ нь иргэдийн мэдэх эрх зөрчигдөхөд хүрэх нөхцлийг бүрдүүлж буй юм.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags: