Ардын айдас дагуулсан өсөлт

1615789402604efd5a42fce“Аппрентис Монголд” хэмээх телевизийн шоу нэвтрүүлэг гарснаас хойш “Хас”-ын асан Ч.Ганхуяг “Ард”-ынх гэдгээ айл бүрийн хойморт тунхаглалаа. Зүгээр л тохиолдол байв уу, эсхүл үнэхээр тийм онцгой уялдаа байна уу үгүй юү бүү мэд, ямартай ч яг энэ үед “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш гайхалтай өсөлт үзүүлэв. Оны эхний хоёр сард тус компанийн нэгж хувьцааны үнэ зургаа дахин өсжээ. Үнэхээр ч ийм өсөлтийн график нүднийх нь өмнө дурайхыг харсаар байв ч ашиглаж чадаагүй бол алдагдсан боломжийн өртгөө тооцох нь зүйн хэрэг.

Гэвч үүнийг ард койны өсөлттэй харьцуулахад юу ч биш. Энэ хугацаанд Ардын лоялти онооны үнэ цэн 70 дахин өссөн юм. Хувиар илэрхийлбэл 7000%. Ард аппликэйшнээр зээл авсны тань төлөө урамшуулал болж ирдэг энэ зүйлийг Биткойн, Этериум, өөр бусад криптовалюттай бус дэлгүүрийн худалдан авалтын хариуд ирдэг оноотой зүйрлэх учиртай. Үнэгүй олдсон юм орон сууц болоод хувирчихна гэдэг гайхалтай биш гэж үү. Оны эхэнд америк центийг тав хуваасны нэгтэй тэнцэж байсан ард койн хоёрдугаар сарын сүүлээр 14 центийн үнэ хүрэв. Үүний алдагдсан боломжийг тооцох ч утгагүй. Ашигласан түүхүүдийг сонсоход атаархахгүй байх аргагүй. ажлын байрных нь автозогсоолын зохицуулагч л гэхэд өөрт нь байсан ард койноосоо зарж гурван өрөө байр, машинтай болсон аж.  Энэ тухай Компанийнхаа гайхалтай байдлын тухай ярьдаг жиг жуг гэх клабхаус платформ дээр Ч.Ганхуяаг захирал өөрөө ярьсан билээ.

 Тэр сошиал платформуудыг ашиглан өөрийн компанийн лоялти оноог ав дар хэмээн идэвхтэй уриалж байгаа. Компанийнхаа хувьцааны талаар хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэх амлалт, мэдэгдэл, уриалга хийх нь хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн, ер нь Монголоос бусад улсад бол ёс зүй, хэм хэмжээнээс гажууд зүйлд тооцогдоно. АНУ-д бол хууль бүр 1934 онд хуулиар хязгаарлаж өгсөн байдаг.

 Дэлхийн хамгийн баян хүн гэгдээд буй Илон Маск хоёр жилийн өмнө өөрийн үүсгэн байгуулж, удирдаж буй цахилгаан автомашины үйлдвэрлэлийн “Тесла” компанийн хувьцааг 420 ам.доллараар худалдан авч хувийн компани болгох бодолтой байна гэсэн утгатай зүйл жиргэснээсээ болж 20 сая ам.доллараар торгуульсан удаатай. АНУ-ын Securities and Exchange Commision буюу манайхаар бол Санхүүгийн зохицуулах хороо нь түүний уг жиргээг “хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн” гэж үзэж торгох шийдвэр гаргаж байсан. Учир нь зарим хүн Илоныг үнэхээр “Тесла”-г хувьдаа авах юм байна гэж итгэж хувьцаануудыг зах зээл дээрээс худалдаж авч эхэлснээр ханшийн зохиомол өсөлт гарах магадлалтай.

 Харин криптовалютын зах зээл дээр бүх зүйл нээлттэй. Санхүүгийн зах зээлийн хорооноос криптовалютын талаар гаргасан анхааруулга бол тэдний эрх мэдлийн хүрээнээс хальсан илүү үйлдэл байсан. Гэвч ёс зүйн хувь зайлшгүй авах арга хэмжээ юм. Тиймээ, криптовалютын зах зээл дээр манипуляц хийх боломжтой. Тийм дээ тулбал, шинээр гарч ирж буй криптовалютуудыг манипуляци хийж зах зээл дээр таниулах үйлчилгээгээр дагнасан компаниуд ч бий. Даан ч тэр “зоос” нь өөрийн гэсэн үнэ цэнгүй, ардаа баталгаагүй бол хөөс хагарах мөчид Венесуэлийн боливар шиг үнэ цэнээ алдсаар авч дарсан хүмүүс нь хохирч үлддэг. Тийм ч болохоор туршлагатай хүмүүс хадгаламжаа шавхаж, орон байраа барьцаалж, худалдаж олсон мөнгөө крипто валют руу хийдэггүй.

 Ард койныг үнэ цэнтэй болгож буй зүйл нь Ард нэгдлийн үйлчилгээнүүд. Ардын үйлчилгээг хүмүүс хэр их авахыг хүснэ, ард койны эрэлт төдий чинээ нэмэгдэнэ. Хамгийн гол асуудал ард койн хэр итгэлтэй бүтээгдэхүүн бэ гэдэгт биш, Ард санхүүгийн нэгдэл хэр итгэл даах компани вэ? Эсвэл Ч.Ганхуяг хэр итгэлтэй хүн бэ? гэдэгт юм. Биткойны үнэ цэнэ өсөж байгаа гол шалтгааны нэг нь хэрэглээнд өргөн нэвтэрснээс гадна түүнийг олж авахад улам бүр хэцүү болж байгаа явдал. Ердөө 21 сая биткойн байдгаас одоо 2 сая гаруйхан л нь олборлогдоогүй байна.

 Үүнтэй адил ард койн ч бас хязгаартай. Нийт 5.1 тэрбум ард койн байгаагаас 1.9 тэрбум нь жижиг харилцагчид буюу хувь хүмүүсийн гарт очоод байгаа аж. Гэхдээ арилжаанд ердөө хоёрхон хувь буюу 100-хан сая нь л эргэлдэж байна. Энэ тохиолдолд ард койны сая үзүүлсэн өсөлт хөөс байх маш өндөр магадлалтай. Арилжаанд орж байгаа койны нийлүүлэлт 10 хувь болоход эсвэл нийт зоосны 53 хувийг эзэмшиж байгаа компаниуд зоосоо зарж эхэлбэл манай жижиг зах зээл түүнийг шингээж чадах нь юу л бол. Олон хүн хандах газаргүй хохирч үлдэх вйи дээ.

 Биткойноос ялгаатай нь ард койны зах зээлд нийлүүлдэг суваг маш хязгаарлагдмал. Энэ чинь лоялти урамшуулал шүү дээ. Ард санхүүгийн нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг компаниар үйлчлүүлэхэд тэднийг сонгосонд талархлаа илэрхийлж буй хэлбэр. Тус санхүүгийн нэгдлийн удирдах албан тушаалтнуудын амлаж буйгаар тэд гаргасан койноо тасралтгүй худалдан авч, үйлчлүүлэгчдээ урамшуулсаар байх аж. Гэхдээ хэзээ, хэнд, хэдийг вэ гэдгийг зөвхөн тэд л шийднэ. Нэг үгээр хэлбэл, цоргоны нээлхийг тэд атгаж буй. Энэ бол танд байгаа ард койн маргааш хэдэн төгрөгтэй тэнцэж байхыг хоромхон зуур шийдэж чадах их хүч.

 Бодит байдал дээр ард койныг хадгалж буй харилцагч байгууллагууд гэдэг нь үндсэндээ Ард санхүүгийн нэгдлийн охин компаниуд юм. Нэг талаас ард койны ханш өсөх тусам Ард санхүүгийн нэгдлийн зах зээлийн үнэлгээнд сайнаар нөлөөлнө гэсэн үг. Хэрэв тэд компанийнхаа үнэлгээг өсөх зорилгоор ард койныг зөвхөн худалдан авахыг уриалж байгаа бол энэ нь тун хорт уршиг дагуулж мэднэ. Зах зээлийн үнэлгээ гэдэг тухайн компанийн хувьцаа, хөрөнгө оруулалтын өгөөж гээд өргөн хүрээнд нөлөөлдөг зүйл тул хэт өндөр үнэлэгдсэн байх юм бол хохирогчид нь ард койны эзэмшигчдээр зогсохгүй, хувьцаа эзэмшигчид цаашлаад хөрөнгийн зах зээл бүхэлдээ болж хувирна. Тийм ч болохоор криптовалютын зах зээлийг зохицуулах үүрэг хүлээдэггүй Санхүүгийн зохицуулах хороо анхааруулга гаргасан хэрэг.

 Ард санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг компанийнх нь үнэлгээ гайхалтай өсөлт харуулж байгааг “ганц эвэрт” хэмээн тайлбарласан. “Ганц эвэрт” гэдэг нь шинэ, жижиг боловч ирээдүйд том амжилтад хүрэх нь гарцаагүй гэж хөрөнгө оруулагчид хошуурснаар үнэ цэн нь огцом өсөж буй компанийг хэлдэг. Ихэнх тохиолдолд тэд инноваци, технологийн компаниуд байдаг. Тухайлбал, өмнө нь жишээ болгон татсан Илон Маскийн үүсгэн байгуулсан “Тесла”, “SpaceX”, “Paypal” зэрэг компаниудыг нэрлэж болно. Сүүлийн үеийнхээс гэвэл “Uber”, “Airbnb”, “Netfix”-ийг нэрлэж болох бөгөөд ковидийн үед хит болж буй “Clubhouse” бас багтана.

 Гэвч, “ганц эвэрт” бүхэн ид шид бүтээдэггүй. Хамгийн дуулиантай түүх нь “Theranos” гэх эрүүл мэндийн салбарын стартап компани огт байхгүй технологийн тухай ярьсаар  700 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэж явав. Одоо харин тэр компани оршдоггүй.

 Өнөөдрийн нөхцөл байдалд Ард санхүүгийн нэгдэл маш их итгэл, хариуцлага хүлээж авсныг эцэстээ хэлэхийг хүссэн юм. Магадгүй, хөл хорионы улмаас бизнесээ алдсан, ажлаасаа цомхтгогдсон, мөрөөдлөө орхисон хүмүүсийн сүүлчийн найдвар, цорын ганц сонголт болж байж ч мэдэх юм. Хаанаас хэн шивнэснийг бүү мэд, тэд “нэг доллар хүрнэ, хүлээ” гэж бие биедээ зөвлөх …

 Ард койныг үнэ цэнтэй болгож болох ганц үндэслэл нь Ард санхүүгийн нэгдлийн тогтвортой үйл ажиллагаа гэдгийг өмнө нь тайлбарласан. Нэр хүнд, үнэ цэн нь өсөж байгаа тус компанийн өнөөгийн нөхцөл байдлыг харуулах гол үзүүлэлт бол санхүүгийн тайлан. Хамгийн сүүлд ил болсон тайланд дурдсанаар буюу 2020 оны гуравдугаар улирлын байдлаар Ард санхүүгийн нэгдэл 1.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Эдийн засаг хэвийн явах үед ч гурван тэрбумын алдагдалтай ажилладаг “ганц эвэрт”-ийн үнэлгээ 300 тэрбум хүрчихээд байна гэдэг нь өөрөө маш том асуултын бас анхаарлын тэмдэг, хөрөнгийн зах зээл нь дааж дийлэхэд бэрх хэтэрхий өндөр эрсдэл. Тэгвэл өнөөдөр эдийн засаг хямралтай, дээр дооргүй эвээ олоогүй, ямар ч сайн хөрөнгө оруулалт эрсдэлтэйд тооцогдох болсон үе.

 Цөөн тохиолдолд эрсдэлтэй хөрөнгө оруулалт өндөр ашиг авчрах нь бий. Эрсдэл өндөр байх тусмаа туршлагатай хөрөнгө оруулагчийн сонголт байдаг. Харин судалгаагүй, цэвэр итгэл дээр үндэслэж шийдсэн хөрөнгө оруулалт эврээ хүлээдэг тэмээний үлгэрийг давтах нь олонтаа. “Ганц эвэрт”-үүд урьд өмнө байгаагүй шинэ технологи нэвтрүүлж, шинэ нээлт хийдэг бол “Ард”-ын нэвтрүүлж буй нээлт, шинэ технологи юу вэ? Ирээдүйд зах зээлийг ийм бүтээгдэхүүнээр “эзэлнэ” гэх барьцгүй ганц “эвэртүүд” хөрөнгө оруулагчдаа хохироож л дуусдаг. Ардын хувьцаа хоёр сарын дотор зургаан дахин өссөн бол хоёр сарын дараа зургаа дахин унах магадлал ч байгаа гэдгийг давхар санаж явах нь зүйтэй. Ихэнх огцом өсөлт огцом уналтыг дагуулдаг. Биткойн бол хамгийн тод жишээ нь. Эцсийн эцэст итгэж мөнгөө өгсөн ард түмэн хохирч “Ард” ганцаараа хожиж дуусах вий дээ.

http://www.zaluucom.mn/read/56119314g


URL:

Tags: