Ц.Насанбат прокурор оо! Ерөнхийлөгч Х.Баттулгын нэн шинэ оффшорын эрэлд хамт гаръя

насанбатбаттулга

Кронавирусын халдварын эсрэг хөл хорио эхэлсэн арваннэгдүгээр сард Сү.Батболдын гэсэн тодотголтой оффшор хөрөнгийн дуулиан өрнөж хэн нь хэн бэ, хэний талыг баримтлагч вэ гэдгээ сайн мэдэх олон нийтийн сүлжээнийхэн мөрдөн шалгах, шүүн таслах зовлонтой ажлын хугацааг богиносгон шууд л “Х.Баттулгынхан Сү.Батболдыг гүтгэж эхэллээ” хэмээн тодорхойлчихсон юм. Мэдээлэл анх хэнээс гарч, хаагуур дамжин, хэн хэн шүрэн авч байна вэ гэдэг дарааллаасаа ч энэ нь аль эрт нийгэмд танигдсан бохир технологи, хангалттай үзсэн кино байсан учраас оношийг эрт тодорхойлоход тийм ч их хугацаа зараагүй хэрэг.

Энэ үеэс Сү.Батболдын 2006 оноос нөөцөлсөн гэх оффшор хөрөнгө, энэ хөрөнгө ба гадны шүүхэд очсон гомдол, шүүхийн процесс гэх мэт асуудлууд ар араасаа хөндөгдөхтэй хамт энэ нь Сү.Батболдоор овоглогдсон дуулианууд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг чиглэсэн олны тархийг угаах ажиллагаа гэдгээ ч харуулаад эхэлжээ. Дуулианаас хойш Засгийн газар огцорч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Х.Баттулгын өдөөн хатгалгаар иргэд үймээн самуунд оролцсон” гэж мэдэгдсэн бол МАН-ыг оффшор дансаар мадлах гэж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга “Сү.Батболдын удирдсан бүлэг төрийн эргэлт хийж байна” гэж мэдэгдээд МАН руу халдах, халдахдаа Сү.Батболдоор туг тахих гэсэн санаагаа илчилж орхисон юм. Ингээд 2006 оноос хойш яригдаж, шалгагдаж ирсэн хуучин дуулианд цоо шинэ дээл өмсүүлээд шинэ оффшор илрүүлсэн болж харагдах гэж хичээсэн Ерөнхийлөгчийн зүтгэл талаар болов.

Харин ч эхлүүлсэн оффшор дуулианд нь чирэгдээд Х.Баттулгын өөрийнх нь нэн шинэ оффшор хөрөнгө илэрсэн. Х.Баттулгын төмөр зам барих нэрээр зарцуулсан 440 сая ам.долларын 55 тэрбум, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхтэй холбоотой гэх “Монгол бетон дэр” ХХК-аас гарсан 10 сая ам.доллар, Төгрөг нуурын ордыг зарж олсон 250 сая ам.долларыг сонин хэвлэлүүд сөхөн гаргаж ирсэн байдаг. Авилгатай тэмцэнэ, оффшороос хөрөнгө оруулж ирнэ гэж хатуу амлаж байсан Х.Баттулга Сингапурт оффшор данстай гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Зарим нэг хэвлэлээр дамжуулан 2020 оны арваннэгдүгээр сард охиныхоо нэр дээр байсан тэрхүү оффшор дансаа хаажээ гэсэн мэдээг дамжуулсан, үүндээ тэр ямар ч хариу өгөөгүй нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэн шинэ оффшорын түүхээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Үнэндээ бол эрх ашгийнхаа төлөө шүүхийн өмнө ч, хуулийн байгууллагын эсрэг ч дэмжигчдээ цуглуулан сүрэглээд очих зоригтой Ерөнхийлөгч оффшор дансны түүхээ ил ярьж эхэлбэл юу болох вэ гэдгийг сайн мэдэж байгаа.

Ерөнхийлөгч нь оффшор бүст охиныхоо нэр дээр данстай байсан. Их хэмжээний хөрөнгө хураасан байж байгаад 2020 оны төгсгөлд дансаа хаасан гэдэг мэдээ харин прокурорын байгууллагын нүд, чихэнд огт өртсөнгүй. Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбат олны өмнө ил гарч ирэхдээ Сү.Батболдын нотлогдоогүй оффшорыг сошиалчид шиг байгаа мэтээр батлан ярьж байгаа ч дөнгөж саяхан учрыг нь олоод тавьчихсан Ерөнхийлөгчийнхөө дансны талаар ганц ч үг ган хийгээгүй юм. Сүүлийн өдрүүдэд Ц.Насанбат прокурорын Төрийн ордны зүүн жигүүрийн кафед А.Гансүхийн гар хөл гэгдэж буй өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж байгаа зураг сошиал сүлжээнд тараад байна.

Хонгилын өмгөөлөгч Б.Баасанцогт, хонгилын прокурор Ц.Насанбат нар дараагийн бохир төлөвлөгөөгөө яриад сууж байна гэсэн тайлбартай зурганд ноён прокурор тайлбар хийж амжаагүй л явна. Хууль хяналтын байгууллага, прокурорын нэр төрийг шалан дээр унагасан энэ тайлбарт шударга прокурорууд бол эмзэглэх нь тодорхой. Ц.Насанбат буруугүй бол тайлбар өгөх учиртай. Хэрвээ тэр олны өмнө гарч ирвэл Нийслэлийн прокурорын орлогчид Ерөнхийлөгч Х.Баттулгын нэн шинэ оффшорын эрэлд гарах санал, хүсэлт тавих хүмүүс байна. Ноён прокурор оо! Ерөнхийлөгч Х.Баттулгын нэн шинэ оффшорын эрэлд хамт гарья.

https://www.newstv.mn/a/951


URL: