Хамтарсан сурвалжилгын баг Янь Гү Фанд
”Ядуурлаас ангижрахуй – Хятад улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээний хүрээн дэх Өвөр Монголын сэтгүүлчдийн аяллын баг маань аяллын хоёр дахь өдөр буюу 09 дүгээр сарын 25-ны өглөө Өвөр Монголын Ү Чуань шяний Янь Гү Фан группээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.
Өвөр Монголын Янь Гү Фан групп нь 2012 оны 08 дугаар сард “Овьёосны нутаг” хэмээгдэх Ү Чуань шяньд байгуулагджээ.
Нийт 68 ажилтантай, 10 мянган тонн овьёос боловсруулах үйлдвэр, овьёосны эслэг боловсруулах үйлдвэр, төмсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр бүхий энэхүү томоохон групп нь тариалах талбайгүй, тариаланчидтай урьдчилсан захиалгын гэрээ байгуулж, овьёосны түүхий эд авдгаараа онцлог. Ингэж хийх нь их хэмжээний тариалангийн талбай шаардахгүй, нөөцийг хэмнэх ач холбогдолтой төдийгүй тариаланчдын үр тарианы борлуулалтын асуудлыг шийдэх давхар ач холбогдолтой юм.
Ядуурлаас ангижруулах гол сэдвийнхээ дагуу бид уг компанийн ядуурлыг бууруулах ажилтай танилцахаар компанийн дэд ерөнхий захирал Лү Миньтай уулзаж ярилцсан билээ.
Лү Миний хэлэхдээ:
- Янь Гү Фан групп нь тариачидтай хамтран ажиллаж, “Аж ахуйн нэгж + суурин + технологи + тариачин өрх” хэмээх хөгжлийн загвараар үр тариа худалдан авах болон зах зээлийн хөдөлгөөнийг холбож байна. Компани нь 2015 оноос эхлэн захиалгаар овьёос худалдан авах үйл ажиллагааг эхлүүлж, зах зээлийн үнээс 30 хувь үнэтэй худалдаж авдаг ба улмаар тариачин өрх бүрийн орлогыг жил бүр дунджаар 3000 юань нэмэгдүүлсэн. Захиалга авч байсан тариачин өрх нь 2015 онд 118 байсан бол 2019 он болоход 2334 өрх болж нэмэгдсэн төдийгүй захиалгын тариалангийн талбай нь анх 10 мянган мү хүрэхгүй байснаасаа өнөөдрийг болоход 70 мянган мү болж нэмэгдсэн. Манай компани нь ядуу иргэдийг аж үйлдвэрлэлээр тэтгэдэг төдийгүй боловсролын салбарт дэмжлэг үзүүлж байна. Тодруулж яривал ядуу өрхийн сургуульд сурч байгаа хүүхэд бүрд сар бүр 50 юанийн тэтгэлгийн мөнгө олгож байгаа ба их сургуулийн оюутнуудад хүүгүй зээл олгож байна. Оюутнууд сар бүр дунджаар 500 юанийн зээл авах боломжтой бөгөөд зээлсэн мөнгөө сургуулиа төгссөний дараа 3 жилийн хугацаанд буцаахад болно гэлээ.
Янь Гү Фан группийн овьёосны бүтээгдэхүүн нь Хятад улсын өнцөг булан бүрд борлуулагдаж байгаа төдийгүй гадаадын орнуудад экспортлох төлөвлөгөөгөө эрчимтэй боловсруулж байгаа ажээ. 2019 онд тус групп нь “Түмэн газрын цайны зам” төслийн дагуу Монгол Улсад хүрч бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулсан бөгөөд холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, харилцан бүтээгдэхүүнээ экспортлох төлөвлөгөөгөө эхлүүлсэн байна. Цар тахлын улмаас энэхүү төлөвлөгөө нь хараахан хэрэгжиж амжаагүй хэдий ч хамтран ажиллах үзэл баримтлал хэвээр байгаа гэдгээ Лү Минь захирал бидэнд танилцуулсан юм.
URL: