Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2015 онд төрийн байгууллагуудын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр өөрийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн талаар тайлбар хийсэн байдаг. Тэрбээр “Энэ хууль Монгол төрийн уламжлалтай холбоотой. Монгол төр байгуулагдсан үеэсээ түмний хөрөнгө, төвлөрсөн сангийн зарцуулалтад онцгой анхаарч иржээ. Монголчууд эзэнт гүрнээ байгуулж, Их засаг хуулиа гаргахдаа олон түмний хөрөнгөтэй түшмэдүүд яаж харьцах, хэрэв завших аваас ямар хариуцлага ногдуулах талаар тодорхой заасан байв. Цаазаар авах хүртэл шийтгэдэг байлаа. Ардын хувьсгалын үеийн үйл амьдралыг харуулсан кинонд ч гардаг. Феодалын хөрөнгийг хураан авч байхдаа тэндээс толгой торго авсан нэгнээ бусад нөхөд нь болиулж харагддаг. Энэ бол олны өмч, тиймээс хяналт байна гэсэн үг.
Айл гэрийн хувьд ч ялгаагүй. Ээж нь хүүхдээ дэлгүүр рүү талханд явуулаад буцаж ирэхэд нь заавал хариулт мөнгөө асуудаг нь хэвшмэл болсон ойлголт. Хариулт мөнгөө авчраагүй, эсхүл буруу зүйлд зарцуулсан бол эцэг эхээс банга хүртэх нь гарцаагүй. Харин бид өнөөдөр мянган төгрөгийн хойноос сүйд болох мөртлөө тэрбум төгрөгийн зарлагыг огт тоохгүй сууж байна. Хэдэн мянган төгрөгийн зээлийнхээ хойноос гүйдэг мөртлөө төрийн хэдэн тэрбум, хэдэн их наяд төгрөгийн тухай ярихад хараагүй, сонсоогүй мэт өнгөрөөдөг.
Монголд ардчилал нь амьд, ард иргэдийнхээ хүсэл сонирхлоор удирдуулсан төр засаг байгуулж байгаа цагт ийм асуудал огт байж боломгүй” гэсэн байдаг. Монгол улсын Үндсэн хуульд иргэн төрийн нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй байдгийг баталгаажуулсан.
Төсвийн тухай хуулинд, “төсвийн гүйцэтгэл, зарцуулалт болон төрийн худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах” зарчим хэрэгжүүлнэ гэж тов тодорхой заасан аж. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2014 онд Шилэн дансны тухай” хуулийн төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдэж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн юм. Ингэснээр иргэд төрд өгсөн татварынхаа зарцуулалтыг хянах хууль эрх зүйн тогтолцоо бүрдсэн хэмээн ойлгосон. Гэвч төсвийн орлого, зарлага, өмч хөрөнгөтэй холбоотой аливаа шийдвэр, үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод, ойлгомжтой, шуурхай мэдээлэх “зарчим” амьдрал дээр хэрэгжихгүй байна. Тус хуулийг улс төрийн зорилгоор эсхүл зөөлөн суудал горилж өрсөлдөгчөө замаасаа зайлуулах хувийн ашиг хонжоо хайгч бүлэг нөхөд л үе үе ашиглаж бусдыг турхирч байдгийг эс тооцвол нийтэд ашиг тусаа бараг өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, улсын төсөв, санхүүтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг иргэд шилэн дансаар дамжуулж, нээлттэй, ил тод байдлаар хянаж чадахгүй байна.
Зарим нэгэн асуудал олон нийтийн сүлжээнд тавигддаг боловч хэсэгхэн шуугиад л мартагдана. Хууль хяналтын байгууллагууд ч “дүлий дүмбэ” оргих нь элбэг. Үүний учир шалтгааныг эрх барьж байгаа улс төрийн хүчний үйл ажиллагаатай холбож үзэхээс өөр аргагүй юм. Ийм дүгнэлт хийх үндэслэл ч бий. Өнгөрсөн жил Үндэсний аудитын газар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд шалгалт хийжээ. Энэ шалгалттай холбоотой асуудлаар зарим УИХ-ын Байнгын хороо авч хэлэлцсэн боловч олигтой шийдвэр гаргасангүй, тэгсхийгээд өнгөрөв. 2019 оны байдлаар улсын төсвийн Төсвийн ерөнхийлөн захирагчдад хамаарах байгууллагуудын “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилт 91.5 хувь, аймаг, нийслэлийн хувьд 87.9 хувьтай гарчээ. Энэ нь их өндөр гүйцэтгэл мэт харагдаж болох юм. Гэвч дарга нар аливаа тендер, худалдан авалтынхаа 10 хувийг хуулийн дагуу тайлагнахгүй нууцална гэдэг тун осолтой зүйл. Төсвийн зардал сүүлийн дөрвөн жилд хоёр дахин томорч, данхайсныг тооцвол иргэдийн хяналтын гадна маш том булхай нуугдаж байна гэж ойлгож болно. 2019 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтүүд ч тун ноцтой.
Тухайлбал,
-Ил тод байршуулах нийт мэдээллийн 14.3 хувийг хуульд заасан хугацаа хоцроосон зөрчилтэй байгаа нь хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна.
-Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэх үүргийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар эрх зүйн зохицуулалтгүй учраас хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагууд “Шилэн дансны нэгдсэн цахим хуудас”-т хамрагдалт дунджаар 10.0 хувьтай байгаа нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд иргэд, олон нийт хяналт тавих, холбогдох мэдээлэл авах боломжгүй байна.
-Нийслэл болон зарим аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод хяналт, шалгалтыг хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд холбогдох хяналтыг тавих давтамж, хугацаа болон хяналтын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүйтэй холбоотой байна.
-Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлэл оруулах арга зүйг боловсронгуй болгож, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүйгээс зөрчил давтан гарсаар байна гэжээ. Дээрх дүгнэлтээс харвал, Монгол Улсад энэ хууль бараг мөрдөгдөхгүй байгаа гэж хэлж болохоор аж. Ийнхүү манай улсын иргэн Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд заасан эрхээ эдлэх боломжгүй байгаа юм байна.
Эрх баригчид Шилэн дансны тухай хуулийн элдэв цоорхойг сурмаг ашиглан, хэдхэн жилийн дотор “Ширэн” дансны тухай хууль болгож амжжээ. Орон нутагт бол хуулийн заалтуудыг биелүүлэхгүй байх нь илүү амар гэж үздэг болтлоо энэ хууль зэвэрчээ.
Хэрэв төрийн аудит биш, төрийн томчуудаас хараат бус иргэдийн төлөөлөл багтсан аудитын байгууллага шалгасан бол үүнээс ч илүү сөрөг үр дүн гарах байсан гэдэгтэй олон хүн санал нэгдэх биз. Үүнээс гадна одоогийн хуульд засаж сайжруулах ёстой олон асуудал байгаа ажээ. Аливаа орлого, зарлага, өмч, хөрөнгөтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагааг гүйцэтгэх үүргийг аль нэг сайд, эсвэл агентлагийн дарга амаараа өгдөг байдалд яаж цэг хатгах вэ. Шүүх дээр хууль бус асуудалд гарын үсэг зурсан төрийн нарийн бичгийн дарга, эсхүл ахлах нягтлан бодогч нар буруутан болж, аман үүрэг өгсөн дарга нар зүгээр өнгөрсөөр байх уу. Төсвийн байгууллагууд аливаа санхүүгийн маапаантай гүйлгээгээ таван сая төгрөгийн үнийн дүнгээс доогуур хэд хэд таслан хийдэг зуршлыг яаж таслах вэ гээд энэхүү хуулинд олон цоорхой бий. Төсвийн ил тод байдлыг хангахтай холбоотой одоогийн хууль тогтоомжийн зохицуулалтууд ч давхардсан, зөрчилтэй байгаагаас шалтгаалан хууль хэрэгжихэд хүндрэл учирдаг юм байна. Харин шинээр байгуулагдсан парламентын сөрөг хүчний бүлгээс оны өмнөхөн Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, өргөн барьжээ.
Тус нэмэлт өөрчлөлтөд, одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс таван сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудаст мэдээлнэ гэснийг нэг сая төгрөг болгон бууруулах, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгох зэрэг заалт багтжээ.Харамсалтай нь, иргэд нийтийн эрх ашигт нийцэх энэхүү хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэлгүй хойш нь “чулуудав” сураг дуулдана. Татвар төлөгчийн төрд өгсөнд нэг төгрөг ч гэсэн бүртгэлтэй байж, ямар зорилгоор юунд зарцуулсан нь ил тод байдаг хяналттай улс орон хөгждөг. Жишээ нь, эх хүн нялх үрдээ сүү авахдаа төлсөн мянган төгрөгөөс хүртэл улс татвар авдаг. Тэр нь хэн нэгэн эрх мэдэлтний халаасанд ямар нэгэн хяналтгүй ороод байвал улс орны хөгжил, иргэдийн амьдрал яаж дээшлэх вэ дээ. Төр нь хариуцлагатай, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, санхүү нь цэвэр тунгалаг байхыг алхам тутамд нь шаарддаг Шилэн дансны тухай хууль бодит утгаараа хэрэгжээд эхэлбэл Монгол Улсын ирээдүйд өнгө нэмсэн шийдэл болох нь гарцаагүй. Харин “отго жинс”- тэй нөхдүүдийн өргөн хэрэглээ хэт тансаг болох тутам жирийн иргэдийн амьдрал улам бүр дордож байгааг хэн хүнгүй анхаарах цаг болсон баймаар юм.
ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Р.ДАВААДОРЖ