Таны өгсөн цус гурван хүнд амьдрал бэлэглэнэ

b7e0de4248932510d787f58aca218591Монгол улс 1994 оныг хүртэл төлбөртэй цусны донорын системтэй явж иржээ. Тэр цагт цус, цусан бүтээгдэхүүнээр гачигдаж байгаагүй ч сайн дураараа, авлагагүй цусны донорын системд шилжсэнээр иргэд цусаа өгөх нь багасаж, цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэн хомсдолд орох тохиолдол байнга тулгарч байсан байна. Харин JCI Капитал салбар байгууллагын залуус нийгмийн хариуцлагаа ухамсарлан ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 2009 онд  “Өгөөмөр сэтгэлийн бэлэг – Дусал цус” нэртэйгээр сайн дурын донорын хөдөлгөөнийг эхлүүлсэн  юм. Өдгөө энэхүү төсөл нь “Амьдрал бэлэглэе – Give blood, Give life” уриан дор 13 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.

ЦССҮТ нь эмнэлэгүүдийн хэрэгцээ шаардлагад хүрэлцээтэй хэмжээгээр аюулгүй, чанартай цус цусан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд Covid19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь цусны нөөц бүрдүүлэлт 50 хүртлэх хувиар буурч нөхөх шаардлага үүсээд байна.

Насанд хүрсэн хүний биед 5-6 литр цус эргэлддэг. Үүнээс гурван сард нэг удаа 400гр цус хандивлахад хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй бөгөөд таны хандивласан цус томоохон мэс засал, осол гэмтэлд өртөгсөд, төрөхийн хүндэрлүүдэд цус сэлбэх байдлаар гурван хүний алтан амийг авардаг.

Аливаа улс, орон цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны чухал хэсэг тул JCI Монгол байгууллагаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олныг цусаа бэлэглэхийг уриалж байна.


URL: