“Эрдэнэт” үйлдвэрийн зогсолтод Засгийн газар буруутай юу

153407540_284183983312140_5734009085955560800_n-“Эрдэнэт”-ийн удирдлагуудын асуудал Шадар сайдын өрөөнд өрнөж, Ерөнхий сайдын өрөөнд үргэлжилсэн гэхээр чамгүй газар авчээ-

“Эрдэнэт” үйлдвэр тойрсон маргаан тасрана гэж үгүй. Угтаа бол үйлдвэрийн ажиллагаандаа биш их хөрөнгө дагасан маргаан байдагт ихээхэн учир бий. Маргааны эцэст үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, нэгдүгээр орлогч, Ерөнхий инженер М.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нарын удирдлагуудыг халах сэлгэх тухай ярьжээ. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар энэ тухай яриа Шадар сайдын өрөөнд өрнөж, Ерөнхий сайдын өрөөнд үргэлжилсэн гэхээр чамгүй газар авсан байна. Энэ үеэр байнга хэл ам дагуулж байгаа тус үйлдвэрт шинээр удирдлагын баг бүрдүүлж ажлаа “шинэ мөр”-нөөс эхлүү­лэхгүй бол болохгүй гэх асууд­лыг хөндсөн бололтой юм.

Нэгэнтээ Шадар сайд С.Амар­сайхан чуулганы хурал­даанаар “Эрдэнэт” үйлдвэрийн охин компани болох “Эрдэнэт-Медипас” эмнэлгийн талаар ноцтой баримт дэлгэж байсан нь санаандгүй хэрэг биш гэдгийг дээрх эх сурвалжийн мэдээлэл баталж байна. Тэрээр Франц, Японы тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, 300 хүний ортой 49 сая ам.долларын хөрөнгөөр баригдсан эмнэлгийг менежментийн хувьчлал нэрийн дор үнэгүй өгчихсөн гэх баримт дэлгэж байсан. Ингэхдээ тус эмнэлэг нь хоёр тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс жил бүр авч, буцаан 1.5 тэрбум төгрөгийг үйлдвэртээ төлбөр хэлбэрээр төлдөг гэж байв. Уг эмнэлэг нь үйлдвэрийн ажилчдад эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зориулалттай аж.

Гэхдээ энэ нь Х.Бадамсүрэнгийн үед биш, захирал асан Ц.Даваасүрэн 2015 оны есдүгээр сарын 25-ны өдөр Японы хөрөнгө оруулалттай “Медипас” ХХК-д менежментийн хувьчлалаар өгсөн юм билээ. Гагцхүү энэхүү будлиантай асуудлыг мэдсээр байж 2016 оноос хойш шийдвэрлэлгүй явж ирсэнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг Шадар сайдын байр сууринаас харж болно. Шадар сайд энэ асуудлыг чуулганы хуралдаанаар зүгээр ч нэг хөндөөгүйг ихэс дээдсийн өрөө дамжин яригдсан эх сурвалжийн мэдээллээс харагдана. Ийнхүү Засгийн газрын хэмжээнд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын эрхийг хөндөх тухай асуудал яригдаж байтал тус үйлдвэрийн гурван бутлуур нь эвдэрч, 35 хувийн зогсолт хийснийг арваад хоног нуусан гэх эх сурвалжийн мэдээлэл нь “Гал дээр тос” гэгч болов. Уг нь үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд цаашид ажиллах боломжгүй, засвар үйлчилгээ нэн даруй хийх шаардлагатай байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, нэгдүгээр орлогч М.Бат­мөнх нарт дуул­гасан ч тэд тоогоогүй гэдэг. Яах аргагүй инженер техникийн ажилтнуудын хэлсэнчлэн гурван бутлуур зогсоход хүрч төлөвлөөгүй засвар хийсэн байна.

Хүчээр ажиллуулж төлөвлөөгүй засвар, зардалдаа тулсан Ерөнхий инженер М.Батмөнх “Хүйтний эрч огцом нэмэгдсэн учраас Хог хаягдлын хиймэл нууран дахь эргэлтийн ус хөлдөж, эргэлтийн усны хэмжээг нэмэгдүүлэхээр гурван тээрэм зогсоож, төлөвлөгөөт засвар хийсэн” хэмээн мэдэгдсэн нь худал байх магадлалтай. Яагаад гэхээр ид өвөл, хүйтний цагт хөлдөж эвдрэл гараагүй байж нэгэнт хавар болж урь унасан хойно эргэлтийн ус хөлдөх хэмжээнд эвдрэл гарах уу, үгүй юу гэдэг эргэлзээ бий. Энэхүү явдлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, газрын дарга Б.Цэнгэл нар хаацайлж суугааг ч дурдсан. Сүүлдээ Х.Бадамсүрэн нарын удирдлагууд эвдрэл гарсан шалтгаан нь Засгийн газарт өгөх 650 тэрбум төгрөгийн нормоо биелүүлэх шаардлага байсан мэтээр хэвлэл мэдээллээр цацуулж байгаа гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Өөрөөр хэлбэл Засгийн газарт мөнгө гаргаж өгөх шахалт байсан мэтээр “бухаж” бурууг нь засагт тохохдоо тулж байгааг юу гэж ойлгох вэ. Цар тахлын дэгдэлт, хөл хориотой холбоотойгоор цахилгаан дулааны төлбөр тэглэж, үүний төлбөр болох 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргана хэмээн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх олон нийтэд мэдэгдэж, Х.Бадамсүрэн захирал ч өөрөө тайлбарлаж байсан.

Үүнээс гадна өдгөөгийн удирдлагуудын факт баримт дуусахгүй. Тухайлбал, Зас­гийн газраас цар тахалтай холбогдуулан зардал хэмнэх тухай тушаал шийдвэр гаргаж байхад хагас тэрбум төгрөгийн үнэтэй машин захиалах, тансаг зэрэглэлийн архины тендер зарлах мэтээр хэрхэн яаж мөнгө “халааслах” тухай л төлөвлөж суудаг удирдлагууд аж. Тэр ч бүү хэл өнгөрөгч 2020 онд нийт 429 тэрбум төгрөгийн гэрээ шууд байгуулах худалдан авалт хийсэн байдаг. Уг нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ҮБАЗ-өөс зөвшөөрөл авах ёстой. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд ҮАБЗ-ийг үл тоож, тансагласан нь баримтаар нотлогдсон гээд дурдаад байвал олон зүйл бий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL: