Цар тахлын улмаас дотоодын үйлдвэрлэгчид СӨХӨРЧ БАЙНА
Монгол Улсын эдийн засаг, бизнесийн өсөлт, аж ахуйн нэгж, иргэдийн орлогын үзүүлэлтэд цар тахлын нөхцөл байдал сөргөөр нөлөөлж байгааг судалгаанууд нотолж байгаа. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Дэлхийн банкнаас гаргасан тайланд Монгол Улсын эдийн засгийг 2020 онд 5.2 хувиар буурсан гэж дүгнэсэн байна. Задалбал, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ тус тус буурсан гэсэн статистик гарчээ. Гэсэн хэдий ч 2021 онд Монгол Улсын эдийн засгийг өснө гэсэн хүлээлтийг судлаачид хэлж байгаа юм. Тэгвэл дотоодын бичил, жижиг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хувьд цар тахлын нөхцөл байдлыг хэрхэн даван туулж, зохицон ажиллаж байгаа болон төрөөс тэдэнд дэмжлэг үзүүлж байгаа эсэх асуудлаар дараах байр суурийг хүргэж байна.
“Хамгийн ашигтай шинэ жил, цагаан сараар огт орлогогүй байлаа”
-“Бүрэн сүх” үнэт эдлэл, бэлэг дурсгалын үйлдвэрийн захирал Б.Галцэцэг:
-Дотооддоо үнэт эдлэл, бэлэг дурсгалын зүйлсийг 20 орчим жил хийж, үйлдвэрлэж байна. Одоогоор 25 хүнтэй ажиллаж байгаа. Манай салбар эдийн засаг хямрахад хамгийн түрүүнд өртдөг. Олон удаа хөл хорионд орсноор хүндрэл бэрхшээл маш их тулгарч байна. Цаашид бизнес хэвийн үргэлжлэхэд нэлээд хугацаа шаардах байх. 2020 оны арваннэгдүгээр сараас хөл хорио тогтоож эхэлснээс хойш дөрвөн сар гаруй хугацаанд орлого алданги байж, ихэнхдээ тасалдсан гэхээр хэвийн үеийнхээс 50 хувиас ч илүү орлого буурсан гэж харж байна. Гол орлогоо бүрдүүлдэг шинэ жил, цагаан сарын үеэр хөл хориотой орлогогүй байлаа. Хэвийн үед жилийн өмнөөс ажлаа төлөвлөж, бүтээгдэхүүн эрэлттэй сарууддаа тийм тийм ажил хийнэ, тийм үзэсгэлэн, худалдаанд оролцоно гэдэг байдлаар ажлаа төлөвлөдөг байсан бол одоо тэр төлөвлөлт шууд эрс өөрчлөгдсөн. Өөр ямар л боломж байна тэрийгээ ашиглаж ажиллахаар хичээж байна. Ажилчдынхаа цалинг тасалдуулахгүй бас ажлаас чөлөөлөхгүй байх гэж чамгүй хичээлээ.
Ер нь хөл хорио хүнснээс бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд маш сөргөөр нөлөөлсөн. Үйл ажиллагаа эхэлж л байна. Хараахан жигдрээгүй учраас урсгал зардал бага байгаа. Одоо яригдаж байгаа гурван хувийн хүүтэй зээл эзнээ олж чадвал нэлээд дэмжлэг болох бололтой. Учир нь бидний үйл ажиллагаа хэзээ сэргэж, хэвийн болох тодорхойгүй байна. Үйл ажиллагаа урьдынх шиг хэвийн явагдахад эргэлтийн хөрөнгөөр гацахгүй байх асуудал хамгийн чухал. Нийгмийн даатгал, татварын чөлөөлөлтийн дэмжлэг үйл ажиллагаанд тус нэмэр болсон. Эргээд тэрийгээ нөхөж байгаа юм шиг НДШ-ээ нэмчихлээ. Нэмж хэлэхэд, хөнгөлөлттэй зээлүүдээс манай салбар тансаг зэрэглэл гээд байнга хасагддаг нь ойлгомжгүй байдаг. Үнэт эдлэлийн зах зээлийн 20 хүрэхгүй хувийг дотоодын үйлдвэрлэгчид эзэлдэг нь нөгөө л гарал үүсэлгүй түүхий эд, эрх зүйн орчинтой холбоотой. Хөнгөлөлт чөлөөлөлт гэхээсээ илүү салбарт маань тулгамдаж байгаа томоохон асуудлууд шийдэгдчихвэл хөгжих боломж их байна.
“Цар тахлын үеийн дэмжлэг эзэндээ хүрэх гэж үнэхээр сунжирч байна”
“Ворлд органик фүүдс” ХХК-ийн Ерөнхий захирал С.Өлзийдэлгэр:
-Ихэвчлэн АНУ-аас органик хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг. Оруулж ирсэн материалаараа дотооддоо органик талх, нарийн боовны цех ажиллуулж, үйл ажиллагаа явуулж байна. Бид чацарганын түүхий эдийг олон улсын стандарт хангагдсан үйлдвэрт экспортолж биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргахад бэлэн болсон. Гэсэн хэдий ч цар тахлын улмаас хөл хориотой байсаар ажил удааширч, экспортын асуудал хойшлогдсон. Түрээсийн төлбөр, банкны зээлийн асуудал бидэнд хамгийн хүндээр тусдаг. Гол нь компанид нөлөөлж байгаа энэ байдал нь эргээд манай ажилчдад буюу иргэнд, өрх айлын амьдралд сөргөөр нөлөөлж хүнд байгаа юм. Хөл хориотой учраас ажилчдаа бүрэн цагаар ажиллуулаад явах нь унаа тэрэгний асуудлаас болоод эрсдэл ихтэй гээд хагасыг нь амраачихна. Тэгээд хууль, журмынхаа дагуу амраасан ажилчдад цалингийн 50 хувиа олгоод явж байгаа. Зарим үед нөхцөл байдлаас хамаараад 100 хувь цалинжуулна. Ковид, хөл хорионы улмаас үүссэн бүх алданги, хариуцлагыг компани өөрөө үүрээд явж байна. Манай компани 25 ажилтантай. Хоёр салбар дэлгүүртэй. Хөл хорионы үед хүргэлт ч хийж болохгүй нөхцөлд байсан болохоор орлого бууралгүй яахав. 100 хувь органик үйлдвэрлэл явуулахын тулд гаднаас түүхий эдээ авчрахаас эхлээд олон шат дамжлагын дагуу бүтээгдэхүүнээ хэрэглэгчид хүргэдэг. Бүтээгдэхүүний захиалгаа өгөх, тээвэрлэлт, хүлээлгийн хугацаа зэргээ тооцохоор эргэлтийн хөрөнгө дээр түгжигдэх асуудлууд гардаг. Гэтэл төрөөс дэмжинэ гээд яригдаад байгаа зүйлсүүд аж ахуйн нэгжүүддээ, хэрэглэгчдээ үйлчилж, үйл ажиллагааг бодитоор дэмжиж чадахгүй байна.
Одоо хөл хорио цуцлагдсан ч эргэлтийн хөрөнгийн асуудал үүсээд байна. Одоо яригдаад байгаа эргэлтийн хөрөнгийн гурван хувийн хүүтэй зээлийг авъя гэхээр баргийн аж ахуйн нэгж авч чадахгүй өндөр бас ойлгомжгүй нэг тийм төөрөлдүүлсэн шалгууртай юм байна лээ. Хөрөнгийн баталгаа дутагдалтай аж ахуйн нэгжид батлан даалтаар олгоно гэнэ. “Хөрөнгийн дутагдалтай аж ахуйн нэгж гэж хэнийг хэлэх вэ” гээд цаашилбал асуудал дандаа өгөхгүй дэмжихгүй талаас нь боловсруулсан байх юм. Саяхан гэхэд будааны татварыг тэглэлээ гэсэн. Өнөөдөр ирж байгаа бараагаа гаалиас авах гээд татвараа чөлөөлүүлье гэсэн чинь зөвхөн цагаан будааны татварыг чөлөөлнө гэв. Олон төрлийн, бусад будаанууд хөнгөлөгдөхгүй байх жишээний. Бусад будаа нь яахав болъё гэхэд цагаан будааны татвараа ч чөлөөлүүлж чадаагүй. Учир нь тэр чөлөөлөлтийг авахын тулд холбогдох яамнаас бичиг зөвшөөрөл авах гээд л их ажил болох юм билээ. Тэгэхээр тооны үзүүлэлт дээр бас бодох, ялгаж зохицуулалт хийж өгөх хэрэгтэй л юм шиг. Дээрээс нэг шийдвэр гаргалаа, тэр нь шууд эзэндээ хүрэхгүй, тэр шийдвэр, дэмжлэгийг нь хүртэж чадах аж ахуйн нэгж, компани, байгууллага ховор юм даа.
“Цаашид хөл хорио тогтоохгүй бол бизнес хэвийн болох боломжтой”
-“Plastic center” ХХК-ийн захирал С.Цэвэгсүрэн:
-Манай үйлдвэр хаягдал гялгар уутыг дахин боловсруулж нүхэн жорлонгийн 100 хувь битүүмжтэй хуванцар доторлогоо, худгийн кольцоны иж бүрдэл үйлдвэрлэдэг. 2016 оноос хойш ажиллаж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихэд журмын дагуу үйл ажиллагаа шууд зогсож, борлуулалтгүй учраас ажилчдын цалин тавих асуудалд бэрхшээл үүслээ. Ажилчдын ар гэрийн орлого болон цалин буурсан нь тэдэнд хүндрэл үүсгэж байгаа болохоос биш үйлдвэрийн хувьд харьцангуй асуудал хэвийн байна. Манай ажилчид улсаас олгосон нийгмийн даатгалын чөлөөлөлтөд хамрагдсан. Үйл ажиллагаа тасалдахгүй явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилчдад 200 мянган төгрөг олгох дэмжлэгийг авсан нь бас их хэрэгтэй байлаа. Одоо хөл хорио цуцлагдаж, үйл ажиллагаа жигдэрч эхэллээ. Хөрс гэсэж нүхэн жорлонгийн асуудал эхлэхтэй зэрэгцэн бүтээгдэхүүний эрэлт ч нэмэгддэг. Цаашид хөл хорио тогтоохгүй бол асуудал гайгүй байх. Өнгөрсөн оны хөл хорионы үед хотоос зусландаа гарсан хүмүүс их байсан учраас нүхэн жорлонгийн бохирдлын асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн хэрэглэгчдийн эрэлт нэмэгдсэн. Харин намар буюу арав, арваннэгдүгээр сард борлуулалтаа тэр чигээр нь алдсан. Хэд хэдэн удаа хөл хорионд орсон, үйл ажиллагаа зогссон хэдий ч ажилчдаа цомхотгоогүй. Үндсэн 15 ажилчинтай. Зуны улиралд гэрээт ажилчдыг нэмээд 30 гаруй хүмүүс ажилладаг. Засгаас газраас шийдвэрлэсэн цахилгаан, усны төлбөрийг хөнгөлөх хувь хэмжээний асуудал яг тодорхой болж аж ахуйн нэгжүүдэд ирээгүй байна. Яваандаа Засгийн газрын хөнгөлөлт болон аж ахуйн нэгжийн төлөх хувь хэмжээ тодорхой болно байх. Өөр дэмжлэг гэвэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй зээл олгох, одоо авсан байгаа зээлийн хүүг бууруулж гурван хувьд хүргэх асуудал яригдаж байгаа гэсэн. Энэ дэмжлэг биеллээ олбол тустай байна.
“Арьсан эдлэл хийхэд түүхий эдийн хомсдол үүссэн”
-“Тотем” арьсан эдлэлийн урлангийн Ерөнхий загвар зохион бүтээгч О.Ууган-Октябрь:
-Манай урлангийн онцлог нь захиалсан хүн бүрт зориулж загвар гаргаж, бүх төрлийн арьсан эдлэл бүтээгдэхүүн урладаг. Монголын арьсан эдлэл урлалын салбарыг тодорхой хэмжээнд хөгжүүлэхийг хүсдэг таван залуус нийлээд 2017 оноос энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энгийн үед тавуулаа урландаа сууж ажилладаг. Захиалгаас шалтгаалж 15 хүртэлх тоогоор хүний нөөцөө барьдаг. Цар тахал хөл хорионы улмаас бүтээгдэхүүний түүхий эд, бараа материалын хомсдол үүссэн. Гаднаас авдаг материалын нөөц ч хомсдож байгаа. Тэр хэрээр түүхий эдийн үнэ нэмэгдэж байна. Бүр заримдаа зарлага орлогоосоо их болж дампуурах хүртэлх хүнд нөхцөл байдалд ороод байна. Орлогын хувьд хэвийн ажиллаж байсан үеийнхээс 50-иас илүү хувиар буурсан. Хүний нөөцийн асуудал ч тулгамдаж байна. Яг загварын бүтээгдэхүүн урлаж хийдэг хүмүүс дутагдалтай байгаа нь нэг бэрхшээл юм. Орлоготой холбоотойгоор цалингийн асуудал тулгамдаж байна. Хөл хорионы үед ажлын байр нээгдэхгүй, захиалга зогсчихоор цалингүй суучихдаг. Одоо хөл хорио цуцлагдсан хэдий ч шууд үйл ажиллагаа жигдрэхэд хэцүү. Хойшлуулсан байсан захиалгуудаа эхлээд хийж дуусгахаар ажиллаж байна. Зарим бүтээгдэхүүнээ дэлгүүрт тавиулдаг боловч хөл хорионы үед дэлгүүр хаагдчихаар борлуулах боломжгүй болно гээд асуудлууд бас байсан.Засгийн газрын дэмжлэг бидэнд хүрч байна уу гэвэл яг тэр, энэ гээд хэлэхэд хэцүү юм. Бидний хувьд ажлын байрны түрээс хөнгөлөх, чөлөөлөх асуудал л хамгийн чухал. Цахилгааны төлбөрийг хөнгөлнө гэж байгаа ч одоохондоо энэ шийдвэрийг хүртэж амжаагүй байна. Цаашдаа арьсан эдлэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг дэмжихийн тулд дотоодын арьс ширийг чанаржуулж түүхий эдээр хомстохгүй байлгах. Арьсан бүтээгдэхүүнийг гадагшаа экспортлох боломжоор хангах тал дээр төрөөс бодлого явуулаасай гэж боддог.
“Хатуу хөл хорионд хот руу бараа хүргэхэд төвөгтэй байсан”
-“Гэр гарден” органик хүлэмжийн аж ахуйн захирал Б.Доржпагма:
-Төв аймгийн Баянцогт суманд органик хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Өрхийн аж ахуйн арай томруулсан хэлбэр гэсэн үг. Цөөхөн ажилтантай. Өрхийн хэрэгцээнээсээ гадна 200-300 айлын хэрэгцээг хангах хүчин чадлаар үйл ажиллагаа явуулдаг. Хүнсний ховор нарийн ногоог байгаль ээлтэй арга, гар дамжлагаар үйлдвэрлэдэг онцлогтой. Тиймээс үйлчлүүлэгчийн эрэлт буурдаггүй. Үйл ажиллагаа хөл хорионоос бусад үед хэвийн байгаа. Хатуу хөл хориотой байхад тээвэрлэлтийн асуудал тасалдах эрсдэл л гарч байна лээ. Төв аймгаас Улаанбаатар хот руу хүнсний ногоогоо тээвэрлэж хэрэглэгчдэд хүргэхийн тулд асуудлууд тулгарч байгаа юм. Бусдаар бол гайгүй. Жишээлбэл, энэ сарын 23-н хүртэлх хөл хорионы өдрүүдэд хот руу ачаа тээврийг оруулна. Хүргэлтийн ажилтныг нэвтрүүлэхгүй учраас товчоон дээр очоод наана, цаанаасаа ирж очиж бараагаа татан авч байсан. QR кодоор зорчино, зорчихгүй гээд Засгийн газрын шийдвэрүүдтэй холбоотой асуудлууд бас үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байсан.
Гэхдээ бидэн шиг өвлийн улиралд харьцангуй үйл ажиллагаа бага эрхэлдэг аж ахуйн нэгжид хөл хорио гайгүй туслаа. Энэ хугацаанд манай аж ахуй долоо хоногт нэг л удаа хот руу тээвэрлэлт хийж байсан. Хавар, зун гээд ажил ихтэй үед хөл хорио тогтоовол хүндрэл илүү тусах байсан. Төрөөс бичил аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр яг манай аж ахуйд бол дэмжлэг ирээд байгаа юм байхгүй. Аж ахуйн нэгжийн онцлогоос ч шалтгаалаад ковидын үед хүндрэлд бага өртсөн, нэг их дэмжлэг хүлээхгүй байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL: