Уруулаа буддаг шигээ урлангаа өөд нь татаач, Д.Уранбилэг дарга аа
Эдүгээ 33 жилийн түүхтэй Хүүхдийн урлан бүтээх төв гэж угтаа бол том агуулгатай, том ч байшин савтай нэг байгууллага манай хотын зүрхэн тушаа бий. Дарга нь Д.Уранбилэг гэх залуу бүсгүй 2016 онд ажлаа авч байжээ. Ямар боловсрол, мэргэжилтэй, өмнө нь хаана ажиллаж байсан гэх мэт намтар түүх лав л “гүүглд” алга. Товчхондоо МАН-ын томилгоогоор очсон дарга. Арваад жилийн өмнө өөрийн зураг хөрөг бүхий хавтастай ном гаргаж, сонгуульд нэр дэвших амбицаа илэрхийлж байсан санагддаг. Гадаадад сургууль төгсч, галуу шувууны мах ч идсэн юм шиг билээ. Харин одоо бол хүүхдийн тодотголтой ч унтаа байгууллагын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн зөвлөх С.Лүндэгийн гэргий гэхээс өөр тодотгол хийгээд товойх юмгүй байдаг л нэгэн төрийн түшмэл болсон юмдаг уу даа. Угтаа бол нас залуу байна, төгссөн сургуулийнх нь боловсрол биш гэхэд хавтас нь байна, ажлыг гялалзуулаад, пижигнүүлээд өгч болно оо доо. Магад намын томилгоо нүдээ олоогүйнх биз, Д.Уранбилэг дарга ядахдаа Урлан бүтээх төвийнхөө барилга байшинг засч додомдох талаар өнгөрсөн 5 жилд юу ч хийгээгүй бололтой.
Нүүрэн талаас нь харвал өвөрмөц ногоон өнгөтэй, урд нь цэцэг хуар, усан оргилуур эрээлсэн тун аятайхан обьект. Харин араас нь харвал балгас болоход бараг дөхсөн нь нүд халтирмаар. Ядаж байхад сонгодог хэв загварын бололтой баримал сэлтүүд нь арын хаалгаараа гоожсон, хөглөрсөн байдалтай байх нь эгээ л эзэнгүй айл мэт.
Доторх үйл ажиллагаа нь дүүрч гэхэд гадаад төрхөө засаад янзалчих сэтгэл дарга бүсгүйд байхгүй нь харамсалтай. Эзэн нь хичээвэл овоохон төсөвтэй ч газар. Том ч байшин (ахиад хэлчихье). Төсөв нь хүрэхгүй бол ямар нэг бизнесийн байгууллагад хандаад тусламж гуйхад хүүхдийн байгууллагад үгүй гэх газар үгүй л болов уу. Чойжин ламын сүм музейн дарга Д.Отгонсүрэнгийн жишээг сануулж бас болж байна. Төсөв харахгүйгээр “М Си Эс”-тай хамтраад эртний архитектур, соёл бүхий сүм музейгээ хэрхэн засаж, шинэчиллээ дээ, гүүглдээд үзнэ биз ээ, Д.Уранбилэг дарга аа.
Тэгэх тусмаа Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга нь зүгээр нэг байшин биш уран барилгын хосгүй гайхамшиг өв. Өөрсдийнх нь албан ёсны цахим танилцуулганд “Манай төвийн барилга нь анх 1958 онд ахмад архитектурч Б.Дамбийнямын хосгүй гайхамшигт зураг төслөөр баригдсан барилга бөгөөд сонгодог архитектурын шийдэл бүхий түүх соёлын бахархалт өв тул гадаадын зочид төлөөлөгчдийн заавал сонирхож үзэх газрын нэг билээ” хэмээсэн байгаа юм. Үүнийгээ Д.Уранбилэг дарга уншсан гэж найдаж байна.
Уруулаа буддаг шигээ Урлангийнхаа өнгө зүсийг додомдоорой, Д.Уранбилэг дарга аа. Цааш ахивал, амжвал хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, амжиргааны арга ухаанд сургах, мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөр гоо зүйн хүмүүжил олгох төвийнхөө үндсэн зорилгын хүрээнд гялалзтал ажиллаарай гэж хүсье. Гадуур таныг гоо сайхандаа ихэд анхаардаг, орчин үеийн хүүхнүүдийн нэгэн адил илүү хөөрхөн болох тал дээр технологийн дэвшлийг донжийг нь олоод хийлгэчихдэг гоо зүйн мэдрэмжтэй бүсгүй гэцгээх юм билээ. Та хөөрхөн болж болно оо, бүсгүй хүн шүү дээ. Үүн лүгээ удирдаж буй байгууллагаа ч мөн өнгө зүсийг нь өөд татаарай. Сонгодог архитектурын шийдэл бүхий түүх, соёлын бахархалт өв гэчихээд гаднаа гяланцаг, дотроо паланцаг баймааргүй байна.
Д.Дамдинбат
URL: