Эдийн баялгаас ухааны баялаг үнэтэй

download

Эдийн баялгаас ухааны баялаг үнэтэй. Ядуурлыг бууруулах ажлыг сайн хийхийн тулд зөвхөн эд мөнгөөр тэтгээд зогсохгүй оюун санааг ч баяжуулах хэрэгтэй гэдгийг Хятад улсын нам, засгаас онцлон чухалчилж, ард иргэдийн оюуны амьдралыг баяжуулах, боловсрол соёл хүртээх тал дээр мөн багагүй ажил хийж байна.

     Боловсролоор ядуурлыг бууруулах бодлого болон урлаг соёлыг түгээгч Улаанмөчирийн арга хэмжээ бол үүний нэгэн жишээ.

   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролд бүрэн хамрагдлаа

  Боловсрол хүртэх нь оюун тархиа цэнэглэж байгаа хэрэг. “Бие баатар болбоос нэгэн үеийн баатар, билэг баатар болбоос түмэн үеийн баатар” гэх эзэн Чингис Хааны сургаал үг байдаг. Оюун ухааны хүч чадлыг бишрэн дээдэлсэн өвгөд дээдсийн энэ мэт сургаал, зүйр цэцэн үг олон бий.

Оюун ухаанаа цэнэглэж, боловсрол соёл хүртэнэ гэдэг иргэд өөрсдийгөө хөгжүүлэх, амьдрал үйлсээ цогцлооход маш чухал хөрөнгө оруулалт юм. Тэгвэл энэ тал дээр ядуурлыг бууруулах салбар хэрхэн ажиллаж байна вэ?

Манай сурвалжлах баг 09-р сарын 26-ны үдээс өмнө Өвөр Монголын Улаанцав хотын Дөрвөд хошууны Цагаанбулаг сумын Шантай багийн Жарантайнд зочилсон юм. Биднийг очиход Жарантай эзгүй байв. Түүний ээж Тогоо настан биднийг хүлээн авлаа. 66 хавар намрыг элээж, зажийн үс нь цайж эхэлсэн Тогоо настных 300 гаруй бог малтай, арваад үхэртэй, цэмцгэр сайхан хүрээ хашаа, орон сууцтай нэлээд зэгсэн амьдралтай айл угтсан юм.

Гэхдээ “Аавын хүү адилгүй, арван хуруу тэгшгүй” гэдэг. Өрх тусгаарлаж айл болгосон хүү Жарантайнх нь амьдрал өөдөлж дэгжрэхгүй байгаад сэтгэл санаа нь зовж яваа тухайгаа Тогоо настан бидэнд ярьлаа.

Жарантай хүү, охин хоёртой. Хүү нь багаасаа тархины гажигтай. Энэ нь Жарантайд маш их сэтгэлийн дарамт болж, ажил хөдөлмөр хийж амьдралаа өөд нь татахад сөргөөр нөлөөлж байдаг аж. Улмаар засгийн газраас тэднийхийг улсаас тэтгэх ядуу буурай айлаар бүртгэж, боловсролоор тэтгэхийг багтаасан төрөл бүрийн бодлогод хамруулсан байна.

- Манай хошуу боловсролоор ядуурлыг бууруулах тал дээр ядуу өрхийн оюутнуудад жил бүр 10 мянган юань, ахлах сургуулийн сурагчдад 4850 юань, дунд сургуулийн сурагчдад 2460 юань, бага сургуулийн хүүхдүүдэд 2190 юаний тэтгэлэг олгож байна. Жарантайн хоёр хүүхэд энэ тэтгэлэгт хамрагддаг. Хүү нь сургуульдаа бараг очдоггүй хэдий ч багш нь байнга гэрт нь ирж зааж сургадаг гэж Шантай багийн Намын хорооны нарийн бичгийн дарга Журамтай бидэнд сонирхууллаа.

Бид Дөрвөд хошуу боловсролоор ядуурлыг бууруулах тал дээр хэрхэн ажиллаж байгаа тухай нарийн тодорхой ойлгохын тулд мөн Дөрвөд хошууны Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Лян Жыхуатай ярилцсан юм. Тэрээр:

- Дөрвөд хошууны намын хороо, засгийн газар боловсролын салбарт төвлөрөн анхаарч, сургуулийн барилга байгууламж, биеийн тамирын ордон, тоног төхөөрөмж, сургуулийн орчны соёлын бүтээн байгуулалт зэрэг хүрээнд нийт 530 сая юаний хөрөнгө оруулалт хийсэн. 2017 онд үндэсний албан журмын боловсролын тэнцвэртэй хөгжлийн хяналтад хүлээн зөвшөөрөгдсөн. Ядуурлыг бууруулах эцсийн шатны ажлын явцад “Долоон зурвас төрийн бодлогын баталгаа”-гаар дамжуулан сурах насны хүүхдүүд ядуурлаас шалтгаалж сургуулиа цуцалсан тохиолдол илрээгүй.

Тодруулбал,

Нэг. үндэсний албан журмын боловсролыг баталгаажуулах механизм хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд давхардсан тоогоор нийт 10069 сурагч ашиг хүртэж, ойролцоогоор 9.8 сая юаний тэтгэлгээр хангагдав.

Хоёр. Хөдөө орон нутгийн сургуулиудад “Хоол хүнсийг сайжруулах” төлөвлөгөө хэрэгжүүлэв. Тус хүрээнд давхардсан тоогоор нийт 448 сурагч хамрагдаж, 340 мянган юаний тэтгэмжээр хангасан.

Гурав. Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын баталгааг хэрэгжүүлэв. Давхардсан тоогоор нийт 4555 хүүхдэд тусламж үзүүлж, 10.62 сая юаний төлбөрийг чөлөөлсөн.

Дөрөв. Боловсролоор ядуурлыг бууруулах төрийн бодлого хэрэгжүүлэв. Бүртгүүлсэн ядуу өрхийн давхардсан тоогоор нийт 10528 хүүхдэд тэтгэлэг хүртээж, нийт 23.63 сая юань зарцуулсан.

Тав. Итгэмжлэлтэй зээлийн бодлого хэрэгжүүлэв. Боловсролыг дэмжих 84.8 сая юаний зээлээр хангаж, 6917 оюутанд тусалсан байна.

Зургаа. “Гурван төрлийн хөгжлийн бэрхшээлтэй” сурагчийн боловсрол хүртэх боломжийг баталгаажуулав. “Сурагч бүрт нэг хөтөлбөр” гэх зарчмын дагуу урьдчилан сэргийлэх, хянах бодлого хэрэгжүүлж, нийт хошууны хэмжээнд 36 хүүхдийг анги дагуулан, 22 хүүхдэд гэрт нь очиж хичээл заах үйлчилгээ үзүүлж, 20 хүүхдийг онцгой сургуульд суралцуулан, 5 хүүхдийн хичээлийн жилийг сунгаж, гурван хүүхдийг сургуулиас чөлөөлснөөр байнгын оршин суугч иргэдийн дундах “Гурван төрлийн хөгжлийн бэрхшээлтэй” хүүхдүүдийг бүгдийг “Хувь хүнээс шалтгаалсан боловсрол, бодлого”-д хамруулсан байна.

Долоо. Нийгмийн хүчин зүйлээр ядуурлыг бууруулах бодлого хэрэгжүүлэв. Нийгмийн хүчин зүйлүүдийг идэвхтэй уялдуулан, нийгмийн хүчнүүд болон аж ахуйн нэгж, албан байгууллагуудын хандив тусламж зэрэг арга  барилаар нийт 7.63 сая юаний тусламжийн сан бүрдүүлэн, эдийн засгийн бэрхшээлээс шалтгаалж хүүхэд сургууль завсардахгүй байхыг баталгаажуулсан байна гэсэн байна.

            Урлагаар оюуныг дэмжигч Улаанмөчир

    “Тал нутгийн хөнгөн морьт цэрэг” гэж алдаршсан Улаанмөчир хувьсгалын дуу хоолойг олон түмэнд дамжуулах үйл хэргийг гүйцэтгэж явсан түүхтэй. Шинэ эрин үед мөн нам засгийн дуу хоолой, төрийн бодлогыг ухуулан сурталчлах, уянга дуугаар ард олноо баясган алжаалыг нь тайлах үүрэг хариуцлагаа гүйцэтгэсээр явна.

Хамтарсан сурвалжилгын баг Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошуунд хүрэхэд тус хошууны Улаанмөчир хөдөө орон нутагт тоглолттой гэсэн сайхан мэдээ сэтгүүлчдийг угтсан юм. Энэ боломжоор бид Улаанмөчирийн урлагийн тоглолтыг сонирхсон төдийгүй, мөн үеэр Монголын сэтгүүлчидтэй цахимаар холбогдож, Улаанмөчирийг танилцуулан, тус Улаанмөчирийн дарга Мөнхөөтэй ярилцлаа.

Улаанмөчир Ядуурлыг бууруулах чиглэлд хэрхэн ажиллаж байна, ямар ямар үйл ажиллагаануудыг хэр олон өрнүүлж байгаа зэрэг сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад Мөнхөө дарга хариулт өгсөн юм.

- Улаанмөчир нь ядуурлыг бууруулах хүрээнд суртал ухуулгын чиглэлд илүү ажилладаг. Хөдөө орон нутаг, малчин түмэндээ ядуурлыг бууруулах талын нам, төрийн бодлогыг ухуулахад голлон чиглэж байна. Ядуурлыг бууруулахад эхлээд үзэл бодлыг нь тэтгэх, соёлоор тэтгэх хэрэгтэй. Соёлоор тэтгэх гэдгийн хувьд ард түмний оюун санааны амьдралыг тэтгэх, ая хөгжим, дуу бүжиг, гол сэдвээ барьсан жүжиг найруулж ард түмэндээ хүргэх гэх зэргээр бид уран сайхнаар ядуурлыг бууруулах зорилгыг барьж ажилладаг.

Үүнээс гадна, манай Баруун Сөнид хошууны Улаанмөчир Сайхан-Өлзий сумын Эхэн-Ус багийн ядуурлаас ангижруулах ажлыг дааж хариуцаж байгаа. Энэ нутаг маань говь талдаа, ган хуурай онцлог бүхий бүс нутаг учраас худаг ус малтах, малчдад сүрэг даалган маллуулах гэх зэрэг арга барилаар амьдралыг нь өөд татах ажлыг хийгээд таван жил гаруй болж байна. Энэ ажил маань бас тодорхой хэмжээний амжилтад хүрээд байна гэж ярьлаа.

Сөнид Баруун хошууны Улаанмөчир нь Хятадын анхны Улаанмөчир бөгөөд 1957 оны 06 дугаар сарын 17-нд байгуулагдсан байдаг. Цөөхүүлээ бас хүчтэй, олон талт ур чадвартай, бүтээлээ өөрөө найруулж өөрөө тоглодог нь амьдралд ойрхон байдаг учир тус Улаанмөчир 60 гаруй жилийн турш малчиддаа “Манай Улаанмөчир” гэж дотно дуудагдсаар ирсэн. Улаанмөчир нь “Тоглолт, сурталчилгаа, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх” ажил үүргийг гүйцэтгэн, хөдөө орон нутгаар очиж сургалт сурталчилгаа, эрүүл мэндийг хүндэтгэх, үйлдвэрлэлээр, хөдөлмөр эрхлэлтээр, соёлын түвшинг дээшлүүлэх зэрэг аргаар ядуурлыг бууруулах бодлогыг гүнзгий сурталчилдаг. Энэ бодлогыг олон нийтэд сурталчлан, ил тод болгож, иргэдэд улам их итгэл найдвар өгч байдаг. Ядуурлыг бууруулах ажил эхэлснээс хойш Улаанмөчир ядуурлыг бууруулах бодлогын тухай 380 гаруй сурталчилгааны тоглолт хийж, 20 мянга гаруй үзэгчтэй золгож, 60 мянга гаруй км аялсан байна.

Улаанмөчир 2017 онд дарга Ши Жиньпиний захидлын хариуг хүлээн авсан нь энэхүү утга урлагийн хөнгөн морьт цэргийн ард түмэнд үйлчлэх итгэл үнэмшлийг улам бүр бэхжүүлсэн. Энэ “Жижигхэн баг” маань хүлээн авсан “Том даалгавар”-аа амжилт дүүрэн биелүүлсээр явна. Улаанмөчир улсын “Хамгийн үзэсгэлэнтэй хичээн зүтгэгч” баг, “Улсын үндэстний эв нэгдэл, дэвшлийн үлгэр дуурайл баг”, VII удаагийн “Сэтгэл догдлуулсан Өвөр Монгол хүмүүс – Тусгай шагналт баг” зэрэг хүндэт өргөмжлөлийн эзнээр шалгарч байсан баялаг түүхтэй.


URL: