“Ардчилал уу, дарангуйлагч уу?”

batМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудал одоо ч эргэлзээтэй хэвээр байна. Угтаа бол энэ асуудлыг Үндсэн хуульд тов тодорхой зааж өгсөн ч зарим хуульчид “Х.Баттулга дэвших эрхтэй” хэмээн тайлбарлаж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших сонирхолтой байгаа нь Ардчилсан намд өрнөж буй процессоос тодорхой харагддаг. Учир нь Ц.Туваан нар Х их хурлыг зохион байгуулж Ардчилсан намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулахыг завдсан. Ингэхдээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд ямар ч өрсөлдөгчгүй түүнийг сонгоно гэх дүрмийн заалтыг оруулж, Дээд шүүхэд хүргүүлсэн. Гэвч Дээд шүүх Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан юм.   Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дараах заалтыг тусгажээ.

Үндсэн хуулийн Гучдугаар зүйл:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
  2. Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн дагаж мөрдсөн.

Ингээд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй эсэх асуудлаар бэлтгэсэн “Улс төрийн ард” нэвтрүүлэг “Ардчилал уу, дарангуйлагч уу?” дугаарт дараах хуульчид байр сууриа илэрхийлжээ.

АН-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа өөрөө зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг удаа эдлэх, 50 наснаас дээш байх зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаагаас үл хамаарч ялгамжгүйгээр үйлчлэх ёстой. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг зарчим нь зөвхөн Эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим юм. Ерөнхийлөгч болно гэдэг нь хэн нэгнийг шийтгэж байгаа асуудал биш. Энэ нь сонгох сонгогдох эрхийн асуудал. Энд хууль буцаан хэрэглэх эсвэл эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим огт яригдахгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаар давуу эрх эдэлж болохгүй. Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй юм. Тэгэхээр зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа гэсэн заалт байгаа бол үүнийгээ дагаж мөрдөх ёстой.

Хуульч О.Мөнхсайхан:

-Уг нь бол УИХ дахь МАН-ын 62 гишүүний үзэл баримтлал тодорхой байсан. Одоо бол тайлбарын асуудал шаардаж байна. Үндсэн хуулийг тайлбарлах олон янзын аргачлал байдаг. Эхнийх нь баталсан хүмүүс юу бодож байсан бэ гэдгээр тайлбарлаж болно. Үүгээр нь харах юм бол зургаан жилээр нэг удаа гэдэг нь шинээр эхэлнэ, өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвшихгүй гэдэг утгатай заалт явж байгаа юм. Тийм учраас хэрэгжих хугацааг 2025 он байсныг нааш татсан. Тэр өнцгөөр харах юм бол одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихгүй. Хоёрдугаарт, текст харах юм бол зөвхөн нэг удаа зургаан жил гэж байгаа юм. Нэг удаа гэдэг нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэдгийг баталгаажуулсан өгүүлбэр юм.

Өмнөөлөгч Б.Мэргэн:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэглжиж эхэлсэн. Миний өөрийн зүгээс одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэж тайлбарлаад байгаа. Яагаад гэвэл нэг удаа нэр дэвшээд сонгогдчихсон.

Хуульч О.Баасанхүү:

-Үндсэн хуульд 50 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаатай, нэг удаа сонгогдоно гэж заасан. Жишээ нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч дөрвөн жил байсан дахиад нэр дэвшээд сонгогдох юм бол 10 жил болно. Хоёрдугаарт, Х.Баттулга нэг удаа сонгогдчихсон. Тэгэхээр дөрвөн жилийн бүрэн эрх эдэлсэн, найм байх ёстой, хууль буцаан хэрэглэгдэхгүй гэж ярьдаг. Өнөөдөр Үндсэн хуульд нийцүүлж хууль гаргадаг болохоос Үндсэн хуулийг буцаан хэрэглэх, шууд хэрэглэх гэсэн зарчим байхгүй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдох эрхтэй гэдэг заалтыг тодотгож өгсөн. Энэ өгүүлбэрт хоёр үгийг онцлоход 50 насны тухай болон зөвхөн нэг удаа сонгогдох эрхийн тухай асуудал юм.


Хуульчид ийн тайлбарлаж байгаа ч нөгөө талд одоогийн Ерөнхийлөгч дэвших эрхтэй хэмээн тайлбарлах хуульчид цөөнгүй бий. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Үндсэн хуулийн цэц Т.Доржханд гишүүний хүсэлтийг үндэслэж шалгаж эхэлсэн боловч Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт цэцийн гишүүдийг ээлж дараалан дуудаж, уулзаж эхэлсэн талаар “Улс төрийн ард” нэвтрүүлэг “Ардчилал уу, дарангуйлагч уу?” дугаартаа дурджээ.

Эцэст нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гэх халхавчаар 2021 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр Үндсэн хуулийн цэц дээр өөрийн биеэр анх удаа очсон юм. Тэрбээр УИХ-аас баталсан тодорхой хуулиуд дээр хориг тавьж байгаагаа уламжлан цэц дээр очсон нь цэцийн гишүүдэд нөлөөлөх гэсэн оролдлого байж болзошгүй. Тэрбээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр хандвал цэц татгалзах эрхгүйгээр хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэрлэх ёстой гэж үзээд “нүүсэн” талаар тус нэвтрүүлэгт дурдав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгыг “араар нь тавьсан уу”

Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Үндсэн хуулийг батлах явцад өөрийн биеэр байнгын хорооны хуралд оролцож, Үндсэн хуулийн өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхлэхээр хугацааг нь өөрчилсөн. Үүний дараа ч Ерөнхийлөгч хориг тавиагүй нь З.Энхболдын явуулга аж. Өөрийнх нь ёсчлон баталсан хууль нэр дэвших эрхийг нь хязгаарлана гэж Ерөнхийлөгч Х.Баттулга анзаараагүй ба Тамгын газрын даргадаа бат итгэсэн нь энэ юм.

Ардчилсан намын лидерүүдээ толгой дараалан шоронд хийсэн, зөвхөн өөрийн зөвлөх, тойрон хүрээлэгчдээ УИХ-ын сонгуульд ялуулсан, томоохон төслүүдийг он удаан жил гацаасан Монголын нууц гэдгээр халхавчилж, стратеги нь тодорхойгүй төмөр замыг төрийн өмчөөр барьж байгаа гэх мэт олон шалтгаанаар АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчийг АН-ын гишүүд дэмжихгүй байгаагаа олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн аж. Монголын ардчилалд сүүдэр тусч, дарангуйлагч төрөх нь гэж байсан улстөрийн ар дахь жүжгийг С.Эрдэнэ болон З.Энхболд нар илчилсэн талаар тус нэвтрүүлэгт онцолжээ.


URL: