Оффшорчдын диваажин Люксембургийн “рентген зураг”

712-1613634567602e14fab2297

Үлгэрийн мэт төсөөлшгүй их хөрөнгө баялаг, этгээд хачин эзэнт улсын эрэлд мордохдоо заавал Африкийг зорих шаардлагагүй гэдгийг Францын “Ле Монд” сонины сэтгүүлчид хэлж байна. Тэд хөрш Люксембург улсад очиж, тэнд байгаа санхүүгийн баримт бичгүүдийг ухаж төнхөж үзжээ. Нам гүмхэн энэхүү жижигхэн вант улс үнэн хэрэг дээрээ Арабын шейхүүд, дэлхийн тэрбумтнууд, олон улсын корпорациуд, тамирчид, гэмт хэрэгтнүүдийн хувьд мөнгөө татвараас нуудаг асар том оффшор бүс болон хувирсан байна.

Люксембургийн санхүүгийн төв өөртөө ямар нууцыг агуулж байна вэ гэсэн асуултын хариу өнөөг хүртэл олдсонгүй. Европын Холбооны /ЕХ/ төвд оршдог, дэлхийн хамгийн гол 5 оффшор бүсийн нэгэнд тооцогдож буй өчүүхэн жижиг гүнт улсын нууц агуулахад юу хадгалагдаж байна вэ?
“Le Monde” сонины сэтгүүлчид хэвлэл мэдээллийн 16 байгууллагатай хамтран жил гаруйн турш явуулсан OpenLux гэдэг нэртэй эрэн сурвалжлах ажиллагааны явцад дараах баримт тодорхой боллоо. Люксембургийн Их Гүнт улсад 6,5 их наяд еврогийн актив бүхий 55 мянган оффшор компани бүртгэлтэй байдаг аж.
Оффис ч үгүй, ажилтнууд ч үгүй эдгээр хий үзэгдлийн компанийг тэрбумтнууд, олон улсын корпорациуд, тамирчид, жүжигчид, улс төрийн дээд зиндааныхан, хаадын гэр бүлийнхэн байгуулжээ. 2586 хав.дөр. км газар нутагтай Люксембург улс дэлхийн баялгийг соронзон мэт татна. Тайгер Вүүдс ба Эрмесийн гэр бүлийнхэн Шакира, Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайжтай хөрш залгаж амьдарна. LVMH, Kering, KFC, Amazon гэх мэт олон зуун корпорациуд Их Гүнт улсад охин компаниудаа байгуулжээ. Баячуудын гэр бүлийнхэн үл хөдлөх хөрөнгөнийхөө өгөөжийг хүртэж сууна.
OpenLux-ын мөрдөлтийн явцад илрүүлсэн нэг зүйл бол хардлага төрүүлэхээр мөнгө хөрөнгө Люксембургт нууцаар байршиж байсан явдал юм. Эдгээр мөнгө нь гэмт бүлэглэлүүд, олон улсад эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийнх байж болзошгүй гэж сэжиглэх үндэслэл бий. Тухайлбал, Италийн мафийн “Ндрангета” гэдэг байгууллага, Оросын эрүүгийнхэнтэй холбоотой компаниудыг дурдаж болно. Италийн хэт барууны “Лига” намынхан Люксембургт хөрөнгөө нуужээ. Венесуэлийн дэглэмтэй холбоотой хүмүүс төрийн худалдан авалтаас луйвардаж олсон мөнгөө эргэлдүүлж байв.
Эрэн сурвалжлах ажиллагаа явуулахын тулд Le Monde сониныхон Люксембургт бүртгэлтэй 140 мянган байгууллагын /компани, сан/ эцсийн өмчлөгчдийн талаарх асар том өгөгдлийн санг байгуулж, 3,3 сая ширхэг захиргааны акт, санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийжээ. Эдгээр нь Люксембургийн худалдааны цахим бүртгэлийн сангаас олон нийтэд ил болгосон санхүүгийн баримтууд юм. Сэтгүүлчид тэдгээрт дүн шинжилгээ хийхийн тулд олон улсын хэвлэл мэдээллийн 16 байгууллага, тэдгээрийн дотор Германы Sьddeutsche Zeitung, Бельгийн Le Soir, Америкийн McClatchy, Люксембургийн Woxx, Италийн IrpiMedia сонинууд болон авлигын эсрэг OCCRP консорциумтай хамтран ажиллажээ.
157 үндэстэн ястан цугласан газар
Эрэн сурвалжлах ажиллагааны дүнг харвал, Их Гүнт улс нь Лондон Сити ба Британийн Виржинийн арлуудын дундах жинхэнэ оффшор бүс болжээ. Дээрх компаниудын 90 орчим хувь нь гадаадынхны эзэмшилд байдаг ба 157 үндэстнийг төлөөлж буй эзэмшигчдийн дотор францчууд толгой цохиж байгаа бөгөөд тэд 17 мянган компанийг эзэмшдэг гэдгээрээ жагсаалтыг тэргүүлж байна.
Тэдгээр компанийн активын хэмжээ нь үнэхээр гайхшрал төрүүлнэ. Тухайлбал, Саудын Арабын хан хүүгийн Франц дахь харш, Анжелина Жоли, Брэд Питт нарын усан үзмийн талбай, Номин эрэг дэх асар олон тооны харшууд, Парисын тансаг орон сууцнууд гэх мэт асар үнэтэй эд хөрөнгө Люксембургт байршдаг тухай ярьж буй хэрэг. Мөн Францын аж үйлдвэрийн манлай болсон Yves Rocher, Hermиs, JCDecaux, Decathlon зэрэг компанийн хөрөнгө ч бий. Нэг үгээр хэлбэл, Люксембургийн Их Гүнт улс Францын нэг хэсгийг эзэмшилдээ авчихсан мэт.
Франц ч гэсэн бас үүнээс хоцорсонгүй. Үл мэдэгдэх хөрөнгө оруулалтын сангууд Люксембургийн компаниудын тусламжтайгаар Берлин, Лондоны бүхэл бүтэн орон сууцны хорооллуудыг худалдан авч, үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөргөдөж байна. Тэдэнд илэрнэ гэх айдас байхгүй бөгөөд татвар төлөх шаардлагагүй. Олон улсын активуудын жагсаалт үнэхээр алмайруулж байна: тансаг байшингууд, орд харшууд, хөнгөн завиуд, нисдэг тэргүүд, хувийн нисэх онгоцнууд, урлагийн бүтээлүүд…
OpenLux ажиллагааны явцад олж тогтоосон эцсийн өмчлөгч болох 64 458 хүний нэрсийн жагсаалт нь дэлхий дахины баялгийн багагүй хэсгийг Люксембургийн Их Гүнт улс өөртөө төвлөрүүлсэн гэдгийг нотолж байна. Тухайлбал, Форбес сэтгүүлд дурдагдсан дэлхийн 2 мянга гаруй тэрбумтнуудаас 279 хүн, Францын хамгийн чинээлэг 50 гэр бүлийн 37-ийнх нь нэрс жагсаалтад бий. Тэд Люксембургийн олон арван холдинг компаниар дамжуулан өөрсдийн компаниуд, эд хөрөнгө, хөрөнгө оруулалтаа хянаж байдаг.
Татварын диваажин
Дэлхийн баячууд Люксембургийг сонгож буй нь хэд хэдэн шалтгаантай. Тодруулбал, тус улс Европын Холбооны төвд байрладаг, санхүүгийн үйлчилгээний чанарын стандарт өндөр, бизнесийнхэнд ээлтэй санхүүгийн дүрэм журамтай, төрийн байгууллагуудтай шууд харилцах боломжтой, улс төрийн байдал нь тогтвортой. Гэхдээ хамгийн гол хүчин зүйл бол татвар ба бусдад анзаарагдахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж. Энэ бол Ерөнхий сайд асан Жан-Клод Юнкерийн /хожим Европын Комиссын тэргүүн болсон/ үед гаргасан улс төрийн шийдвэрүүдийн үр нөлөө юм.
2014 онд явагдсан LuxLeaks эрэн сурвалжлах ажиллагаанаас хойш Люксембургийн эрх баригчид олон улсын том корпорациудтай хэт өндөр ашиг өгөх хэлцлүүд байгуулахаас зайлсхийх болжээ. Гэсэн хэдий ч санхүүгийн хөнгөлөлтийн тогтолцооны нөлөөгөөр олон аж ахуйн нэгж, чинээлэг хүмүүсийн хувьд Люксембург нь татвараа төлөвлөхөд ээлтэй газар хэвээр байна. Зарим тохиолдолд уг тогтолцоог урвуулан ашиглаж, татвараас зайлсхийх оролдлогууд гарсаар.
Оффшорын цар хүрээ улам тэлсээр люксембургчууд улс орноор нь дамжиж буй санхүүгийн урсгалыг үр дүнтэйгээр хянах хүн хүчний нөөцгүй болжээ. Хүний нөөц нь жижигхэн вант улсын хэмжээнд тохирч байгаа хэдий ч оффшорыг хянахад яагаад ч хүрэлцэхгүй байна. Худалдааны бүртгэлийн албанд ердөө 59, Санхүүгийн салбарыг хянах Комисст 90 хүн ажиллаж байгаа аж.
Бага татвараар бусдыг татахаар оролдож буй улс бол ганцхан Люксембург биш ээ. Гэхдээ тус улсад явуулсан эрэн сурвалжлах ажиллагаа нь татварын тогтолцоог урвуулан ашиглаж буйг анх удаа баримтжуулан нотолсон юм.
2018 онд ЕХ-ны баталсан “Бүх гишүүн улс дахь аж ахуйн нэгжүүдийн эцсийн эзэмшигчдийн ил тод жагсаалтыг бүрдүүлэх” тухай удирдамжгүйгээр “ОpenLux”-ыг явуулах боломжгүй байсан. 10 жилийн туршид үргэлжилсэн санхүүгийн дуулиан шуугиан 2016 онд оргилдоо хүрч, “Панамын баримт бичгүүд” ил болсны дараа дээрх түүхэн шинэчлэлийг хийсэн билээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд мөрдөгчид болон татварын албаныхан “нэг өдрийн компани”, “хуурамч нэрээр бүртгүүлсэн компани” гэх мэт зүйлстэй олонтоо тулгарч байв.
Люксембург бол ЕХ-ны удирдамжийг хамгийн түрүүнд биелүүлсэн улсуудын нэг бөгөөд 2019 оны намар эцсийн эзэмшигчдийн жагсаалтыг гаргасан аж. Тэгэхээр ил тод байдлын үр нөлөө гарч байна гэж санагдмаар. Гэвч OpenLux-ын ажиллагааны явцад илэрсэн дутагдлууд нь улс орнууд өөрсдийн санхүүгийн тогтолцоог үр дүнтэйгээр хянах, уг жагсаалтын найдвартай, үнэн зөв байдлыг хангаж чадаж байна уу гэдэг тал дээр эргэлзээ төрүүлж байгаа юм. Учир нь, Люксембургт бүртгэлтэй компаниуд ба сангуудын тал орчим хувийнх нь эцсийн жинхэнэ эзэмшигч нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.
Гэтэл ЕХ-ны удирдамжид “эцсийн жинхэнэ эзэмшигчдийн талаарх мэдээллийг ил тод болгох нь иргэний нийгмийн хяналтыг өргөжүүлэх боломжийг олгож, худалдааны операци ба санхүүгийн тогтолцоо шударга байгаа гэдэгт итгэх итгэлийг батжуулахад тус дөхөм болно” гэж дурдсан нь бий.
Люксембургийн санхүүгийн төвийн үнэн төрхийг илчлэхийн тулд бид тус улсад бүртгэлтэй 140 мянган компанийн жинхэнэ эзэмшигчид ба тэдний санхүүгийн актив хөрөнгийн талаар урьд хожид байгаагүй өргөн хүрээтэй мэдээллийн баазыг бий болголоо. Үүний тулд эцсийн эзэмшигчдийн талаарх Люксембургийн бүртгэл дэх хязгаарлагдмал байдлаар ил болгосон олон сая баримтыг цуглуулсан юм. Бүтэн жилийн туршид бид олон улсын хэвлэл мэдээллийн Sьddeutsche Zeitung, Le Soir, OCCRP, IrpiMedia, McClatchy, Woxx, iStories, Arij, Krik, Bivol, investigace.cz, Piauн, Tempo, Armando Info, La Naciуn, Inkyfada гэсэн 16 байгууллагатай хамтран ажиллалаа.
OpenLux гэдэг нь ЕХ-ны төв дэх оффшор бүс болох Люксембургийн нууцлаг байдлыг илчлэх зорилгоор Францын Le Monde сонины редакцийн Les Dйcodeurs бүлгээс явуулсан эрэн сурвалжлах ажиллагааны нэр юм.
Б.Адъяахүү

URL: