НАТО-гийн шинэ үзэл баримтлал Орос, Хятадыг тогтоон барихад чиглэнэ
БРЮССЕЛЬ. /TASS/. НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтаар батлах стратегийн шинэ үзэл баримтлал нь Хятад, Оросыг тогтоон барихад чиглэнэ.
Ийм мэдэгдлийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Батлан хамгаалахын сайд нарын түвшинд хийж буй тус эвслийн зөвлөлийн цахим уулзалтын эхний өдрийн дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хийжээ.
“Энэ жилийн дээд хэмжээний уулзалтад энд цугларах төр, засгийн тэргүүн нарт би НАТО-гийн стратегийн үзэл баримтлалыг шинэчлэхийг санал болгож байна. Бид стратегийн үзэл баримтлалаа шинэчлэх цаг нь болсон гэж үзэж байна. 2010 онд боловсруулсан үзэл баримтлал нь бидний хэрэгцээг маш сайн хангаж байгаа боловч нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгдсөн. Тухайлбал, өөрчлөгдөж буй хүчний харьцаа ба Хятадын өсөлт дэвшил, уур амьсгалын өөрчлөлтийг тооцоогүй болно. Бид үүнийг шинэ үзэл баримтлалдаа харгалзан үзэх ёстой” гэж тэрбээр хэлжээ.
Үүнээс гадна, баримт бичигт ОХУ-ыг чиглэх шинэ чиг шугамыг харгалзан үзэх ёстой гэж Столтенберг хэлэв. “2010 оны үзэл баримтлалд бид ОХУ-тай стратегийн хувьд түншлэх талаар ярилцаж байсан боловч үүнээс хойш тус улсын хөрш орнууд руугаа чиглэсэн түрэмгий үйл ажиллагааг бид харж байгаа бөгөөд нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Тиймээс бид үзэл баримтлалыг шинэчилж, үнэт зүйлсээ бататгахын зэрэгцээ Европ, Хойд Америкийн хоорондох хэлхээ холбоог бэхжүүлэх хэрэгтэй” гэж тэрбээр нэмж дурдсан байна.
НАТО нь “эвслийн бүх орны адил Москва, Бээжинг сөрөн зогсох ёстой гэж үзэж буй улс орнуудын” улс төрийн яриа хэлэлцээний талбар болох ёстой гэж Столтенберг цохон тэмдэглэв.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: