Аюулгүйн зөвлөлийн гишүүд “Ах дүү” бололцох аюултай ажээ
2021 оны нэгдүгээр сарын 21. Энэ өдөр ямар ч утгаараа түүхэнд тэмдэглэгдэнэ. Учир нь 2020 оны сонгуульд ялсан намын дарга У.Хүрэлсүх 31 дэх Ерөнхий сайдаар улиран ажиллаж байсан. Түүнийг 2024 оны хүртэл өлхөн ажиллана гэж олон нийт үзэж байв. Гэвч 2021 оны нэгдүгээр сарын 20-ны орой нэгэн телевиз COVID19-ийн халдвар авсан дөнгөж төрсөн эх, нярай хоёрыг амаржих газраас хэрхэн авч явсныг мэдээлж, маргааш нь У.Хүрэлсүх хүсэлтээрээ огцорсон.
Энэ бол байх асуудал. Улс төрийн гоё соёл. Бас зоригтой шийдвэр. Гадаадын зарим хэвлэлд ч жишээ болж бичигдээд сүйд болсон.
Гэвч олон нийтийн хөөрч догдолж, харуусч гомдсоор буулгасан У.Хүрэлсүх яагаад огцрох өргөдлөө өгсөн бэ гэдэг одоо болтол оньсого хэвээр байна. Гэхдээ шалтгаан нь эх, нярай хоёр биш байжээ. Харин шалтаг нь болсон бололтой.
Ер нь бол У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцроход гол нөлөө үзүүлсэн хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга болж таарав.
У.Хүрэлсүхийн огцрохдоо хэлсэн үгнүүд үүнийг нотолно. Тэрээр Ерөнхийлөгчтэй холбоотой маш ноцтой зүйлүүдийг дэлгэсэн. У.Хүрэлсүх 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр “…Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ итгэж найдаж хамтарч ажилласан. Харамсалтай нь миний итгэл найдвар алдарсан. Би цаашид олон удаагийн жагсаал цуглаан хийж Монгол Улсын засаг төрийг үймээн самуунтай байхыг хүсэхгүй байна. Монгол төр тогтвортой ажиллаасай гэж хүсч байна. Би долдугаар сарын 1-нийг хүсдэггүй хүн” гээд “…Өчигдрийн жагсаал цуглаанд бид оролцоогүй гэж яриад хэрэггүй. Олон баримт нотолгоогоор энэ нотлогдож байгаа. Би цаашид энэ ажлыг өгснийхөө дараа Монгол Улсын хууль дүрэм хэрхэн яаж зөрчигдөж байсан талаар, Монголын шүүх прокурорын байгууллагад яаж дарамт шахалт болдог байсан талаар баримттай ярина” гэж мэдэгдсэн.
Мөн “…Монгол Улсын шүүх прокурорын байгууллага хараат бус байгаасай гэж хүсдэг. Би ҮАБЗ-ийн хурал дээр гишүүдэд болон холбогдох хүмүүст хэлж байсан. Наад албан тушаалууд чинь мөнхийн биш шүү. Та бүхэн хэзээ нэгэн цагт төрийн өмнө шалгагдана шүү. ҮАБЗ хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө. Хэрэв та бид нар хууль зөрчвөл энэ Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэдгийг удаа дараа хэлсэн, сануулсан. З.Энхболд даргыг Тамгын газрын дарга байхад нь удаа дараа сануулж байсан. Одоогийн шинэ залуу дарга байхад ч би удаа дараа сануулж байсан. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүхэд удаа дараа сануулж хэлсэн” гэв. Түүнчлэн “…Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа. Энэ хүн бол нам бус хүн. Намаасаа татгалздаг. Дандаа намын ажил хийж байгаа. Танай намынхан ч гэсэн өөрсдөө үүнийг шүүмжилдэг. АН-ыг самарсан, одоо ардын Засгийг самарлаа, цаашдаа Монголыг самрах юм байна гэж би бодож байгаа” гэлээ.
Энэ үнэн бол У.Хүрэлсүхийн энэ хэдхэн өгүүлбэр дотор Ерөнхийлөгч Х.Баттулгад онц ноцтой гэмт хэргийн хэд хэдэн зүйл ангиар эрүү үүсгэх үндэслэл явж байна. Харин худал бол Х.Нямбаатарыг шүүхэд өгсөн шигээ У.Хүрэлсүхийг өгөх хэрэгтэй.
У.Хүрэлсүхийг огцордог өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд үг хэлсэн. Бас маш ноцтой. Хэн нэгэн рүү дайраагүй ч Монголын төрийг ганхтал үг хэлсэн. Тэрээр “…Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй. Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна” гэв.
Төрийн эргэлт гэсэн шүү дээ. Энэ төрийн эргэлт гэдэг “үг” бол хүчирхийлэлтэй, Үндсэн хуулийг зөрчиж, Үндсэн хуулийг тогтолцоог унагаах, өөрчлөх, төрийн эрх мэдлийг булаан авахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, төрийн эргэлтийг хууль ёсны эрх мэдлийг унагах зорилгоор зохион байгуулалттай бүлэглэлийн хийсэн гэнэтийн хууль бус Засгийн газрыг өөрчлөх явдал гээд ойлгочиход болно.
Ерөнхийлөгчийн хэлснээр харвал Сү.Батболд төр эргүүлээд У.Хүрэлсүхийг буулгаж, Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлээд Засгийн газарт нь баахан танихгүй сайд “шахчихсан” болж таарав уу.
Хамгийн гол нь шинээр эмхлэгдсэн Засгийн газарт Ерөнхийлөгч Х.Баттулга машид сэтгэл хангалуун байгаа нь харагдсан шүү.
Энэ мэтийн ноцтой үгнүүд Ерөнхийлөгчөөс ч, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхээс ч гарсан.
Нэг ижил агуулга бий. Ерөнхийлөгч “…Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй” гэсэн бол Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “…Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ итгэж найдаж хамтарч ажилласан. Харамсалтай нь миний итгэл найдвар алдарсан” гэв.
Тийм ээ, тэр хоёр маш дотно байсан. Хуурай ах дүүс гэхэд болно. Дотно нь хэтрээд протоколгүй уулзалтуудыг ч хийдэг байсан тухай жиг жуг хийдэг байв. Мөн өөрсдөө шинэ жил, цагаан сараар хундаганы үг хэлэхдээ “…Бид эвтэй байгаа” гэж байнга ярьдаг байлаа.
Харин энд хүрээд тэдний нөхөрлөл дуусчээ. Салаад хамаг муугаа уудалцгаадаг хосууд шиг бие биеэ ширэв татаад сүйд…
Хамгийн ноцтой нь Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүний асуудал биш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн төрийн хоёр том институцийн хэрэг юм.
Тодруулбал, “…Төрийн эргэлт болчихлоо” гэсэн ойлголттой байгаа Ерөнхийлөгч тэр эргэлтийг нам дарна гээд өөрийн мэдэл дэх зэвсэгт хүчнийг хөдөлгөвөл юу болох вэ. Бас Ерөнхий сайд нь “…Ерөнхийлөгч жагсаал цуглааны ард байна, зохион байгуулаад байна” гээд цагдаа, дотоодын цэргийг хөдөлгөж сүйд хийвэл яах вэ. Наад захын сэрэмжлэх асуудал нь энэ. Цаашилбал, тэд муудалцаад улсын нууцаар “байлдвал” яах вэ. Үүнээс цаашаа маш ноцтой байдал үүсч мэдэх агуулга хэн хэнийх нь үгэнд байна.
Энэ бүхэн ганц л дүгнэлтэд хүргэж байгаа юм. Юу гэвэл Аюулгүйн зөвлөлийн гишүүд ах дүүс шиг ойрхон байж болохгүй, аюултай юм байна. Яагаад Монголын Үндсэн хуулиар хэн нэг нь “атаман” болдоггүй вэ гэдгийг эндээс харж болно. Нэг хүн шиг нийлж аваад юу ч хийж баллаж мэднэ, манай улстөрчид.
Ямар ч байсан агсарч агсарч сэнтийгээсээ буусан У.Хүрэлсүх тэмцлээ хэрхэн үргэлжлүүлэхийг харъя. Тэр хэлэхдээ “…Би цаашид энэ ажлыг өгснийхөө дараа Монгол Улсын хууль дүрэм хэрхэн яаж зөрчигдөж байсан талаар, Монголын шүүх прокурорын байгууллагад яаж дарамт шахалт болдог байсан талаар баримттай ярина” гэсэн. Тэдгээрийг нь ч сонсъё. Ямар ч байсан тэдний 2021 оны нэгдүгээр сарын 21-нд хэлсэн үгнүүдийг мартаж, хаяж болохгүй гэдгийг нийтээрээ бодох хэрэгтэй.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: