Шахмал түлш тараалтын тухай мэдээлэл – 2021.2.3
Баянгол дүүргийн засаг даргын санаачлагаар энэ цар тахлын үед сайжруулсан түлшийг нөөц хөрөнгөнөөсөө санхүүжүүлэн дүүргийн нийт гэр хороод болох 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хорооны түлш хэрэглэдэг 8650 айл өрхөд 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 40 цэгээр дамжуулан үнэ төлбөргүй олгож буй ажил зохион байгуулагдаж байгаа.
Нэг айл өрхөд нийт 30 шуудай түлшийг 5 долоо хоногийн турш олгохоор төлөвлөсөн байна. 5 долоо хоног гэдэг нь учиртай. 7 хоногт 1 айлд нэг удаадаа 6 шуудай түлш олгох зохицуулалт УБ хотын бүх сайжруулсан түлш хэрэглэдэг айл өрхүүдэд мөрдөгддөг. 6 шуудайг 5 долоо хоногоор үржүүлэхэд 30 гарч байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Цар хүрээний хувьд дүүргийн нийт айл өрхүүдийг хамарч буй энэхүү арга хэмжээ нь хэд хэдэн байгууллагуудын уялдаа холбоо, өндөр түвшний зохион байгуулалтын шаардаж байгаа нь үнэн. Тэр ч утгаараа зарим цэгүүдэд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан жижиг сажиг асуудал гарахыг үгүйсгэхгүй.
Хуучин цагт бид нүүрс хэрэглэдэг байхад дийлэнхи нь 2 удаагийн худалдан авалтаар бараг болгодог байжээ. 10 сарын үед нэг портер нүүрс, цагаан сарын үед 1 портер нүүрс авахад хангалттай хүрдэг байсан. Харин сайжруулсан түлшний хувьд нөхцөл байдал огт өөр юм. 7 хоног тутмын худалдан авалтыг шаардаж байгаа. Шалтгаан нь нэг дор маш олон айлыг түүхий нүүрс шиг тэр дор нь хангах үйлдвэрийн хүчин чадал хараахан бүрэлдээгүй байгаа, заавал үйлдвэрийн шат дамжлага шаардсан бүтээгдэхүүн юм. Жилээс жилд шинэ үйлдвэрүүд барьж хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай.
Засаг даргын санаачилсан ажлын зохион байгуулалтын хувьд таван толгой түлшний хяналтын ажилтнууд хорооны хэсгийн ахлагч нараас тухайн түлшний цэгт хувиарлагдсан айлуудын мэдээллийг долоо хоног бүр авна. Тухай нэрсийн дагуу үнэгүй түлшийг тухайн 7 хоногийн турш бүх айлуудад олгоно. Жишээ нь: тухайн нэг цэгт 100 айл хувиарлагдсан бол 7 хоног бүр тухайн цэгийг 100 айлын нийт 600 шуудай түлш буюу 15 тонн түлш 7 хоногийн турш хуваагдаж буух юм. 7 хоногийн турш олгоход зарим олон өрх хувиарлагдсан цэгүүдэд очер дараалал үүснэ. Өдөрт нэг цэгт нөхцөл байдлаасаа шалтгаалаад доод тал нь 2,5 дээд тал нь 7,5 хүртэл тонн түлш байршиж байгаа нь 16-50 айлд тараагдах боломжтой гэсэн үг.
Гэтэл жишээ нь даваа гаригт тухайн цэг дээр 16 айлд тараагдах түлшинд 25 айлын эрэлт үүссэн байлаа гэхэд эхэнд очерлосон 16 айл түлшээ аваад үнэгүй түлш дууссан тул үлдсэн 7 айл дулаан хонохын тулд мөнгөөрөө авахаас өөр аргагүй нөхцөл байдалд орж байгаа юм. Мөнгөөрөө авахад заавал картыг нь уншуулж түлшээ зарах ёстой тул нөгөө Даваа гаригт түлшээ мөнгөөрөө авсан айл Пүрэв гаригт нь очер нь гайгүй болсон үед түлшээ авах гээд очтол 7 хоногийн лимитний 6 түлш бүхий картыг нь аль хэдийн уншигдсан тул тухайн 7 хоногтоо үнэгүй түлш авах боломжгүй болж байгаа юм. Иргэдийн сайжруулсан түлштэй холбоотой асууж буй 1-р нийтлэг асуулт бол энэ юм. Хариулт нь: Тэгвэл энэхүү ажлыг зохион байгуулж буй ажлын албанаас 5 долоо хоногийг 7 долоо хоног болгон сунгасан байгаан байна. 2 долоо хоног магадгүй та мөнгөөрөө нүүрс авсан бол бусад 5 долоо хоногт нь үнэгүй нүүрсээ авах боломжтой болж байнаа гэсэн үг.
2-рх нийтлэг асуудал бол очер дарааллын асуудал. Цэгүүдийн онцлогоос шалтгаалан зарим газар очер дараалал үүсдэг бол зарим газарт очергүй байдаг. Очергүй байлаа гээд хэн дуртай нь очоод авах боломжгүй. Яагаад гэвэл айл бүр тодорхой цэгт хувиарлагдсан тул тухайн цэгээсээ л авах ёстой. Эртхэн шиг авах, очер нь дуусахаас өмнө авахын тулд өглөө эрт очно. Гэтэл амьдрал баялаг тул зарим үед түлш нь хоцорч ирдэг. Байгуулагдаад 2 дох жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч УБ хотоо утаанаас салгаж чадаж байгаа Таван Толгой сайжруулсан түлш компани олон цэгийг нэгэн зэрэг хангах нь хялбар байхгүй нь мэдээж. Янз бүрийн байдлаар техникийн саатал гарах нь наад захын асуудал. Мөн үйлдвэрийн хүчин чадал, байнгын тогтвортой, үр бүтээлтэй ажиллагаа зэргээс бүтээгдэхүүний гарц нь ч хамаарч байгаа нь ойлгомжтой. Эдгээрээс шалтгаалан өглөөнөөс хойш очерлосон хүмүүс маань түлшээ авахгүй удсанаас болж асуудал гаргаж байгаа нь үнэн. Харин энэ асуудал дээр иргэд маань хүлээцтэй тайван, аль аль талаа ойлгож хандах нь чухал санагдсан. Эхний 2 долоо хоногт гарсан асуудлууд дээрээ алдаагаа засч сайжруулахаар ажиллаж байгаа нь харагдсан. Хорооны зүгээс ч сайжруулалт дээр чадахаараа туслах болно. Тус үйл ажиллагаа маань 7 хоногт 1 айлд зөвхөн 6 шуудай буюу хэрэглээгээр нь үнэгүй өгч байгаа нь 5-7 хоногийн турш байнгын циклтэй ажиллааг шаардаж байгаа юм.
3-рх нийтлэг асуудал бол хажуугийн ойрхон цэгт хамруулахгүй хаа холын уулын оргил дээрх цэгт хамруулсан байна гэх гомдол. Тийм нийтлэг бус ч зарим иргэдээс ирж байгаа нь харагддаг. Тэгвэл 7 хоног бүр нэрсээ шинэчилж цэгүүддээ өгдөг тул долоо хоногийн сүүлээр тухайн хариуцсан хэсгийн ахлагчдаа мэдэгдээд цэгийн байршлаа өөрчлүүлэх боломжтой юм байна лээ. Хэрвээ асуудал байгаа бол хэсгийн ахлагчидтайгаа тулж ажиллах, хороон дээрээ очиж мэдээлэл авах зэргээр хандах боломжтой байгаа.
За эдгээр нийтлэг байгаа 3 асуудал, зохион байгуулалтын уялдаа холбоотой бичвэрийг мэдээлэл болгох үүднээс орууллаа. Магадгүй өөр анзаарагдаагүй жижиг сажиг олон асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэвч эцсийн дүндээ энэ цар тахалтай үед Баянгол дүүргийн засаг даргын зүгээс хэрэгжүүлж буй маш чухал ажил гэж харж байна. Цагаан сар ч болж байна. Түлш хэрэглэдэг айл өрх бүрийг 5 долоо хоногийн турш дулаан байлгаж байгаа нь үнэхээр бахархамаар санагдаж байгаа. Асуудалгүй ажил гэж байдаггүй тул ард иргэддээ асуудалд хүлээцтэй хандаж, уурлаж бухимдахаа урьтал болголгүй гарц гаргалгаан дээр анхаарч, хороотойгоо уялдаатай байж, тэвчээртэй байхыг уриалж байна.
URL: