АРХИВ: Д.Сумъяабазар “ЭМЯ өөрсдийнхөө амрыг хараад хатуу хөл хорио тогтоох гээд байх юм”
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоод халдвар алдсанаас хойш Улаанбаатарт хэд хэдэн удаа хөл хорио тогтоосон. Ингэхдээ арванхоёрдугаар сарын 23-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон юм. Энэхүү хөл хорионоос хоёр өдрийн өмнө буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дахин хөл хорио тогтоох эсэх дээр байр сууриа илэрхийлж, Улаанбаатар хотод дахиж хатуу хөл хорио тогтоож, бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдгээ илэрхийлж байжээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Би Улаанбаатар хотыг дахин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж бүх төрлийн үйл ажиллагаа явуулж буй бизнесийг хааж, боож зогсоомооргүй байна. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд овоо хумьж чадлаа. 7, 7 хоногоор яваад л байдаг. Тэгэхэд Эрүүл мэндийн яам Улсын Онцгой комисс руу ахин хөл хорио тогтоох, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх санал оруулах гэж байгаа юм шиг байна. Та нар өөрсдийнхөө л амрыг бодоод байдаг. Өмнө нь юмаа олигтой хийж байхгүй юугаа хийж байсан юм. Хот бүх ачааллын хүндийг үүрдэг. Энэ дотор амьдрал явж байгаа шүү. Ахиад хаах юм уу, ийм байдалтай үргэлжилвэл хотын эдийн засаг, ард түмний амьдрал тартагтаа тулна. Би хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байна. Зөвхөн голомттой дүүргүүд дээр хяналтаа өндөржүүлэх хэрэгтэй. Тухайн голомтолсон хэсэгт нь маш өндөр хяналт тавиад явах хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлж байжээ.
URL: