ТАЛЫН МАЛЧИД МАЛЫН БУЯНААР БАЯЖНА
Сөнид Баруун хошуу Өвөр Монголын Шилийнгол аймгийн баруун хэсэгт байрладаг мал аж ахуйгаар голлосон бүс нутаг. Хятад улсын зэрэглэлийн ядуу хошуу гэсэн жагсаалд хамрагдаж байсан тус хошуу 2018 онд ядуурлаас бүрэн ангижирч, ард иргэдээ баяжин чинээлэгжүүлэх аянаа эхлүүлсэн байна. Энэ богино хугацаанд бүх иргэдээ ядуурлаас ангижруулсан ажлын арга туршлага, нууц жор нь чухам юу бол?
Мал аж ахуйд ээлтэй бодлогууд
Сөнид баруун хошуу мал аж ахуйг дэмжин, малчдын орлогыг нэмэгдүүлж, нөхцөл боломж сайтай малчдаар ядуу өрхийг дагуулан амьжиргааг нь дээшлүүлэх бодлого хэрэгжүүлж тодорхой хэмжээний амжилтад хүрчээ. Жишээ нь, сайн үүлдрийн үхэр маллаж байгаа айлд төслийн хашаа хороо байгуулж, мал аж ахуйн орлогоос нь ядуу иргэдэд хувь хүртээх, тэмээ маллаж байгаа айлыг санхүүжүүлж, ядуу өрхийг ядуурлаас ангижруулах үүрэг даалгах гэх зэрэг. Бид эдгээр бодлогын бодит хэрэгжилттэй биечлэн танилцахаар төсөлд хамрагдсан хоёр малчин айлд зочилсон юм.
Есдүгээр сарын 27-ны өдөр Сөнид баруун хошууны Сайхан тал суурингийн Баруунбулаг багийн малчин Бөхбаатарынд очиход цэнхэр дээвэртэй тохилог сайхан хашаа нь бидний анхаарлыг эрхгүй татсан юм. 2018 оны 10-р сард барьсан энэ хашааны үнэ 280 мянган юань. Харин тэднийх бэлэн 45 мянган юаниар бариулсан байна. Энэ чухам ямар учиртай вэ?
- Хошууны Хөгжил шинэчлэлийн зөвлөлийн төслөөр энэ хашаа хороог манайд нийт 95 мянган юаниар буюу маш хөнгөлөлттэй үнээр барьж өгсөн. Түүгээр ч барахгүй 95 мянган юаниас бэлнээр 45 мянган юанийг Хошууны Хөгжил шинэчлэлийн зөвлөлд төлөөд үлдсэн 50 мянган юанийг Хошууны Хөгжил шинэчлэлийн зөвлөлийг төлөөлөн таван ядуу буурай өрх айлд амьжиргааны тэтгэлэг болгож өгөхөөр гэрээ хийсэн. Гэрээний дагуу 50 мянган юанийг таван жилийн хугацаанд хувааж төлөх буюу таван өрх айлд жил бүр тус тус 2000 юань төлөх болохоор надад маш их хөнгөн тусаж байна гэж Бөхбаатар ярьсан юм.
Энэ төсөл Бөхбаатарынх шиг үхэр маллаж байгаа томоохон өрхүүд үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд дэмжлэг болохын дээр ядуу буурай айл өрхүүдийг тэтгэх зэрэг олон сайн нөлөө үзүүлсэн арга хэмжээ болсон байна.
Сөнид Баруун хошуу хос бөхтэй тэмээгээрээ хол ойрдоо алдартай. Сүүлийн жилүүдэд нам, засгаас тэмээний аж ахуйг эрчимтэй дэмжсэнээр тэмээ маллах өрх олширсоор байгаа юм. 09 дүгээр сарын 29-ний өдөр бид Сөнид баруун хошууны Өргөнтал суурингийн Баянчулуу багийн малчин Мэргэнийд очсон юм.
Биднийг хүрэхэд Мэргэн гуай хүү Мөнхзаяад туслан ингээ сааж байлаа. Мэргэнийх 100 гаруй тэмээ малладаг. Энэ жил 30-аад ингэ сааж байна. Мөн орлогоосоо ядуу өрхөд хувь хүртээх хэлбэрээр Ядуурлыг бууруулах ажилд оролцож байгаа айл юм. Энэ тухай малчин Мөнхзаяа:
- Засгийн газрын Ядуурлыг бууруулах сангаас манайд 88 мянган юанийг ашиглуулж, хариуд нь бид жилийн орлогынхоо 15 хувийг дааж хариуцсан ядуу өрхүүдэд хуваадаг. Манайх одоогоор таван айлыг дааж хариуцаж байна гэж хэллээ.
Тэмээний аж ахуйг хөгжүүлэх тал дээр Сөнид Баруун хошуу сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй ажиллаж байна. Энэ тухай нарийн байдалтай танилцахаар бид Сөнид баруун хошууны Хөдөө аж ахуй, шинжлэх ухаан техник мэргэжлийн товчооны намын багийн нарийн бичгийн дарга, товчоон дарга Сурталттай ярилцсан юм. Тэрээр:
- Ингэ сааж байгаа малчдын сүүний борлуулалт, үнэ ханшийг тогтвортой байлгахын тулд манай хошуу худалдаачин урьж, хөрөнгө оруулах хэлбэрээр Сөнид тэмээний аж ахуй, ингэний сүү боловсруулах компани байгуулсан. Компанийн ерөнхий санхүүжилт 50 сая юань, өдөр тутамд 40 тонн сүү боловсруулах хүчин чадалтай. Тус компани нэг литр ингэний сүүг малчдаас 40 юаниар авч байгаа бол засгийн газраас литр тус бүрт мөн 20 юаний тэтгэмж олгож байна гэж ярилаа.
Аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах бодлого
Хятад улсын Ядуурлаас ангижруулах ажлын гайхалтай ололт амжилтуудыг дурдахад хувийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүдийн оролцоо, хувь нэмрийг эрхбиш үнэлэх ёстой. Ялангуяа, аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулахад компани, аж ахуйн нэгжүүд үлэмж чухал үүрэг гүйцэтгэсэн. Эдгээрийн нэгэн жишээ бол Өвөр Монголын Ян Ян мал ахуйн ХХК юм.
Ян Ян мал аж ахуйн ХХК 2013 онд байгуулагдсан. Компаний үйлдвэрлэлийн шугам нь Шинэ Зеландын нядалгааны дэвшсэн аргыг нэвтрүүлж, тоног төхөөрөмж нь дотоодын дэвшилтэт түвшинд хүрсэн бөгөөд гол хэрэгслүүд нь импортын тоног төхөөрөмж юм. Тус компани ихэвчлэн Сөнид нутгийн хонь, үхрийн хөлдөөсөн мах, хонины чанасан махны бүтээгдэхүүн борлуулдаг.
Тус компани 2015 оноос хойш малчидтай ашиг сонирхлын холболтын механизмыг бий болгожээ. Энэ тухай компанийн ТУЗ-ийн дарга Жөү Юн:
- Манай компани ядуурлыг оновчтойгоор бууруулах төрийн бодлогын зорилго зорилтыг идэвхтэй суралцаж, олон төрлийн бодлого, аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах шинэ загваруудыг хэрэгжүүлсэн. Нийтдээ 19.2 сая юаний хөрөнгө оруулалт хийсэн. Эдгээр санхүүжилтээр дамжуулан Сөнид Баруун хошууны 2170 өрхийн орлогыг нэмэгдүүлж, бүртгүүлсэн 735 өрхийг ядуурлаас ангижруулсан юм. Ядуурлыг бууруулах ажил дахь энэхүү хувь нэмрийг үнэлж ӨМӨЗО-ы Ядуурлыг бууруулах албанаас манай компанид “Өвөр Монголын ядуурлыг бууруулах ажил дахь тэргүүлэх шилдэг аж ахуйн нэгж”-ийн өргөмжлөл олгосон. Түүгээр зогсохгүй, Төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах алба болон Хятад улсын Аж үйлдвэр, худалдааны холбооноос “Хятадын түмэн аж ахуйн нэгжээр түмэн тосгонд тусалж, ядуурлыг оновчтойгоор бууруулах үйл ажиллагаа дундах хувийн эзэмшлийн шилдэг аж ахуйн нэгж” гэсэн нэр алдрыг хүртээсэн гэж ярилаа.
Ядуурлыг бууруулах ажлын хүрээнд тус компани нэлээд олон бодит арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн байна. Тодруулбал:
- “Ядуурлаас ангижруулах ажлын удирдах төв”-ийг байгуулж, аж ахуйн нэгжээр ядуурлыг бууруулах ажлыг хөдөө орон нутагт оруулсан.
- Малчидтай захиалгын гэрээ байгуулж, нийт 2170 өрхийн орлогыг баталгаажуулсан.
- Мал худалдан авах үнээ тогтвортой өсгөж, малчдын орлогын нэмэгдлийг баталгаажуулсан.
- Ядуурлыг бууруулах шинэлэг арга барилуудыг хэрэгжүүлж, ядуу өрхүүдийн эдийн засгийн орлогыг нэмэгдүүлсэн. Жишээ нь, ашиг орлогоосоо малчдад хувь хүртээх, ган гамшгийн эсрэг тусламж үзүүлэх, зээл олгож ядуурлыг бууруулах, брэндээр ядуурлыг бууруулах, борлуулалтаар ядуурлыг бууруулах зэрэг бодлогууд хэрэгжүүлсэн.
- Компани нь мөн гангийн гамшигт тусламж үзүүлэх, ядуу өрхүүдэд хандив өргөх, сурагчдад эд материал хандивлах зэрэг нийгмийн буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, жил бүр намын гишүүн, албан тушаалтнуудаа томилон хөдөө орон нутгийн ядуу айлуудаар явуулж, малчдын үйлдвэрлэл амьдралын бодит нөхцөл байдалтай танилцан, бүртгүүлсэн ядуу иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, цэргээс халагдсан хүмүүсийг ажлын байр хангаж, ажлын байрны хангамжийг тогтвортой байлгах, өргөжүүлэх ажилд идэвхтэй хувь нэмэр оруулсан байна.
Сөнид баруун хошууны ядуурлыг бууруулах ажлын ололт амжилтаас дурдахуй
Сөнид баруун хошуу сүүлийн 2019 оны эцсийн байдлаар 34 ядуу баг тосгон, 5165 ядуу иргэдийг бүгдийг ядуурлаас ангижруулж, “Ядуу хошуу” нэрээс нь салгасан байна. 2014 онд ядуурлын хэмжээ 10.8 хувь байсан нь 0 болж, ядуурлаас ангижруулах ажлыг биелүүлэх, чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулахад бат бэх үндэс суурь тавьжээ. Эдгээр ололт амжилтын бодит нөхцөл байдлын тухай Сөнид баруун хошууны засаг даргын орлогч Сайнцогт:
- Хөдөө орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт илт сайжирсан. 1281 ядуу буурай өрхийн орон сууцыг шинээр барьж байгуулсан ба өөрчлөн сайжруулж, ядуу иргэдийн орон сууцны аюулгүй байдлыг баталгаажуулсан. Үүнээс гадна, мөн иргэдийн ундны усны аюулгүй байдлын асуудлыг шийдэх, хөдөө орон нутгийн байнгын оршин суугч өрхүүдийг цахилгаанаар бүрэн хангах, баг тосгонд нэвтрэх хатуу хучилттай замыг байгуулах, баг тосгоны хэмжээн дэх стандартыг хангасан эрүүл мэндийн тасаг байгуулах зэрэг тал дээр маш амжилттай ажилласан.
- Хөдөө орон нутгийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн түвшин дээшилсэн. “Улаан идээ, цагаан идээ, өвс, ноос ноолуур, хүнсний ногоо” зэрэг аж үйлдвэрлэлийн эргэн тойронд сөнид хонь, сөнид хос бөхтэй тэмээ, шилдэг үүлдрийн махны үхэр зэрэг өвөрмөц, давуу талтай аж үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлсэн. Төсөлд хамрагдсан ядуу буурай 4000 гаруй иргэдийн дундаж орлого 1200 юаньд хүрэв.
- Ядуу буурай өрхийн ажил хөдөлмөр эрхлэлтийн чадвар дээшилсэн. Бүртгүүлсэн ядуу буурай өрхийн хөдөлмөр хүчнийг тогтвортой ажлын байраар хангах тэтгэмжийн төрийн бодлогыг нийт орны хэмжээнд хамгийн эхэнд тогтоож, аж ахуйн нэгж ба хувийн бизнест зургаан сараас илүү тогтвортой ажилласан ядуу буурай иргэнд сар бүр 500 юаний тэтгэмж олгож, ядуу буурай иргэд олон төрлийн арга замаар ажилд орохыг удирдсан гэж ярилаа.
URL: