Н.Номтойбаяр хэрхэн буруутгагдсан бэ?
Эрүүгийн хуулийн зарим хэсгийг эргэн харах цаг болж!
Эрүүгийн хуулийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт шалгагдаж буй хэн бүхэн амсаргүй, ёроолгүй хар нүхэнд унасантай адил болжээ! Гагцхүү тухайн албан тушаалтныг эрүүгийн хэрэгт шалгах шалтаг нь улс төрийн шийдвэр гарсан байхыг шаардана. Хэрэв хууль тогтоогчид энэ гэмт хэргийг эргэж харахгүй бол ажил хийсэн хүн бүр алдаа, оноогоо шүүлгэж гэмт хэрэгтэн болох нь энгийн үзэгдэл болж байна. Товчхондоо хүн олдвол хэрэг олоод тохоход хуулийн хувьд хялбар болж.
Учир нь энэ гэмт хэрэгт ямар ч хохирол шаардахгүй, хохирогчгүй байж болно, хэн нэгнийг гомдоох шаардлагагүй төдийгүй хэт өргөн хүрээнд тодорхойлогдсон тул захиргааны хэрэг, хөдөлмөрийн сахилгын зөрчил, мэргэжлийн алдаа зэргээс ялгах зааг байхгүй болжээ. Олон нийтэд тустай зүйл хийсэн ч хэн нэгэн эрх мэдэлтэнд таалагдахгүй л бол давуу байдал олгосон гэх шалтагаар эрүүгийн хариуцлага хүлээж болохоор байна.
Сүүлийн үед Үндсэн хууль зөрчсөн гэж гэмт хэрэгт ялладаг боллоо. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шүүхийн журмаар тогтоодог цор ганц байгууллага нь Үндсэн хуулийн цэц баймаар юм. Гэтэл эрүүгийн шүүх Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээнд халдаж, иргэдийг Үндсэн хууль зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлсэн хэргээр эрүүгийн журмаар шалгаж байгаа нь шүүхийн харьяалал талаас бодоод ойлгомгүй зүйл. За тэгээд “Үндсэн хуульд шударга ёсны зарчим гэж бий, тиймд чи шударга байгаагүй гэж би үзэж байна” гэхэд л хэнд ч хэлэх үг олдохгүй. Эрүүгийн хууль зөрчвөл гэмт хэрэгтэн болох нь гарцаагүй байх ёстой, гэхдээ Үндсэн хууль зөрчсөн үйлдлийг, мөн бусад хуулийн зөрчил бүрийг гэмт хэрэг гэж үзэх үү? өөр бусад хуулийн хариуцлага байхгүй болсон уу?
Зүй нь албан тушаалаа урвуулан ашиглах буюу хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор санаатай үйлдсэн хулгай луйвар, авлигын хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэлийг гарцаагүй оногдуулж баймаар. Харин төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлж, үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлсэнийхээ төлөө шоронд ордог болмооргүй байна. Хувийн сонирхлоо гүйцэлдүүлээгүй чинь хэнд ч падгүй, гаргасан шийдвэр чинь бусдад давуу тал олгосон байна гээд л гүйцээ. Давуу тал олж авсан талтай огт хамааралгүй, танихгүй байсан ч гэмт хэрэг болно. Бусдад буян болоод өөрөө шоронд ордог эрүүл ухаантай хүн байхгүй л баймаар юм. Ер нь төрийн албан тушаалтны уриа лоозон, ухуулга яриаг эс тооцвол албан ёсны бүх шийдвэр хэрэгжихдээ хэн нэгэнд сайн муу үр дагавар заавал үүсгэж байдаг (жич: үр дагавар үүсгэдэггүй шийдвэр байвал надад уламжлахыг хүсье!) Жишээ нь өнөөгийн Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрүүдийг хожим гэмт хэрэг гээд шүүвэл яах вэ. Гадаадад гацсан иргэдийг ялгасан, Үндсэн хуульд зааснаар хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхад та нөхөд эмэгтэйчүүд хүүхдүүд, хөгшчүүлд хавчуулан дарга нараа эхэлж авчраад эрүүл биетэй, залуу настайгаар нь ялгаварлаж эрх хэмжээгээ хэтрүүлсэн урвуулсан, төрийн албаны тэгш байдлын зарчмыг зөрчсөн гээд л. Улсын онцгой комиссын шийдвэр ихэнхидээ мэдлэг, туршлага, бэлтгэлгүйдээ алдаж онож, хариуцлага алдаж байгааг нь хожим шууд гэмт хэрэг гэж шүүн таслах нөхцөл нэгэнт бүрджээ.
Энэ бол нийтийн албан тушаал хашиж буй хэнд ч хэзээ ч тохиолдож болох эрдсэл. Хувийн салбарын мэргэжилтнүүд төрд очих гэж яардаггүйн нэг шалтгаан. Гэхдээ гэмт хэрэгт хэзээ шалгагддаг вэ гэхээр өөрийнх нь ажиллаж байсан засаг төр солигдож, эрх баригчид ээлжлэх үед эхэлдэг нэг онцлогтой.
Яваандаа элгээ тэврээд ажлаас зугтдаг нөхдүүд ч эс үйлдэхүйгээрээ гэмт хэрэгтэн болоод ирэхээр энэ төрд хэн ажиллах болж байна. Хууль тогтоогчид маань эрдэмтэд судлаачдынхаа үгийн сонсох цаг болсон дог.
Н.Номтойбаярын гэгдэх “гэмт хэрэг”
Мордохын хазгай гэгчээр анхнаасаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл гэх байгууллагын талаар хууль шүүхийн байгууллага буруу ойлголт авчихжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар статус нь тодорхойлогддог төдийгүй хуулиар “үндэсний байгууллага”, “нийгмийн зөвшилцлийн байгууллага” хэмээн тодорхойлогдсон байгууллагыг Засгийн газрын харьяа байгууллага мэтээр ойлгож, түүний шийдвэрийг зөрчсөн гэх хууль хэрэглээний алдаанаас гэмт хэрэг гэх зүйл эхэлсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь нийгмийн зөвшилцлийн, үндэсний хэмжээний хуулийн статустай гурван талт хамтын ажиллагааны байгууллага бөгөөд ажилтан, ажил олгогч, Засгийн газраас тус бүр тэнцүү 3 гишүүд нийт 9 гишүүнтэйгээр бүрдүүлж олонхийн саналаар шийдвэр гаргадаг байгууллага юм. Засгийн газар нэг оролцогч болохоос удирдах дээд байгууллага биш. Гэтэл Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн гэх шийдвэрт Засгийн газрыг төлөөлсөн 3 гишүүний нэг болох Н.Номтойбаярыг ганцааранг нь сугалаад буруутгаж яллачихсан байна. Хамтын шинжтэй 9 гишүүний олонхиор гарсан шийдвэрт бусадтайгаа саналын адил эрхтэй аль нэг гишүүнийг дагнан буруутгасан юм байна. Н.Номтойбаяр эсрэг саналтай байсан бол бас л буруудах уу? гэдэг асуулт үлдэж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь үндэсний хэмжээний нийгмийн зөвшилцлийн байгууллага болохын хувьд төрийг төлөөлж Засгийн газар, харин иргэний нийгмийн байгууллагаас харилцан эсрэг сонирхол бүхий ажил олгогч болон ажилтны төлөөлийг тэнцүү бүрдүүлэх замаар гурван талын харилцан тэнцэл хяналттай бүрдүүлсэн нь зөвхөн Монгол Улсын дотоодын хуульд заасан шалгуур төдий биш юм.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай Женевийн 122 дугаар конвенци, зөвлөмж, Ажилчдын төлөөлөгчдийн тухай конвенцид “оролцогч улс бүр хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжүүлэхэд ажилтан ба ажил олгогч байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, зөвшилцөлд тэнцүү эрхтэй оролцуулах, тэдгээр байгууллагын хамтын ажиллагааг үндэсний түвшинд хэлцэл хийж хэрэгжүүлэх” зэрэг үүргийг хүлээдэг тул Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүргийн хүрээнд энэ байгууллага бий болсон байна. Хуулиар бий болсон үндэсний хэмжээний, нийгмийн зөвшилцлийн гурван талт байгууллагын шийдвэр нь нэг оролцогч тал болох Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл болон түүний оролцогч нэг тал болох Засгийн газрын аль алинд нь эн тэнцүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хуулиар шууд олгосон байх бөгөөд 2017 оны Төсвийн тодотголын хуулиар Засгийн газрын жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн зориулалттай 20 тэрбум төгрөг, харин Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 6 зорилтот төсөлд 3,9 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн байна. Хаа хамаагүй тусдаа төсөвт суусан эх үүсвэртэй Засгийн газрын журмын дагуу банкаар дамждаг 20 тэрбум төгрөгийн жижиг зээл, санхүүгийн дэмжлэг гэх хөтөлбөр лүү Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн зорилтот төслийг хүчээр адилтган буруутгасан нь хууль хэрэглээний алдаа болжээ.
Товчхондоо Засгийн газрын жижиг зээл олгох журмаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл зээлийн нөхцлөө батлаагүй гэх гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн байх юм. Хуулиар шууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрх олгосон төдийгүй Төсвийн хуулиар мөн хөрөнгө захиран зарцуулах эрхийг олгоод байхад өөрийн оролцогч аль нэг тал тухайлбал, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, Засгийн газрын журмыг дагаж мөрдөх үндэслэл байхгүй төдийгүй өөрийн хуулиар олгосон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх хэмжээний хүрээнд зээлийн нөхцөлөө тогтоох бүрэн эрх энэ байгууллагад байна.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь олон улсын гэрээ конвенц, олон улсын туршлага жишгийн дагуу Засгийн газрын бус байгууллагын оролцоо илүү давамгай байдалтай байгуулагдсан үндэсний хэмжээний байгууллагад тооцогддог. Монгол Улсын иргэний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхийг хангах бодлогын хүрээнд ажилтан болон ажил олгогч нь Засгийн газрын төлөөллөөс давамгай байхаар хуульчилсан атал эсрэгээр Засгийн газрын харьяа төдийгүй түүний шийдвэрийг хэрэгжүүлэх байгууллага мэтээр хуулийг буруу ойлгосон байна. Хуулиар олгосон эрхийн хүрээнд шийдвэр гаргахад заавал Засгийн газрын нөхцлөөр санхүүжүүлнэ, эсхүл журмыг дагаж мөрдөнө гэсэн зохицуулалт байхгүй.
Ингээд Н.Номтойбаяр нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоол хамтран батлалцсан гэх ялтай үлдсэн боловч цаашлаад ийнхүү тогтоол батлахыг гэмт хэрэг үзвэл өнөөдрийг хүртэл үргэлжлэн үйлдэгдэж байгаа, эсхүл Эрүүгийн хууль маань царай харж алагчилан бусад буруутныг харж үзсэн болж таарлаа. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих үндэсний зөвлөлийн тогтоол нь хэм хэмжээ тогтоосон Захиргааны акт болохын хувьд Захиргааны хэргийн шүүхээс хууль бус гэж тогтоосон шийдвэр лав алга.
Гэхдээ зөвлөлийн шийдвэр ямартаа ч бодит үр дүнгээ үзүүлж ажлын байрыг олноор бий болгох, хавтгайрсан жижиг зээлийн халамжаас татгалзаж, хөдөлмөр эрхлэлтийг илүүтэй дэмжих шийдвэрүүд амьдралд хэрэгжиж үр нөлөөгөө үзүүлж эхэлсэн байна. Монгол Улсын төрийн тэргүүн Баян-өлгий аймаг дахь “Азат халал” махны үйлдвэрээр зочилж бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдсэнийг сайшаасан мэдээгээр бид бүхэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн төслийн санхүүжилтээр махны үйлдвэрийн өргөтгөл хийгдэж бүс нутгийн хэмжээнд олон улс руу мах экспортлодог үйлдвэртэй болсоныг хэдхэн сарын өмнө харлаа. Энэ үйлдвэрийн өргөтгөлийг нөгөөх “гэм буруутан” Н.Номтойбаярыгбуруутгасан төсөл хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилтээр барьж ашиглалтанд оруулжээ. Зээлийн эргэн төлөлт 80 хувьтай тул хохирогч мэдээж байхгүй, зорилтот бүлэгтээ төсөл хүрсэн атлаа хэрэгжүүлэх шийдвэр гаргалтанд оролцогч 9 хүнээс нэг нь гэмт хэрэгтэн болсон байна. Яг энэ шалтгаанаар анх 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж эхлээд улмаар зээл төлөлтийн үнэнд гүйцэгдэж хохиролгүй, хохирогчгүй хэрэг болсон байна.
Цаашилбал, улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй Н.Номтойбаярыг хүчээр хэсэг хугацаанд “хуульч мэргэжилтэй” болгож байгаад өөрийгөө өмгөөл гээд анхан шатны шүүх өмгөөлөгчгүйгээр шүүж яллажээ. Ажил мэргэжлийг нь зөв тогтоож чадахгүй байж гэмт хэргийг тогтоогоод байгаа нь хуулийн байгууллагын ажил туйлын хангалтгүй явагддагийг харууллаа. Эсрэг мэдүүлэг өгсөн этгээд өмгөөлөгч авсан тохиолдолд заавал өмгөөлөгчтэй оролцуулж мэтгэлцэх, хууль ёсны эрхээ хамгаалуулах хуулийн боломжийг мөн олгоогүй байна.
Энэ гэмт хэрэгт иргэн Н.Номтойбаярыг ямар зорилго, санаа сэдэлт, хувийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн талаарх баримт дүгнэлт алга. Авлигын эсрэг хуульд албан тушаалаа урвуулан ашиглах гэдгийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой үйлдэл гэжээ, тэгвэл ямар хувийн сонирхол нь гүйцэлдээд байгааг тогтоомоор юм, ямартаа ч ажлаа сайн гүйцэтгэх гэдэг хувийн сонирхол лав баймааргүй юм. Хэрэв хувийн сэдэл, санаа зорилго байхгүй бол гэмт хэрэг болохгүй атал Н.Номтойбаярын өөрийнх мэдэхгүй төсөл сонгон шалгаруулалтын үйл явдлын зохион байгуулагч, гэмт хэргийг бүлэглэн үйлдэгч гэж буруутгасан байна. Албан тушаалын гэмт хэргийг шууд санаатай үйлдэх, урьдаас ухамсарлаж үр дагавар, хор уршгийг хүсч үйлдсэн байх зэрэг гэмт хэргийн шинж ч алга.
Иргэн Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ нийтэд зарласны маргааш яаран яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн төдийгүй Сонгуулийн хууль зөрчиж нэр дэвшигчийн хууль зүйн баталгааг зөрчин цагдан хорьж ялласан зэрэг нь олон нийтэд улс төрийн хоригдол гэж нэрлэгдэх нэг шалтгаан болсон байна.
Гэхдээ Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад улс төрийн хоригдол гэж нэрлэх нь эртдэхийг сануулах юун!
Баяраа
URL: