Долоо дахь олимпдоо өрсөлдөх домогт бууч

712-1610924144unnamed

Нэг жилээр хойшлогдсон зуны спортын XXXII наадам эхлэхэд 149 хоног үлджээ. Өнөөдрийн байдлаар манай улс олимп, паралимпийн 16 эрх аваад буй. Олимпын 11, паралимпийн таван эрх бий. Тодруулбал, буудлага дөрөв, хөнгөн атлетик, чөлөөт бөх тус бүр хоёр, байт харваа, бокс, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр тус бүр нэг эрх авсан. Үүн дээр жүдочид нэмэгдэнэ. Жүдочдын хувьд эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн жинд эрх авах боломжтой. Үүнээс гадна багийн төрөлд эрхийн болзлоо хангасан билээ. Үүнээс буудлагаас бусад спортын төрөлд олимпын эрхээ нэмэгдүүлэх боломжтой байгаа юм. Монголчууд 1964 оны Токиогийн олимпод анх оролцсоноос хойш 13 наадамд тасралтгүй оролцож, өнөөдрийг хүртэл 26 медаль хүртсэн бөгөөд энэ амжилтаараа 51 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Бид энэ дугаараас эхлэн долоо хоног бүр эрх авсан тамирчдыг цувралаар танилцуулах болно. Эхнийх нь хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа.  Түүний хувьд долоон удаа олимпод оролцож буй Монголын анхны бөгөөд цор ганц тамирчин. Анх 1996 оны Атлантагийн олимпод онч сорьсон тэрбээр спорт гар буугаар урьдчилсан шатнаас зургаадугаар байраар шигшээд шалгарчээ. Улмаар шигшээд 101. 3 оноо авч, нийлбэр дүнгээр 681.3 оноогоор V байр эзэлж байв. Харин 2000 оны Сиднейн олимпод VI, 2004 оны Афины олимпод 16, 2008 оны Бээжингийн олимпод 792.2 оноогоо мөнгөн медаль хүртэж байлаа. Харин 2012, 2016 онд амжилттай оролцсон ч шигшээд шалгарч чадаагүй юм. О.Гүндэгмаагийн “Бээжин-2008” олимпод авсан медаль нь 1980 оны Москвагийн олимпоос хойш авсан анхны мөнгө байв. 1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн тэрбээр 17 настайдаа Индонезийн Жакартад хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Энэ нь түүний анхны том амжилт бөгөөд буудлагаар хичээллээд хоёрхон жилийн дараа ийм амжилт үзүүлжээ.

Харин гурван жилийн дараа олимпод анх оролцсон байна. Улмаар 1998 оны ДАШТ-д багаараа хүрэл медаль зүүсэн бол 2006 онд спорт гар бууны 25 метрийн дасгалд ганцаарчилсан төрөлд хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Мөн Азийн наадмаас баг болон ганцаарчилсан төрлөөр мөн хүрэл медаль хүртсэн.
Олимпын дээд амжилт 590 оноо байдаг бол хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа үүнийг нэг бус удаа давтсан. Хамгийн тод жишээ нь 2008 оны олимпын урьдчилсан шатны буудлага. Тухайн олимпын урьдчилсан шатанд 590 оноо авч олимпын дээд амжилтыг давтсан түүхтэй. Бэлтгэлийн үеэр 595 оноо авсан нь түүний хувийн дээд амжилт аж.
Тэрбээр спорт гар бууны 25, хийн гар бууны 10 метрийн төрөлд өрсөлддөг. Олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна буудлагын дэлхийн цомоос алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнээс гадна дэлхийн цэргийн спортын наадамд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн энэ цаг үеийн Монголын шилдэг тамирчин юм. Түүний хувьд долоо дахь олимпынхоо эрхийг Катарын Доха хотноо болсон буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээнд 587 оноо авч дөрөвдүгээр байрт шалгарснаар авсан юм.
Б.Мөнхзул
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL: