Б.Намуун: ТАЕКВОНДО БОЛ ХҮНДЛЭЛИЙН СПОРТ

136041954_203576308144220_4621244641120535662_n (1)

Өнгөрсөн зун нүүр ном нэг хэсэгтээ л энэ зургаар давалгаалж, залуус ч үүнийг дор нь гогодож аваад чэлленж хүртэл эхлүүлснийг та бид мэднэ. Тэгвэл дээрх зургийн эзэн нь Монгол Улсын таеквондогийн шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУ-ын хэмжээний мастер Б.Намуун юм.
Цар тахлын дэгдэлттэй амаргүй цаг үе байна. Энэ цаг үеийг хүмүүс нэг талаараа өөрийгөө хөгжүүлэх боломж гэж харж байх шиг. Таны хувьд эдгээр өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Мэдээж УОК-ын шийдвэрээ дагаж тамирчид бид мөн адил дор бүрнээ иргэний үүргээ ухамсарлан хөл хөдөлгөөнөө багасгаж, гэрийн нөхцөлд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Хичээл, сургууль ч цахим хэлбэрт шилжсэн болохоор хувь хүний хөгжил, боловсролдоо түлхүү анхаарч.
Хамгийн анхны тэмцээн ямар дурсамж үлдээснийг сонирхоё …
-2014 оны 1 дүгээр сард болсон “Хөтөлийн цом” гэх тэмцээн байсан. Тухайн үед таеквондогоор хичээллээд дөнгөж гурван сар гаруй хугацаа л өнгөрөөд байв. Анхны тэмцээн байсан учир битүүхэн догдолж, бас тийм дайны сандрал намайг бага зэрэг түгшээж билээ. Хамгийн тод санаж байгаа зүйл гэвэл яг тулалдахын өмнөхөн нөгөө сандрал, сэтгэл түгшил хаалгаар гараад явчихсан. Хаашаа ч юм бэ дээ алга болчихсон шүү.
Тэрхэн эгшинд юм юм л болоод өнгөрч дээ …
-Дараа нь эрэмгий, зоригтой болчихсон ч юм шиг санагдаад л. Чих маань час улаанаараа эргэлдээд ээж, багшдаа шоолуулж байсан даа/Инээв/. Тэгээд анхны тэмцээнээсээ мөнгөн медаль хүртсэн. Аваргын төлөөх тулаанд маш ойрхон өрсөлдөөнийг үзүүлсэн гэж боддог. Ердөө гурван онооны зөрүүтэй хожигдсон болохоор тухайн үед дэвжээнээсээ бууж ирээд асгартлаа уйлж байсан минь санаанаас гардаггүй. Тэр үед л өөрийгөө ямар шартай хүн бэ гэдгээ мэдэж авсан даа.
Аавыгаа дагаж спортод хөл тавьсан бол ээжийнхээ зөвлөгөөгөөр таеквондогийн спортоор хичээллэх болсон гэсэн. Эмэгтэй хүнд бага зэрэг хатуудсан спорт юм шиг санагддаг. Таны хувьд …                                                                                                                                                                                                         -Хатуу ч гэсэн классик, тансаг спорт мэт санагддаг. Анх 2013 онд “Олимп” таеквондогийн клубд очиход надад мэдрэгдсэн тэр мэдрэмж одоо ч тодхон. Зааланд бэлтгэл хийж байгаа ах, эгч нар, үе тэнгийнхэн гээд бүгд цав цагаан өмсгөлөөр жигдэрсэн нь нүдэнд их өртөж, бас нэгэн зэрэг чангаар тоолоод, дасгал сургуулилтаа хийж байсан нь цаанаа л сүрдмээр. Тэр дүр зураг л намайг таеквондогийн спортод гүн дурлуулсан гэж болно. Мэдээж өнөөдрийг хүртэл хүнд ачаалал, бэртэл гэмтэл авч, уналт босолт, ялалт ялагдал гээд бүхий л зүйлийг мэдэрсэн. Гэхдээ биеэ хамгаалах чадвар, тууштай байдал, тэсвэр тэвчээр, аливаа зүйлийн аргыг нь олох гүйлгээ ухаан, бусдадаа үлгэрлэх, хамт олноо удирдан чиглүүлэх овжин зан гээд амьдралд хэрэгтэй олон чанарт суралцсан гэж боддог. Тиймдээ ч амжилтыг зөвхөн дэвжээнд дээрээс олдоггүй гэдгийг ойлгосон. Тиймдээ ч амжилт зөвхөн дэвжээн дээрээс ирдэггүй гэдгийг ойлгосон. Таны хэлсэнчлэн эмэгтэй хүнд чанга, хатуу мэт санагдах боловч ирээдүйд үүнээс ч илүү байхыг үгүйсгэхгүй. Тэр үед л өөртөө итгэх итгэлээ алдахгүй байвал тэмцэх чадвараа ч бас хадгалж чадна. Ер нь ямар ч цаг үед. Хатуу ч гэсэн энэ спортод маш их хайртай.
Шантарч байсан үе байдаг л биз дээ. Юунаас хамгийн их эрч хүч авдаг вэ?
-Тийм үе зөндөө. Гэхдээ тэр болгонд чи ганцаараа шантраагүй гэдгээ мэдэрдэг. Багийн хамт олон маань ч ялгаагүй ядардаг болохоор ганцхан надад хэцүү байна гэх нь утгагүй хэрэг. Харин хүнд, хэцүү үед бие биеэ хурцалж, зоригжуулах ямар их эрч хүч өгч, дэм болдгийг маш сайн ойлгосон. Баг, хамт олноосоо маш их эрч хүч авдаг даа.
Өөрийнхөө туршлагад тулгуурлаад ярихад таеквондогийн спортын онцлог, давуу талыг юу гэж хардаг вэ?
-Бусад гардан тулаантай спортыг бодвол харьцангуй шударга санагддаг. Учир нь бидний тулалдахдаа өмсөж буй хамгаалалтын хувцас, хэрэглэлүүд бүгд цахимжсан байдаг болохоор шүүлтийн хувьд ямар нэгэн будлиан үүсдэггүй. Зарим спортын хувьд илт тулааны рингэн дээр илүүрхэж байсан тамирчин төгсгөлд нь хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх тохиолдол бишгүй л бий шүү дээ. Таеквондогийн хувьд тийм зүйл ховор болохоор шүүлтийн хувьд шударга гэж бодож байна.
Гаргаж байсан амжилтуудаасаа дурдахгүй юу?
-Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бага насны ангилалд хүрэл медаль хүртэж байсан. Мөн Оюутны дэлхийн аваргын хүрэл медальтай, Монгол Улсын найман удаагийн аварга.
-Мэдээж амжилт бүрийн цаана хөлс хүч, хөдөлмөр бий. Гэхдээ хамгийн их хөлс хүч асгаруулсан, хамгийн хүнд нь ямар тэмцээн байсан бэ?
-2018 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм болов уу. Дөрвөн удаагийн маш хүнд тулааныг хийсэн. Ингэхдээ хүрэл медалийн болзол хангах шийдвэрлэх тулаандаа ялагдал хүлээж, тус тэмцээнийг харамсалтайгаар өндөрлүүлсэн юм.
Машины багажийг хөлөөрөө хааж байгаа таны зураг цахим орчинд тавигдсанаар бүр чэлленж болтлоо давалгаалсан. Бас зургийн эзэн хэн бэ гэсэн асуулт залуусын дунд их хөвөрсөн дөө. Ингэтлээ олон хүнд хүрнэ гэж бодсон уу?
-Тухайн үед хүмүүст тодорхой хэмжээнд хүрнэ гэсэн төсөөлөл байсан. Учир нь тиймэрхүү зураг Монголд харагдаж байгаагүй болохоор. Бараг хоёр жил гаруй хугацаанд бодож байгаад өнгөрсөн зун авахуулсан юм. Санасныг бодвол маш олон хүнд хүрсэн.
135906250_456598802169950_6531019839792342979_n (1)
Тамирчин хүний алсын зорилго гэхээр Олимп бодогддог байх тийм үү?
-Мэдээж. Хамгийн том зорилго минь Олимпд амжилттай оролцож, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах явдал.
Таеквондогийн спорт бол тулааны л нэг төрөл учраас бодит эрсдэл хамгийн их гэж ойлгодог. Бэртэл гэмтэл тойроод өнгөрдөггүй байх. Үүнд хэрхэн анхаарал хандуулж, сэргийлдэг вэ?
-Ямар ч тулааны спортын хувьд тамирчин бэлтгэл хийх явцдаа гэмтэл, бэртэл авах өндөр эрсдэлтэй. Тиймээс бид дор бүрнээ соргог байж, гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс халаалтаа сайн хийх, шагай, хуруу гар, үе мөчөө боох, тулааны үед хамгаалалтуудаа давхарлаж зүүх зэргээр сэргийлдэг. Мөн уураг, витамин зэрэг амин дэмтэй бүтээгдэхүүнүүдийг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай.
Тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Тэмцээний өмнөх өдрүүдэд олон зүйлд анхаарахаа больдог. Сэтгэл хөдлөлийн хувьд дотогшоогоо болчихдог гэхүү дээ. Харин тэмцээний өмнөх өдрүүдэд бусад улс, үндэстнүүдийн адил шүтэж биширдэг зүйлдээ залбирч, бясалгах нь намайг илүү тайван болгож, өөртөө итгэх итгэлийг минь нэмэгдүүлдэг.
Тэгвэл хэрэглэх хоол хүнсэнд ямар шаардлага тавигддаг вэ?
-Миний хувьд хүнсэндээ тийм ч их нарийн хяналт тавьж анхаардаггүй. Хоол сайн идэж, нойроо бүтэн авах нь хамгийн чухал. Тиймээс аль болох л шим тэжээлтэй, шөл устай хоол идэхийг боддог доо.
Өөрийгөө хамгийн их хурцалж байсан үе …
-Хүн өөртэйгөө харилцаж, ойлголцох нь амжилтын гол хүчин зүйл. Өдөр бүр л өөрийгөө хурцалж, өөртэйгөө ярилцдаг.
Спорт болон амьдралдаа баримталдаг алтан дүрмээсээ хуваалцахгүй юу?
-Таеквондо нь хүндлэлийн спорт учир ямагт багш, дасгалжуулагч, ах, эгч, найз нөхдөө хүндэлж, бидний ирээдүй болсон дүү нартаа үлгэр дуурайл болох нь бидний үүрэг бас хариуцлага. Энэ утгаараа бусдыг хүндлэх, бусадтай алив сайхан гэснээ хуваалцдаг. Энэ нь үзэл баримтлал гэхээс илүүтэй дадал зуршил болчихсон гэхэд буруудахгүй.
Дэлгэцийн хэд хэдэн бүтээлд тоглож өөрийн гэсэн “бяцхан” орон зайг бий болгож чадсан шүү дээ. Кино, дэлгэцийн урлагт хэр сонирхолтой вэ?
-Мэдээж залуу байхдаа өөрийгөө аль болох олон зүйлд сорьж, авьяас чадвараа нээх нь зөв гэж боддог. Тийм ч учраас завтай, боломжтой үедээ кино, дэлгэцийн уран бүтээл, загварын ертөнцөд өөрийгөө сорихыг эрмэлздэг. Гэхдээ түүнээс илүүтэй нэн тэргүүнд тавьсан зорилгодоо хүрэх нь чухал болохоор бусдыг нь сонирхол хоббигоо болгодог гэх үү дээ.
Б.Намуунаагийн спортоос гадуурх амьдралын талаар сонирхмоор санагдлаа. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ, спортоос өөр сонирхдог зүйл бий юу?
-Чөлөөт цагаараа аль болох гэртээ байхыг илүүд үздэг. Учир нь бид тэр бүр гэр бүлтэйгээ хамт байж, олон цагийг өнгөрөөж чаддагүй шүү дээ. Боломж л гарвал гэртээ шигдчихдэг зантай. Угаас гэртээ байх дуртай ч гэж болно. Мөн кино үзэх, ном унших дуртай. Учир нь заримдаа бид амьдралаас авч чадахааргүй уран, тансаг мэдрэмжийг кино, дуу, номоос олж харах боломж бүрддэг юм шиг санагддаг. Их сонирхолтой.
Өөрийгөө хамгийн энгийнээр тодорхойлбол …
-Аав, ээжийн хайртай охин, ах, эгчийн хайртай дүү.
Алдар спорт хорооны тамирчин болж байсан тэр үе рүү буцья …
-Ах нар маань надаас өмнө “Алдар” спорт хорооны тамирчид болж байсан. Харин миний хувьд 2016 онд болсон  Монголын бүх ард түмний спартикиадад “Алдар” спорт хорооны нэрийн өмнөөс ах нартайгаа хамт нэг баг болоод амжилттай оролцож байсан. Түүнээс хойш тав дахь жилдээ “Алдар”-аараа овоглоод олон тэмцээн уралдаанд оролцож байна даа.
Үнэхээр л Алдар-ын Намуунаа гэхээр их дотно сонсогддог шүү …
-Олон жилийн түүхэн замналтай “Алдар” спорт хорооны тамирчдын эгнээнд багтаж явдгаараа би бахархдаг. Бидэнд бэлтгэл сургуулилт хийх, тэмцээн уралдаанд оролцоход гүн туслалцаа үзүүлж байдагт “Алдар”-ынхаа удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Цаашид спорт хорооныхоо алдар, хүндийг өндөрт өргөж явна гэдгээ илэрхийлье.

URL: