Алексей Навальный ням гаригт эх орондоо очно
ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный энэ сарын 17-нд Оростоо буцаж очихоор болжээ. Энэ тухайгаа “Би энэ сарын 17-ны ням гаригт “Победа”-гийн онгоцоор гэртээ очно. Путины багийнхан надад ямар нэгэн хэрэг тохох гэж байгаа бололтой. Гэхдээ тэд тэндээ юу хийж байгаа нь надад хамаагүй, Орос бол миний эх орон. Москва бол миний хот. Би нутгаа санаж байна. Тэнд уулзацгаая” гэж цахим хуудастаа бичжээ. Тэрээр наймдугаар сард Сибирийн Томск хотод ажлаар явж байхдаа хордож, Германы Берлин хотод эмчлүүлж байсан билээ. Германы эмч нар түүнийг “новичок” хэмээх мэдрэлд нөлөөлөх бодист хордсон байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүний дараа өөрийг нь “новичок”-оор хордуулсан хэрэгт Путинг сэжиглэж байгаагаа Навальный мэдэгдсэн. Гэвч Кремлийн зүгээс өнөөдрийг хүртэл үгүйсгэсээр байна.
Тухайлбал, Путин ээлжит хэвлэлийн хурлын үеэр “Хэрэв Навальныйг хордуулах байсан бол аль хэдийнэ гүйцээчих байлаа” гэж ярьсан нь ихээхэн анхаарал татсан юм. Түүнчлэн Кремль Навальныйг хордсон талаар ямар ч нотлох баримт байхгүй тул түүнийг хэзээ ч эх орондоо ирж болно хэмээн мэдэгдсэн юм.
URL: