“COVID-19” олон улсын худалдааны чиг хандлагыг өөрчилж байна

ахро

“COVID-19” цар тахлын тархалт дэлхийн эдийн засаг тэр дундаа олон улсын худалдаанд томоохон цохилт өгч хямралд хөтлөөд байгаа билээ. Дэлхийн худалдааны нийт эргэлтийг бууруулж 2020 оны эцэс гэхэд барааны худалдаа өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.0 хувь үйлчилгээний худалдаа 9.0 хувиар тус тус буурсан гэж эдийн засагчид үзэж байна. Ялангуяа үйлчилгээний худалдаа хамгийн хүнд цохилтод өртсөнийг аялал жуулчлал, тээвэр, логистикийн салбаруудаас тодорхой харж болно. Тухайлбал, бараа, үйлчилгээний худалдаа 2020 оны эхний улирлаас эхлэн буурсан бөгөөд II улирал гэхэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад барааны худалдаа 18 хувь үйлчилгээний худалдаа 21-иар тус тус буурч,  III улирлаас эхлэн бага зэрэг сэргэж эхэлсэн байна.

“COVID-19” цар тахлаас болж дэлхийн бүх улс орнуудын үйлдвэрлэл, хангамжийн сүлжээ хямралд өртөж, улмаар улс, тив дамнасан худалдааны эргэлт зогсонги байдалд ороод байгаагаас гадна дэлхийн эдийн засаг, худалдаанд томоохон өөрчлөлтүүдийг бий болгоод байна. Тухайлбал, роботжуулалт, автоматжуулалт, дижиталчлал гэх мэт технологийн шинэчлэл, өөрчлөлтийг улам өдөөсөн.  Мөн дэлхийн эдийн засгийн бодлогыг глобалчлал, олон талт бодлогод суурилан тодорхойлохын оронд хоёр талт, бүс нутгийн бодлогод суурилуулан тодорхойлж, илүү протекционист чиглэлд хандуулаад байна.

Түүнчлэн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтуудыг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд илүү чиглүүлэх хандлагатай болсон байна. Эдгээр  нөлөөллүүдээс шалтгаалан ихэнх улс эдийн засаг, худалдааны бодлогодоо өөрчлөлтүүдийг хийж эхлээд байна. Үүнд үйлдвэрлэлийн өртгийн буюу хангамжийн сүлжээг аль болох богино эргэлттэй болгох, тээвэр, логистик болон бусад бүх салбаруудыг аль болох олон төрлийн болгох, эдийн засаг, худалдааны бүх бодлогыг илүү өөрсдийн оршин буй бүс нутагт төвлөрүүлэх, дотоодын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг илүү хамгаалсан бодлого хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс эдгээр бодлогын өөрчлөлтүүд Монголын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд зарим боломжуудыг бий болгох юм.

Цаашид эдийн засаг, худалдааны харилцаа илүү бүс нутагт төвлөрөх ба ингэснээр худалдааны эргэлт дэлхийн хэмжээнд олон төвтэй болох болно. Үүний нэг нь мэдээж Ази тив.

Худалдааны бодлого бүс нутагтаа төвлөрөх  хандлагатай

Азийн худалдаа, эдийн засгийн харилцаанд хамгийн том тоглогч нь БНХАУ учир ойрын ирээдүйд тус улсад төвлөрсөн худалдаа, эдийн засгийн төвлөрөл бий болох тул Монголын эдийн засаг, худалдаа тус улсаас илүү их хамааралтай болох нь.

 Энэ тухай эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ хэлэхдээ “Монголын экспортын 90 гаруй хувийг эзэлдэг эрдэс, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, худалдааны нөхцөл дунд хугацаандаа муудахгүй байх бүрэн боломжтой. Монголын импортын 80 гаруй хувийг эзэлдэг өргөн хэрэглээний барааны гадаад зах зээл дээрх үнэ нэмэгдэхгүй байх боломжтой ч эдгээр барааны дотоодын зах зээл дэх үнэ юаны ханшаас бүрэн хамаарна. Түүнчлэн бүс нутгийн өртгийн сүлжээ улам хүчтэй хөгжих учраас энэхүү өртгийн сүлжээнд хамгийн ойр байршилтай байгаа Монгол Улсын хувьд илүү хялбар нэгдэх боломжтой болж үүнийг даган зарим төрлийн үйлдвэрлэл, худалдааны эргэлт нэмэгдэх бүрэн боломжтой зэргээр сайн талтай.  Нөгөөтэйгүүр,  улс төр, эдийн засгийн хувьд тус улсаас хамаарах хамаарал улам нэмэгдэж Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогоор сарниах гэж оролдож байгаа нэг туйлын хамаарлыг багасгаж чадахгүйд хүрч магадгүй. Түүнчлэн урт хугацаандаа Азийн нэгдсэн нэг эдийн засгийн бүс (Европын холбоо шиг) бий болж, нэгдсэн валюттай болох гэх мэт үйл явц хурдасч эдийн засаг, улс төрийн хүчин чадал буурай байгаа жижиг эдийн засгуудыг залгих нөхцөл бий болох муу талтай” гэсэн юм.

Худалдааны тээвэр, логистикийн хувьд дэлхийн тогтвортой сүлжээ бий болсон бөгөөд цар тахлын тархалтыг сааруулах зорилгоор улс орнууд олон төрлийн хязгаарлалтуудыг тээвэр, логистикийн сүлжээнүүдэд тавьж байна. Гэсэн хэдий ч цар тахлын тархалтын нөлөөллөөс шалтгаалан тээвэр, логистикийн сүлжээний хөгжил дэлхийн эдийн засаг, худалдааны бодлогын дагуу илүү бүс нутгийн хэмжээний эргэлтүүдийг зохицуулах, онлайн худалдааны хөгжлийг анхаарч үзсэн байдлаар хөгжих болно. Иймээс Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн сүлжээнд нэгдэн ороход шаардлагатай дэд бүтцийг яаралтай хөгжүүлж чадвал дэлхийн болон Азийн эдийн засгийн төв болох Хятадын зах зээлийг оросын зах зээлтэй холбож Монголын нутгаар дайран өнгөрүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа “Сибирийн хүч” хийн хоолойноос илүү бодит орлогыг олох боломж бүрэн бүрдэх боломжтой аж.

2021оны сүүлийн хагас жилээс эхлэн дэлхийн эдийн засаг, худалдаа сэргэж эхэлнэ. 2022 оноос эхлэн хямралын дараах сэргэлт бий болж эхэлнэ гэж дэлхийн эдийн засагчид, олон улсын байгууллагууд үзэж байгаа хэдий ч энэ нь “COVID-19”- ийн эсрэг вакцинаас хамаарах болно. Иймээс 2021-2022 оны хувьд манай улсын экспортын барааны худалдааны нөхцөл дэлхийн зах зээл дээр муудах нөхцөл одоогоор ажиглагдахгүй байгаа юм. Гэхдээ хүссэн хүсээгүй дэлхийн эдийн засаг, худалдааны дээрх чиг хандлагын давалгаанд түрэгдэн орох тул энэ давалгаан дунд боломжоо хэрхэн ашиглаж, эрсдэлээс хэрхэн өөрсдийгөө хамгаалж чадах вэ гэдэг нь биднээс өөрсдөөс л хамаарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.14 ПҮРЭВ № 10 (6487)


URL: