Халдвар гарсан голомтууд ямар шатандаа явж байна вэ?
Коронавирусийн халдварын тохиолдол өнөөдөр /2020.01.12/ 14-өөр нэмэгдлээ. Халдварт өртсөн хүмүүс бүгд Улаанбаатарт байна. Харин халдвар гарсан аймгуудад шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Зарим аймгууд “ногоон бүс” болсон.
Улаанбаатар хотод нэгдсэн халдварын хэд хэдэн голомт байгаа юм. Тэдгээр голомтууд ямар шатанд байгаа, хумигдаж байгаа эсэх талаар ЭМЯ-аас авсан мэдээллийг хүргэе.
- БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн голомт. Гэр бүл, гэр бүлээс ажлын хамт олон, тэндээс үргэлжлэн гэр бүл, орон сууц, орц, нэгдсэн арга хэмжээ гээд үргэлжилсэн халдварын голомт үргэлжилж байна. Сайн мэдээ нь энэ голомт хяналтад ороод байна.
- ХСҮТ-ийн голомт. Эмч ажилтан нийт 5 хүн халдвар авч, тэндээс гэр бүлийнхэн нь халдварт өртсөнөөр нийт 17 хүн энэ голомтод байна. Сайн мэдээ нь сүүлийн 7 хоногт тус голомтоос шинэ халдвар бүртгэгдээгүй. Тиймээс хяналтад орж байна гэж албаныхан үзэж байна.
- “Ачтан” эмнэлгийн голомт. Эмч ажилтнууд 21, тэдний гэр бүл, тэндээс улбаалсан өөр ажлын хамт олон гээд үргэлжилсэн 26 хүн, нийт 47 хүн энэ голомтоос халдварласан. Одоогоор голомт үргэлжилж байна.
- “Мөнххада” ХХК-ийн голомт. Компанийн ажилтан 8 хүн, тэндээс улбаалж гэр бүлийн 10 гаруй нийт 25 хүн энэ голомтод халдвартай байна.
- “Тэнүүн огоо” ХХК-ийн голомт. Анх халдвар авсан жолооч ажлын хамт олонтойгоо салхинд гарснаас халдвар тархсан. Нийт халдварын тоо 18 хүн байна.
- “Ачтан” эмнэлгээс улбаатай БГД-ийн 5, 6 дугаар хороон дээр гарсан голомт. Хамгийн идэвхтэй үргэлжилж байгаа голомт бол энэ аж. Тус хороодын 4 орон сууц дамжсан нийт 20 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
- Улаанбаатарт анх бүртгэгдсэн Энхсаран сувилал, жолооч Д-г тойрсон голомт бүрэн хумигджээ.
BOLOD.MN
URL: