“Баянзүрх эмнэлэг”-ийн балаг

bayanzurkh_emneleg8-160720-15085749091

  “Баянзүрх эмнэлэг”-т юу болов?

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар  коронавирусийн халдварын 603 тохиолдол бүртгэгдсэний 54 хувь нь зөвхөн Баянзүрх эмнэлэгтэй холбоотой халдвар байна. Нэг сар хүрэхгүй хугацаанд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос 326 хүн халдвар авч, халдварын хамгийн том голомт болов. Тус эмнэлэг дэх голомтыг хяналтад оруулсан гэж  ЭМЯ-наас мэдээлж байгаа ч энэ голомтоос үүдэлтэй хоёр шинэ халдвар гарсныг өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн билээ.

“БАЯНЗҮРХ ЭМНЭЛЭГ”-Т НАЙМАН ХҮН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр коронавирусийн халдвар батлагдсаныг зарлах үед тус эмнэлэгт эмч, мэргэжилтэн, эмнэлгийн ажилтан, өвчтөн сахиур нийлсэн 459 хүн байв. Бүх хүнээс шинжилгээ авч, ангилан тусгаарлах, эмчилж эрүүлжүүлэх ажлууд үргэлжилсээр өнөөдөр тус эмнэлэгт хүнд өвчтэй найман хүн үлджээ. Эхний ээлжийн эмнэлгийн ажилтнууд эмчилгээ, тусгаарлалтаас гарч, одоо хоёр дахь ээлжийнхэн дотогш орсон ба 357 ортой энэ эмнэлэгт найман өвчтөн, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, мэргэжилтэн 21-22 хүн тусгаарлагдан ажиллаж байна хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Ц.Алтанзагас мэдээлэв.

Эмнэлгийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэл бүрэн хийсэн боловч цаашид хэрхэн ажиллах талаар чиглэлийг ЭМЯ болон цар тахлын үед мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах үүрэг хүлээсэн ХӨСҮТ-өөс ямар нэг чиглэл өгөөгүй учир түм түжигнэж бум бужигнаж байдаг асан энэ эмнэлэг хөсөр хаягдсан мэт нам гүм оршино.

Энэ бол Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн хувийн хэвшлийн эмнэлэг. Цар тахлын тархалт дэгдэж, бөмбөг тэсэрсний дараа л дүүргийн 361689 иргэнд үйлчилдэг энэ эмнэлэг хувийн хэвшлийнх болохыг мэдэж, гайхаж цочирдсон хүн олон байв. Тийм ээ, аль 1997 онд хувьчлагдсан.

Цар тахлын тархалт дэгдэж, бөмбөг тэсэрсний дараа л дүүргийн 361689 иргэнд үйлчилдэг энэ эмнэлэг хувийн хэвшлийнх болохыг мэдэж, гайхаж цочирдсон хүн олон байв. Тийм ээ, аль 1997 онд хувьчлагдсан.

Менежментийн гэрээ байгуулж, эмнэлгийг удирдуулах тендерийг 1997 оны тавдугаар сард зарлаж, Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны А/217 тоот тушаалаар тендерт Б.Даш-Яндаг ахлагчтай багийг шалгаруулжээ. Улмаар 1997 оны долоодугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ё.Тэрбиш, Баянзүрх дүүргийн Засаг дарга Р.Амарсайхан, эмнэлгийн удирдлагын багийн ахлагч Б.Даш-Яндаг нар менежментийн гэрээнд гарын үсэг зурж, эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлснээр хувийн хэвшлийн эмнэлэг болох үндэс суурь нь тавигджээ.

Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, нийслэлийн Засаг даргын 1997 оны А/251, А/158 дугаар тушаал, захирамжаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн зөвлөх төвийг нэгтгэн шинэ бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу “Баянзүрх эмнэлэг” гэж нэрлэсэн байна.

1997-2006 онд эдийн засаг, санхүүгийн хувьд бэхэжсэнээр цаашид өөрийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөх, өндөр хүчин чадалтай орчин үеийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийг худалдан авч нэвтрүүлжээ. 2005 оны 11 дүгээр сард менежментийн гэрээг дүгнэж, “хангалттай” биелүүлсэн үнэлгээгээр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2006 оны 98 дугаар тогтоолыг үндэслэн хувьчлагдаж, Б.Даш-Яндаг ахлагчтай багт Баянзүрх эмнэлгийг өмчлөх эрхийг шилжүүлж, “Баянзүрх эмнэлэг” ХХК гэсэн нэр оноож, нийслэлийн Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт компанийг байгуулж, 724.0 сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

23 жилийн өмнө Баянзүрх дүүрэг 110 мянган хүн амтай, Нэгдсэн эмнэлэг нь 225 ортой дүүргийн иргэддээ тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарч байсан биз.

Нөхцөл байдал өөрөөр эргэж, нийслэл рүү чиглэсэн их нүүдэл жил ирэх тусам хүрээгээ тэлж, төрөлт нэмэгдсээр Баянзүрх дүүрэг өдгөө 370 мянга орчим иргэнтэй болов. Эмнэлэг ч боломжийнхоо хэрээр орныхоо тоог нэмж, өнөөдөр 358 ортойгоор тусламж үзүүлдэг. Одоо  эмнэлгийн дээвэр дор нэг ч ор нэмэх зай талбай үлдээгүй ажээ. 100 мянга гаруй иргэнийхээ эрүүл мэндийн тусламжийг хувийн хэвшилд хариуцуулсан харалган шийдвэр анх ингэж гарсан түүхтэй. Төрийн ачааг өөртөө үүрэхээр зориглосон эзэд одоо юу бодож байдаг бол?

БАЯНЗҮРХ ЭМНЭЛЭГ ЯАГААД ХАЛДВАРЫН ХАМГИЙН ТОМ ГОЛОМТ БОЛОВ?

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “Баянзүрх эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм алдагдсан, эмч мэргэжилтнүүдийн хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт муу байснаас халдвар алдагдсан гэж үзсэн учир шалгуулах хүсэлтээ хууль хяналтын байгууллагад гаргасан. Хүсэлтийн дагуу эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлсэн. Түүний хэлсэнчлэн тус эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдээс байцаалт авч, хууль хяналтынхан ажиллаж буй аж.

Баянзүрх эмнэлэгт коронавирусийн халдвар тархах нөхцөл шалтгаан юу байв? гэсэн ганц асуултад “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хүүхдийн эмч Ө.Туулаас хариулт авахыг хүссэн боловч хариу өгөөгүй юм. Энэ эмч хүнийг буруутгаж яллах гэсэнгүй, бодит байдлыг өөрөөс нь сонсох гэсэн хэрэг.

Халдвар хамгааллын дэглэм алдагдсаныг эмнэлгээр үйлчлүүлэгчдээс гадна эмнэлгийн ажилтнууд ч гэрчилж байна. Эмнэлгийн хаалгаар ороход өвчтөний халууныг үзэх, спиртэн суурьт ариутгалын бодистой ажилтан гаднаас ирэх үйлчлүүлэгчийг угтдаг дүр зураг манай эмнэлгүүдэд танил болоод удлаа. Наад захын энэ шаардлага, дүрэм журмыг “Баянзүрх эмнэлэг” баримтлаагүй. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хувцас хэрэглэл хангалтгүй байсан нь бодит үнэн.

Хоёр тасгийг нэгтгэж, 70-аад эмч, мэргэжилтнийг нэг урсгалд оруулсан эмнэлгийн ТУЗ-ийн дарга Д.Ганхуягийн гарын үсэгтэй мэргэжлийн бус шийдвэрээс болж, 20 гаруй эмч, мэргэжилтэн, тэдний ар гэрийнхэн нийт 60 гаруй хүн дотроосоо халдвар авсныг эмч, ажилтнууд хэлж байна.

Үүнээс илүү ноцтой шийдвэрийг эмнэлгийн Төлөөлөл удирдах зөвлөлөөс гаргажээ. Тус эмнэлгийн Нөхөн сэргээх эмчилгээний тасгийг Дотрын тасагтай нэгтгэж, нөхөн сэргээх тусламж авах 40 гаруй иргэнд өвчний түүх нээж, эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр гадуур эмчилгээ эхэлжээ.

ТУЗ-ийн энэ шийдвэр есдүгээр сарын сүүлчээр гарсан байна. Халдварт эхлээд тус эмнэлгийн Нөхөн сэргээх тасгийн эмч, сувилагч өртсөн бөгөөд тэд өдрийн эмчилгээ хийлгэхээр гаднаас ирсэн үйлчлүүлэгчээс халдвар авснаар гинжин хэлхээ эхэлжээ.

Хоёр тасгийг нэгтгэж, 70-аад эмч, мэргэжилтнийг нэг урсгалд оруулсан эмнэлгийн ТУЗ-ийн дарга Д.Ганхуягийн гарын үсэгтэй мэргэжлийн бус шийдвэрээс болж, 20 гаруй эмч, мэргэжилтэн, тэдний ар гэрийнхэн нийт 60 гаруй хүн дотроосоо халдвар авсныг эмч, ажилтнууд хэлж байна. Халдвар эмнэлгийн ажилтнууд улмаар хэвтэн эмчлүүлэгчид, сахиурууд болон тэдний ар гэрийнхэнд тархаж, Улаанбаатар хотын хэмжээнд 326 хүнийг халдварлуулсан голомтын эх уурхай боллоо.

“Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн хувьцааг таван хүн эзэмшдэг бөгөөд хувь нийлүүлэгчдийн хурлаар долоон хүний бүрэлдэхүүнтэй Төлөөлөл удирдах зөвлөлийг байгуулжээ. Эмнэлгийн үйл ажиллагаа, менежментийг ТУЗ нь хариуцан ажилладаг юм.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ТӨВДӨӨ ОЙР ЭМНЭЛЭГ БАРИХ ГАЗАРГҮЙ БОЛЖЭЭ

Баянзүрх дүүргийн иргэдийн тоо 23 жилийн өмнөхөөс гурав дахин, түүнээс илүүгээр нэмэгдсэн өнөөгийн нөхцөлд ганц хувийн эмнэлэг иргэдийн эрүүл мэндийг хариуцах бодит боломж шавхагджээ. Шавхагдсан нь коронавирусийн халдварыг дотроо алдсанаар тод илэрлээ. Иргэдэд эрүүл мэндийн тусламжийг чанартай үзүүлэхийн тулд дахин эмнэлэг байгуулах зүй ёсны шаардлага тулгарсныг Та анзаарав уу.

Энэ талаар төрөөс анхаарал хандуулж буй эсэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Ц.Алтанзагасаас тодруулахад, Бид Баянзүрх дүүрэгт 200 ортой нэг эмнэлэг байгуулахаар Мөрийн хөтөлбөртөө тусгасан. Нэг эмнэлэгт хангалтгүй, 200 ортой хоёр эмнэлэг хэрэгтэй. 2021 оны төсөвт эмнэлгийн зураг төслийн төсвийг тусгуулсан. Коронавирусийн халдвараас болоод бүтээн байгуулалтын санхүүжилт шийдэгдээгүй учир донор байгууллага хайх тал дээр санаа тавьж ажиллаж байна. Нөгөө талаар иргэдэд ойр эмнэлэг барья гэхэд Баянзүрх дүүрэг төвдөө газаргүй болсон.  Эмнэлэг барихад 0.07 га-гаар тооцвол 40-50 айлын газар чөлөөлөх асуудал гарна. Тэгэхээр санхүүжилт, газрын асуудал тулгамдаж байна гэлээ.

Эмнэлгийн халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас эмч, сувилагчдаасаа эхлээд Улаанбаатар хотын хэмжээний маш том халдарын голомтыг үүсгэсэн Баянзүрх эмнэлгийн алдааг бусад эмнэлэг, албан байгууллагууд давтах вий хэмээн сэрэмжилж, олсон баримт мэдээлэлдээ үндэслэн үүнийг бичив.

 Эх Сурвалж: Gogo.mn


URL: