Ажлаа мэддэггүй сайдын хууль бус амбийц
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ажлаа авсныхаа дараа салбарын Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, МСҮТ-ийг яамныхаа мэдэлд авахаар хөөцөлдөж эхэлсэн нь энэ салбарт ажилладаг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн гайхахад хүргэсэн. Ингэхдээ уг асуудлыг Засгийн газрын тухай хууль, яамдын чиг үүргийг тогтоосон УИХ-ын тогтоолуудыг зөрчин, харьяалах яамдтай нь зөвшилцөж, саналыг нь авалгүйгээр хүч түрэмгийлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн ч учир мэдэх танхимынхан нь дэмжилгүй буцаасан. Эрхэм сайдын дээрх үйлдлийг зөөлнөөр хэлбэл ёс зүйгүй аашилсан, хатуугаар хэлбэл төрийн ажлын зарчмууд болон олон хууль, журам зөрчсөн тул хариуцлага хүлээлгэхүйц үйл ажиллагаа юм.
Бусад яамынхаа харьяалах чиг үүргийн ажилд аль ч сайд дур мэдэн ордоггүй, хэзээд хүндэтгэлтэй хандаж, шаардлагатай бол аливаа салбар дамнасан асуудлыг зөвшилцөж, хамтын шийдвэр гаргадаг төрийн ажлын уламжлал байдаг. Уг нь холбогдох хууль болон Засгийн газрын баталсан үндэсний хөтөлбөр, төслүүдэд яам болгоны чиг үүргийг маш тодорхой заасан байдаг. Жишээ нь, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд Боловсрол, шинжлэх ухааны яам дараах эрхийг эдэлнэ гээд тов тодорхой заажээ. Үүнд: Монгол Улсын хэмжээнд шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн захиргааны бусад байгууллагаас шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, шинжлэх ухаан, технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх зэрэг болно. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн дагуу МСҮТ-тэй холбоотой бүхий л асуудал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны чиг үүрэгт харьяалагддаг.
З.Мэндсайхан сайдад хуулиар чиг үүргийг нь олгосон мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр гээд томоохон салбарууддаа хийж хэрэгжүүлэх, шийдвэрлэх олон чухал асуудал байсаар атал хууль зөрчин байж бусад салбарын байгууллага, ажлыг булаахаар улайран зүтгэж байгаа нь хачирхалтай. Өмнөх аль ч Засгийн газрын үед ХАА-н салбарын төрийн захиргааны болон сургалт, судалгаа, бизнесийн байгууллагууд хуулийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай бөгөөд хэрвээ эдгээр салбарт бүтцийн өөрчлөлт, тогтолцооны шинэчлэл хийх гэж байгаа бол эхлээд холбогдох хууль журмуудад нь өөрчлөлт оруулах ёстойг эрхэм сайд ядаж ойлгож байгаа байлгүй.
З.Мэндсайхан танхимаар ажиллах зарчмаа умартав уу
Засгийн газраар хэлэлцүүлсэн асуудал нь бүтэхгүй болмогц сайд З.Мэндсайхан аргаа өөрчилж, УИХ-ын БОХХАА-н байнгын хороогоор оруулан хэлэлцүүлсэн боловч мөн л Засгийн газар дэмжээгүй, зөвшөөрөлгүй асуудал хэмээн буцаав. Гэвч цагаандаа гарсан хүн гэж түүнийг л хэлдэг бололтой. Уг асуудлаа 2020 оны 12-р сарын 16-ны өдөр өнөөх байнгын хороогоор дахин оруулж хэлэлцүүллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, уг асуудал өмнө нь Засгийн газрын хурлаар ороод унасан. Байнгын хороогоор хэлэлцээд дэмжихгүй гэсэн тогтоол гарчихсан байхад дахин танилцуулахгүйгээр дэг зөрчин оруулж ирж байгааг байнгын хорооны дарга Х.Болорчулуунаас асууж, хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасуулах санал гаргажээ. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг уг асуудлыг Засгийн газраас оруулж байгаа бол Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх зарчмын асуудал тул Улсын Их Хурлын байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй гэсэн зарчмын байр суурь хэлж байв.
Ингэж уг асуудлаар Улсын Их Хурлын зарим гишүүн эсрэг байр сууриа удаа дараа илэрхийлсээр байтал сайд З.Мэндсайхан зүтгүүлсээр байгаад байнгын хорооны шийдвэр гаргуулж, асуудлыг нь буцаасан Ерөнхий сайдад үүрэг чиглэл өгүүлж дөнгөсөн юм. Үүнийг юу гэж ойлгох вэ. Танхимын сайд нартайгаа учраа олж чаддаггүй, тэдний ажлыг хууль бусаар булааж авахыг оролддог, УИХ-ын байнгын хорооны даргаар шийдвэр гаргуулж, асуудлыг нь буцаасан Ерөнхий сайдыгаа шахаанд оруулдаг сайд гэж ойлгогдох болов.
УИХ-д ташаа мэдээлэл өгчээ
“… Би бүх хүрээлэнгийн удирдлагатай уулзахад тэд салбарын яамандаа харьяалагдахад татгалзах зүйлгүй гэсэн…” хэмээн сайд З.Мэндсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд энэ асуудлыг хэлэлцэх үеэр ярьсан байдаг. Тэрбээр хүрээлэнгийн захирлуудыг зөвхөн нэг удаа дуудаж уулзсан бөгөөд энэ үеэр хүрээлэнгүүдийг ХХААХҮЯ-ны харьяанд авах тухай асуудал хөндөгдөөгүй. Харин эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх талаар ярилцсан юм билээ. Энэ талаар сайд 2020 оны есдүгээр сарын 22-нд өөрийн фейсбүүк хуудсандаа “Эрдэмтэн, судлаачдаа дэмжиж ажиллана” гарчигтайгаар дараах мэдээг тавьсан байдаг. “Төрийн бодлого шийдвэр, судалгаанд суурилдаг байх учиртай. Энэ чиглэлийг орхигдуулахгүйгээр дэмжиж ажиллах нь чухал. Тиймээс өнөөдөр Судалгаа, хөгжлийн төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзав. Энэ удаагийн уулзалтаар эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон тэнд ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын өмнө тулгарч байгаа асуудлаар санал солилцож, ажлын хэсэг байгуулан, цаашид идэвхтэй хамтран ажиллахаар боллоо” гэжээ. Огт яриагүй зүйлээ ярилцсан зөвшөөрсөн мэтээр УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд удаа дараа мэдээлж, УИХ-ын гишүүдийг төөрөгдүүлж байгаа нь Төрийн сайдын зүгээс гаргаж болшгүй ёс зүйн алдаатай үйлдэл гэж үзэх үндэстэй.
Ер нь нэг яамны сайд нөгөө яамныхаа харьяа байгууллагуудын удирдлагыг дуудаж ирүүлээд ийм юм ярьж суух ямар ч боломжгүй юм. Учир нь, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу хүрээлэнгүүд нь БШУЯ буюу төрийн өмчит ХААИС-д харьяалагдаж байгаа бөгөөд захирлууд өөрсдийн дээд удирдлагатай зөвшилцөхгүйгээр өөрийн эрх мэдлээс давсан асуудалд аливаа хариулт өгөх боломжгүй юм.
Энэхүү уулзалтын дараа захирлууд хамт олныхоо байр суурийг илэрхийлсэн албан бичгийг харьяалах яам, холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн. Эцэст нь, эрхэм сайдад сануулахад, УИХ-д ташаа мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэдэг хууль батласан билээ. Тухайлбал, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 37.9-д “Чуулганы хуралдаанд…санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэн тухайн этгээдэд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн бол Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13.15-д “Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй” хэмээн хуульчилсан байдаг.
URL: