Л.Мөнхтүшиг: АНУ-ын захиалгат нислэгт монгол 5 иргэн багтаж ирсэн

16100129765ff6d93011d2f

БНСУ-аас өчигдөр ирсэн карго нислэгээр өндөр албан тушаалтнууд нууцаар ирсэн гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Өнөрболор нар нууцаар ирсэн гэх мэдээлэл цацагдсан юм.  Харин энэ асуудалд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр ирсэн онгоц карго нислэг байгаагүй. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам өнгөрсөн хугацаанд томилолтын хугацаа нь дууссан дипломат ажилтнуудаа буцаах, тэдний оронд томилогдож шинээр ирж байгаа дипломат ажилтнуудаа авах хүсэлтээ ГХЯ-нд хүргүүлээд байсан. Дотоодод үүссэн халдварын нөхцөл байдлаас болж энэ асуудлыг хойшлуулаад байсан. Ингээд АНУ-ын Засгийн газар өөрийн дипломатуудаа тээвэрлэх асуудалд монгол иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа УОК-ын ажилд хүндэтгэлтэй хандаж, иргэдийн тусгаарлах байранд нөлөөлөхгүй, монгол иргэдийг авч ирэх онгоцонд суудалд авалгүй МИАТ компанийн ажлыг дэмжиж, онгоц хөлсөлсөн ийм нислэг байсан гэдгийг онцолж хэлмээр байна.

Энэ нислэгээр АНУ-ын Элчин сайдын яамны 30, НҮБ-ын 3, мөн Монгол 5 иргэн ирсэн. Хоёр иргэн нь арванхоёрдугаар сарын 25-нд Сөүл рүү нэвтрэх, нөгөөх нь АНУ руу зорчихоор төлөвлөж байсан зорчигч байсан. Харамсалтай нь тодорхой зөрчлийн улмаас тухайн улсууд хилээрээ нэвтрүүлээгүй, БНСУ-ын Инчеоны нисэх буудалд БНСУ руу нэвтэрч чадахгүй, Монгол руу ирэх нислэг байхгүй тус улсын нисэх буудалд 10 гаруй хоног гацсан байсан. Мөн нэг хүнд өвчний улмаас БНСУ руу эмчлүүлэхээр явсан хүнийг хүргэж өгсөн, ажлын зайлшгүй шаардлагаар явсан хүн байна.

Хоёр нь хүний асуудал олон нийтэд их явж байна. Энэ нь ар гэр нь эрүүл мэндийн маш хүнд нөхцөлд байгаа хүний сахиураар явсан хүн байна. Ингээд 5 монгол иргэнийг гадаад улсын захиалгат нислэгээр авч ирсэн гэдгийг зөв ойлгоорой” гэлээ.


URL: