Хот орчмын хулгайн замуудыг хаажээ
Хөл хорионы дэглэм зөрчиж, хулгайн замаар хот хооронд зорчсон тохиолдол өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарсан. Түүнчлэн дэглэм зөрчсөн иргэдээс коронавирусын халдвар илэрсэн тохиолдлууд ч хэд хэд бүртгэгдсэн билээ. Тухайлбал, өнгөрсөн сарын эхээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Согоотын даваа гэх газарт Соната-8 тээврийн хэрэгслийн жолооч 4 зорчигчийн хамтаар хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэмийг зөрчсөн, тэдэнд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцсон. Мөн хулгайн замаар Хэнтий аймаг орсон хоёр иргэнээс халдвар илэрч байсан. Бас нэг жишээ дурьдахад, PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг нэмэлт үнээр хот хооронд хулгайн замаар тээвэрлэсэн хоёр иргэнд зөрчлийн хуулиар хариуцлага тооцсон гэх мэт хэрэг зөрчлүүд гарч байсан юм. Хамгийн сүүлд гэхэд, цахим орчинд зар байршуулан Улаанбаатар-Өмнөговь аймгийн Цагаан хад хооронд коронавирусын шинжилгээ өгөөгүй иргэдийг 1 хүний 250 000-300 000 төгрөгөөр зөөж байгаа тухай мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад хулгайн замаар явдаг болох нь тогтоогдсон байна. Одоогоор тухайн замаар хүн тээвэр хийсэн 17 тээврийн хэрэгсэл, 18 жолооч, 31 зорчигчийг илрүүлэн харьяаллын цагдаагийн газрууд нь зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас хот орчмын батлагдаагүй шороон замууд, гарц, гармуудыг бүрэн хааж, 24 цагийн туршид хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн “Хулгайн зам” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хулгайн тээвэр явдаг зам маршрутыг тогтоон гэнэтийн хяналт шалгалт хийж байна. Хэрэв батлагдаагүй замаар хязгаарлалтын дэглэм зөрчиж хот хооронд зорчвол хүлээлгэх хариуцлага нь хүнийг 500000 төгрөгөөр торгоно, эсхүл 7-30 хоног баривчилна.
Тиймээс эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна!
URL: