Л.Оюун-Эрдэнэ: Ж.Эрдэнэбатыг шүүсэн процесс нь ардчиллын дархлаанд түүхэн толбо болж үлдэх эрсдэлтэй
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьж, ял оноосон асуудал нь хүний эрх зөрчсөн, тэр дундаа Ж.Эрдэнэбат гэх хувь хүний гурван эрхийг зөрчсөн байна гэж ОУПХ үзсэн. Үүнтэй холбогдуулж манай улсад хэрэг нээж, ажлын хэсэг ирж шалгалт явуулахаар болоод буй. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-ОУПХ саяхан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорьсон асуудалд манай улсад хэрэг нээж байна гэдгээ мэдэгдсэн. Үүн дээр та хувь гишүүний хувьд ямар байр, суурьтай байна вэ. Мөн дээрээс нь МАН-ын бүлэг яг ямар байр, суурьтай байгаа бол?
-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа хууль зөрчсөн эсэх бол тусдаа асуудал. Бүрэн эрхтэй парламентын гишүүнийг халдашгүй байдлын байнгын хороогоор оруулахгүйгээр, УЕП-оос санал орж ирээгүй байхад шууд хорьсон анхны тохиолдол. Тэгэхээр бид энэ дээр их нухацтай, ялгаж салгаж ойлгохгүй бол цаашдаа ардчиллын дархлаанд томоохон хэмжээний түүхэн толбо болж үлдэх эрсдэлтэй гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, нэр дэвшээд явж байхад бүх нэр дэвшигчдэд халдашгүй байдал үүсдэг. Үүнийг зөрчсөн хоёр дахь асуудал үүсч байгаа учраас ОУПХ хэрэг үүсгээд явж байгаа. Тэгэхээр үүнийг бид маш хариуцлагатай хандаж мухарлах ёстой. Анх удаа энэ процедуруудыг алгасаж, шүүх парламентын гишүүний халдашгүй байдалд, нэр дэвшигчийн халдашгүй байдалд халдсан анхны тохиолдол болж байгаа. Энэ агуулгаараа ерөнхийдөө парламентын гишүүний халдашгүй байдалтай холбоотой Монгол Улсын түүхэнд болж буй анх удаагийн тохиолдол гэж ойлгож болно.
-ОУПХ-оос гаргасан шийдвэр Монгол Улсад ямар нөлөө үзүүлэх бол?
-Яг наад асуудлыг чинь бид нухацтай бодохгүй бол цаашдаа Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдэг асуудал үүсэхээр байна. Хоёрдугаарт, хамгийн хэцүү нь улс төрийн захиалгаар хүн хэлмэгдүүлсэн үү гэх асуудал. Нэг үгээр хэлбэл хэн нэгэн улс төрд нөлөө бүхий этгээд шүүхэд нөлөөлж, энэ асуудалд хөндлөнгөөс оролцсон уу, үгүй юу. Энэ байдал тогтоогдвол захиалсан субьект дээр асуудал үүснэ. Ер нь бол Монгол Улс ардчилсан улс, ардчилсан улсад хэн нэгэн хүн хэлмэгдэх ёсгүй. Тэрнээс биш хэн нэгэн хүний тухай ч юм уу эсвэл хэн нэгэн хүн сонгуульд оролцож байсантай холбоогүй. Монгол улсад 30 жилийн хугацаанд мөрдөгдөөд явж байсан эрх зүйн хэм хэмжээ цаашид зөрчигдсөөр байх уу, аль эсвэл бид үүнийг засаад явах уу гэдэг ийм л салаа замын уулзвар дээр байгаа гэдэг утгаараа энэ бол олон улсын асуудал болчихоод байгаа юм.
-Европын холбоо саяхан нэг шинэ журам гаргасан. Хүний эрхийг зөрчиж буй улс орнууд болон тэдгээрийн албан тушаалтнуудад хориг тавих. Энэ журам манай улсад нөлөөлөх үү. Хэрэв хүний эрх зөрчигдсөн гэж үзвэл шүү дээ?
-Нөлөөлнө. Яагаад гэхээр бидний хувьд олон улсын хэм хэмжээ, парламентын холбооны гишүүн улс. Хамгийн гол нь энэ олон улсад нөлөөлөхөөс гадна цаашдаа энэ хэн дээр ч нөлөөлж болох зүйл. Тиймээс бид хувь хүнд биш, хуульд тохируулж, хууль засагладаг гэж бидний яриад байгаа асуудал маань өөрөө энэ. Хэрвээ хуулийн процедурын дагуу бус, алдаа гарсан гэж үзвэл үүнийг бид нягтлаад, цаашаагаа ийм байдлаар хууль зөрчигдөхгүй байх асуудлыг бид хамтдаа хамгаалж авч явах ёстой.
-Зарим гишүүн одоо хууль хүчний байгууллагын л ажил үлдээд байна, парламент юу ч хийж чадахгүй гэж үзээд байх шиг байна. Нэг гишүүнийх нь эрх илт зөрчигдөөд байхад Монголын парламент үнэхээр юу ч хийж чадахгүй байгаа юм уу?
-Парламентын хувьд бол гишүүнийхээ эрх зөрчигдсөн эсэх асуудал дээр дүгнэлт гаргах ёстой. Хэрэв эрх нь зөрчигдсөн бол миний ойлгож байгаагаар процесс дахин эхлэх ёстой. Нэг үгээр хэлбэл тэр хүн тангаргаа өргөх ёстой, тэгээд гэм буруутай бол прокурор асуудлыг оруулж ирэх ёстой. Үүний дараа гишүүд авч хэлэлцэх ёстой. Тэгээд шүүх дээр очих, яг л энэ зарчмаар л явах ёстой.
Тэгэхгүй бол энийг бид хараагүй юм шиг, сонсоогүй мэт өнгөрчихлөө гэж бодъё. Дараа нь дахиад ийм асуудал үүснэ. Миний баримталдаг зарчим бол аливаа нэг зүйл буруу хийгдээд явчихвал цаашдаа буруу л болдог гэж үздэг.
Би бас хэд хэдэн жишээг ажиглаж байна л даа. Анх Н.Төмөрхүү, С.Чинзориг гэдэг хоёр хүн ард түмнээс олонхийн санал авчихсан байхад олонхийн санал аваагүй өөр хоёр хүнийг тухайн үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн нөлөөлөөд парламентын гишүүн болгож байсан. Дэлхийд анх удаа гарсан кэйс шүү дээ. Хан-Уул дүүргийн шүүх дээр ийм шийдвэр гаргаж байлуу даа. Тухайн үед нийгэм шүүмжлэлтэй хандаж байсан ч тэгсхийгээд өнгөрөөснөөс болж өнөөдөр дахиад ийм асуудал үүсч байна гэсэн үг. Бас улс төрийн намын тухай хуульд “намын билгэдэл, нэршил болон бусад зүйлийг хэрэглэхийг хориглоно” гэдэг заалтыг шүүх зөрчиж тухайн үед МАН-аас МАХН-ыг салгаж бүртгэсэн. Энэ бол мөн л илт хууль зөрчсөн асуудал. Бид мөн л мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөсөн. Улс төрийн энэ савалгаанаас болж тухайн үедээ 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг эрчимтэй уруудаж, Н.Алтанхуягийн Засгийн газар унах нөхцөл бүрдсэн. Зсгийн газар унаснаар Эрдэнэтийн 49, Оюутолгой, Дубайн гэрээ гээд Монгол Улсад халтай олон асуудал ар араасаа үүссэн.
Хүмүүс ерөөсөө холбож ойлгодоггүй. Нэг зүйлийг тоохгүй өнгөрвөл дараа дараачдаа заавал ийм урхаг дагуулдаг. Тэгэхээр өнөөдөр Ж.Эрдэнэбат гишүүнтэй холбоотой асуудлыг хараагүй, сонсоогүй юм шиг өнгөрвөл, дараа нь цаашаа хөгжөөд жишээлбэл нэг өдөр магадгүй цөөнх дээр 4-5 хүн дээр ийм асуудал үүсгэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ олон зүйл дээр бид зөвхөн хуулийн хүрээнд ажиллахаас өөр гарц үгүй.
Хувь хүн биш, хууль засагладаг эрх зүйт төр гэж яриад байгаа маань ерөөсөө л энэ. Нэг үгээр хэлбэл хэн ч хуулиас дээгүүр өөрийнхөө эрх мэдлийг тавьж болохгүй. Хэн ч өөрийнхөө улс төрийн зорилгод хүрэхийн тулд хуулиас дээгүүр үйлдэл хийж болохгүй.
Тиймээс энэ бол зөвхөн Монголын парламентын биш, энэ бол олон улсын парламентын түвшний асуудал болчихоод явж байгаа. Шүүгч нар өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Энэ хэм хэмжээг яаж зөрчсөн бэ. Энэ хэм хэмжээ Монгол Улсын өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжинд нийцэж байна уу, үгүй юу. Их хурлын гишүүн ч бай, Монгол Улсын Ерөнхийлөгч ч бай, Ерөнхий сайд ч бай, тангараг өргөсөн шүүгч ч бай хэн ч хуулиас дээгүүр гишгэх эрх мэдэлгүй. Иймд бид энэ гажуудлыг зогсоох ёстой гэж хэлж байгаа юм.
Т.Сайхан
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
URL: