Шинжээчид 2021 оны гол эрсдэлүүдийг жагсаажээ
МОСКВА. /Риа Новости/. “Eurasia Group” зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани дэлхий дахинаа 2021 онд учрах гол эрсдэлүүдийг жагсаажээ.
Жагсаалтын нэгдүгээрт “хуваагдсан” Америкийг нэрлэжээ. Тодруулбал, америкчуудын тал орчим хувь нь шинэ ерөнхийлөгчөө хууль бус гэж үзэх үе ирнэ гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан нь Америк хэр их хагаралтай байдгийг тод харуулсан онцгой тохиолдол юм хэмээн компани цохон тэмдэглэжээ.
Цар тахлын байдал сунжрах төлөвтэй байгаа нь эрсдэлийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Цар тахал үргэлжилсээр буй нь хүмүүсийн амьдралд төдийгүй улс төрийн тогтвортой байдал, дэлхийн эдийн засагт аюул учруулна гэдгийг онцлов. Вакцин хуваарилалт баян, ядуугийн ялгааг томруулснаар улс орнуудад эмх замбараагүй байдал үүсэхэд хүрэх аж.
Гуравдугаарт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлыг мэргэжилтнүүд оруулж, энэ чиглэлд өрнүүлж буй олон улсын хамтын ажиллагаа өрсөлдөөн болж хувирна гэдгийг цохон тэмдэглэв.
Түүнчлэн Хятад, Америкийн харилцаанд хурцадмал байдал нэмэгдэх, нууц мэдээллүүдийг бусад улс оронд дамжуулахад үүсэх саад бэрхшээл, кибер орон зайд мөргөлдөөн үүссэнээр урьд өмнө нь гарч байгаагүй технологийн болоод геополитикийн эрсдэлүүд бий болох зэргийг гол эрсдэлүүдэд багтаажээ. Цаашлаад Туркийн эдийн засагт үүсэх асуудлууд, газрын тосны үнэ буурсны улмаас Ойрхи Дорнодын улс орнуудын эдийн засгийн эрч сулрах явдал, Германы канцлер Ангела Меркель албан тушаалаасаа буух, сонгууль, цар тахлын улмаас Латин Америкийн орнуудад үүсэх нийгэм, эдийн засгийн хямралуудыг нэрлэсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: