“Ачтан Элит Клиник” эмнэлгийн 9 эмч, ажилтнаас халдвар илэрчээ
“Ачтан Элит Клиник” эмнэлэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Ачтан эмнэлэг энэ сарын 4-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд энэ сарын 3-наас эмч, ажилтнуудаасаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж үзсэн байна. Ингээд түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан эмч, ажилтнуудаа PCR шинжилгээнд хамруулжээ. Одоогийн байдлаар 9 хүний шинжилгээ эерэг гарсан гэх мэдээлэл байна. Тандалт судалгаа хийж байна.
Тус эмнэлэг нь нийт 134 эмч, ажилтантай. Арванхоёрдугаар сарын 28 хүртэл дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан. Арванхоёрдугаар сарын 18-наас амбулоториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, асуумжаар судалгаа тандалт хийж байсан.
Хэвтэн эмчлүүлж байгаа иргэддээ түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ хийж байжээ.
Хамгийн сүүлд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгч нь арванхоёрдугаар сарын 24-нд хэвтэж, арванхоёрдугаар сарын 28-нд сүүлийн 4 хүнийг эмнэлгээс гаргасан байна. Арванхоёрдугаар сарын 29, 30-нд бүх нийтийн цэвэрлэгээгээ хийгээд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээ амраасан гэсэн мэдээллийг өгч байна.
Тиймээс арванхоёрдугаар сарын 15-наас хойш Ачтан эмнэлэг болон тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна. Амны хаалтаа зүүгээд зайгаа бариад шинжилгээнд хамрагдах нь чухал байна” гэлээ.
URL: