Сэлэнгэ аймгийн малчин өрхөд сэжигтэй хоёр тохиолдол илэрчээ

Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн малчин гэр бүлийн хоёр иргэнээс өнөөдөр сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл ирлээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, нөхөр нь Улаанбаатар хотын 22-ын товчоогоор мах зөөдөг байсан гэх бөгөөд ингэж явах үедээ халдвар авсан байх магадлалтай юм байна. Өнөөдөр эхнэр нь сумын төвд ажлаар очиж эмнэлэгт хэвтсэн охиноо эргэж, мөн нутгийн удирдлагын ордон, банк гэх мэт хэд хэдэн газраар явжээ. Тэд гурван удаагийн түргэвчилсэн шинжилгээ өгөхөд гурвууланд нь эерэг хариу гарсан тул PCR шинжилгээ авч аймаг руу явуулаад байгаа юм байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос одоо шуурхай арга хэмжээ авч тус сумын банк, захиргаа, эмнэлгийг ажилчидтай нь тусгаарлалтад авсан гэнэ. Харин дээрх хоёр иргэнийг Сайхан сумын Хөтөл хотод тусгаарласан гэх мэдээ байна.


URL: