Азийн элсний спортын VI наадам хоёр дахь удаагаа хойшлов
“Санья-2020” Азийн элсний спортын VI наадам хоёр дахь удаагаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Энэхүү наадам 2020 оны 11 дүгээр сарын сүүлч, 12 дугаар сарын эхээр БНХАУ-ын хамгийн өмнөд нутагт зохион байгуулагдах байсан ч “COVID-19” цар тахлын улмаас Азийн олимпын зөвлөл хуралдаж, тус наадмын товыг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-10-нд болгосон юм. Харин Азийн олимпын зөвлөл, Хятадын үндэсний олимпын хороотой шинэ оны өмнө зөвшилцөж дахин тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Санья хот нь БНХАУ-ын аялал жуулчлалын бүс Хайнань арлын өмнө хэсэгт оршдог. Энэ удаагийн Азийн элсний спортын наадамд 40 орны 2000 орчим тамирчид спортын 19 төрлөөр өрсөлдөх бөгөөд усан сэлэлт-марафон, элсний хөл бөмбөг, элсний волейбол, сагсан бөмбөг, элсний бөх, самбо , жиү жицү , кураш, мутай бокс, үндэсний бие хамгаалах урлаг, элсний петанк, модон бөмбөг, хөнгөн атлетик, бодибилдинг гэсэн төрлүүд багтжээ.
Ташрамд сонирхуулахад, Азийн элсний спортын IV наадамд Монгол Улсаас оролцсон эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчдийн баг дөрөвдүгээр байр эзэлж байсан юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: