Luxurios: Шилний нийлүүлэлт тасарсан тул хуучин шил ашигласан

135778966_2386081191537003_231604724551306604_n_s

Үндэсний үйлдвэрлэгч Luxurious-Sparkling-Wine компани хуурамч оргилуун дарс худалдан борлуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тус компанийг ШӨХТГ-аас шалгаж эхэлжээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ”Хуурамч гэх оргилуун дарсны асуудлаар тус компанийн удирдлагуудтай уулзаж тайлбар авч байна. Тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан. Харин шампанскийн хувьд хуурамч бус бусадтайгаа ижил гэдгийг мэдэгдэж байна. Тиймээс шампанск (Советское, Luxurious нэртэй 2 шампанск)-ийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын лабораторид хандсан. Удахгүй компанийн албан ёсны тайлбарыг хүргэх болно” гэв.

Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрт зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна. Тодруулбал, “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, ягаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээллийн дагуу нэгдүгээр сарын 2-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан хяналт шалгалт хийжээ.

Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” /цагаан/ нэрийн 12879ш оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн. Эдгээрээс 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээллийг өгсөн. Энэ хугацаанд НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан Миний дэлгүүр сүлжээний 3 салбар, Номин, Баянзүрх зах, Амгалан зах, Генерал төв, Сарнайх ХХК, Хайлааст зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг худалдааны газруудаас яаралтайгаар буцаан авалт хийжээ.
Харин тус компанийн зүгээс:
2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” болон “Тансаг” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутган цэвэрлэж “LUXURIOUS” оргилуун дарсыг савлаж, худалдаалсан зөрчлөө ухамсарлан үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа бид гүнээ харамсаж уучлалт хүсэж байна.
Удирдлагын багийн зүгээс дотоод хяналт шалгалт хийлгүй хариуцлага алдаж, 2020 оны 12-р сарын 11нд үйлдвэрлэлд хэрэглэсэн хуучин шилэн лонхны лазераар шивэгдсэн он сарыг сайтар арилгалгүй давхар шошготой бүтээгдэхүүнийг хэрэглэгч, харилцагчдадаа нийлүүлсэндээ дахин дахин УУЧЛАЛ хүсэж байна.
Дээрх гарсан асуудалтай холбогдуулан бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлэх аливаа шийдвэр, арга хэмжээг даган мөрдөх болно.
Мөн 2020 оны 12 сарын 11,12-ны өдрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч, харилцагч бүрийн гомдлыг бид барагдуулах болно хэмээн мэдэгдлээ.
134964643_394820151614314_3596608048813236184_n

URL:

Tags: