АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд санал болгож, томилно
УИХ-ын 2020 оны отгон чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Ингэснээр АТГ-ын дэд даргыг Ерөнхий сайд санал болгож, УИХ хэлэлцэн томилохоор боллоо.
Төрийн албаны тухай хуулиар, УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилохоор заасан байна. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх явцад төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг “21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно”, “21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн уг хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг тус тус дэмжсэн юм.
Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг тус тус баталлаа.
Парламент цахим тогтолцоонд бүрэн шилжжээ
УИХ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Татварын алдангиас чөлөөлөх тухай хууль, НДШ-ийн төлбөр, алдангиас чөлөөлөх тухай хууль зэрэг цаг үеийн хуулиудыг цахимаар хуралдан баталлаа. Үүнээс гадна олон нийтийн санал, хүсэлтэд нийцүүлэн хууль боловсруулах Lawforum.parliament.mn, Lawmaker.parliament.mn цахим системийг нэвтрүүлжээ. Тус цахим системд энгийн иргэд, эрдэмтэн судлаачид болон тухайн хуулийн төсөлтэй холбоотой салбарын мэргэжилтнүүд шууд холбогдож, санал бодлоо илэрхийлэх боломжтой. Энэхүү цахим тогтолцоо нь парламентын үйл ажиллагааг нээлттэй, ардчилсан байх зарчимд нийцүүлэхээс гадна хууль тогтоох, хэрэгжүүлэхэд томоохон дэвшил авчирна гэж үзжээ.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: