Өвөрмонголчууд Улаанбаатарын амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүллээ
Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямрал айл өрх, аж ахуй нэгжүүдэд хүнд сорилт болж байна. Тэр тусмаа өдөр тутмын багахан орлогоороо амьдардаг айл өрхүүд хоолгүй хоноход тулсныг хэвлэлээр мэдээлсээр буй.
Тэгвэл тэдгээр айл өрхүүдэд туслах зорилгоор Мөнхөө эмч багшийн “Эрүүл амьдрах арга ухаан” хичээл сургалтыг Монгол Улсад эрхлэн явуулдаг “Сайн энергийн төв” ТББ -аас санаачлан Өвөр Монголын “Сайн энерги” компани, Өвөр Монголын бүх сайн энергичдэд хандан Улаанбаатар хотын амьжиргааны түвшин доор ард иргэдэд хүнсний тусламж хүргэх сайн үйлсийн хандивын аяныг зохион байгуулж байна.
Мөнхөө эмч багш нь “Эрүүл амьдрах арга ухаан” эрүүл мэндийн цогц хичээлийг зохион байгуулдаг бөгөөд 2014 оноос хойш Монгол Улсад эрүүл мэндийн сургалт, бясалгалын хичээлийг тогтмол явуулдаг.
Өвөр Монгол даяар эрүүл мэндийн их багш хэмээн алдаршсан Мөнхөө эмч багш иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийсэн олон жилийн ажил хөдөлмөрөөрөө 2019 онд Хятадын 1,3 тэрбум хүнээс оны шилдэг 10 хүний нэгээр шалгарч, улс даяар танигджээ.
Энэхүү аяны хүрээнд богино хугацаанд 206 мянган юань буюу 90 сая төгрөгийн ийн хандивыг цуглуулжээ. Энэ мөнгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авч МУЗН-ээр дамжуулан Улаанбаатар хотын бүх 9 дүүргийн бүх хороонд хүнсний тусламж нэн шаардлагатай айл өрхүүдэд хүргэж байна.
Нэг дүүргийн 300-гаад өрхөд, нэг хороонд 15 айлд хүнсний багц /нэг айлд-гурил 10кг, будаа 5кг, тос 2л / хүргэхээр тооцоолж нийтдээ 25 тонн гурил, 12.5 тонн будаа, таван тонн ургамлын тосыг нийт 2500 өрхөд шинэ оноос өмнө хүргэхээр төлөвлөж байна.
Ажил бизнесийн зардал хөрөнгийг хасаж, айл гэрийн хэрэглээг хэмнэж, ирээдүйд зориулах хадгаламжаасаа илүүчилж цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан ашиг орлогоосоо ядарч зүдэрсэн хүмүүст өгөөмөр сэтгэлээр харамгүй хуваалцана гэдэг үнэхээр энэрэнгүй сайхан сэтгэл төдийгүй их эр зориг юм аа.
“Сайн энергийн төв” ТББ
URL: